Манай Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч, “BASU” брендийг үүсгэн байгуулагч Намсрайжавын Энхчимэг оролцлоо. Түүний хувьд найман сар тэмцсэний эцэст БГД-т сургууль цэцэрлэг байгуулсан түүхээ болон эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрэх нь ямар дүнтэй талаар ярьсан юм. Тэрбээр, “нийгэмд тэгш эрхийг бүрдүүлэхгүйгээр, нийгмээ засахгүйгээр хүүхдэдээ анхаарах нь учир дутагдалтай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс биологийн хувьд л өөр болохоос биш чадвар, өгөгдлийн хувьд яг л ижил тэнцүү” гэж онцолсон юм.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Намсрайжавын Энхчимэг гэдэг. Айлын дундах охин. Одоогоор нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт амьдардаг. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч юм. Мөн “BASU” брэндийн үүсгэн байгуулагч гэж болно. Боловсролын хувьд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн банк, санхүүгийн ангийг төгссөн. Магистраа Австрали улсын Сидней их сургуулийг олон улсын бизнесийн удирдлагаар сурч дүүргэсэн ийм хүн байна.
-Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч гэж байна шүү дээ. Энэ албан тушаалд суухад тухайн бүс орчмынхоо тулгамдаж буй асуудлыг багцалж хардаг байх?
-Би 20 гартлаа хилийн дээс алхаж үзээгүй байж байгаад шууд Америк явж байсан. Дараа нь гэр бүлээрээ Австралид очсон. Ингэхдээ орчин тойрон, нөхцөл байдал ямар гоё байж болдог юм бэ гэдгийг ойлгосон. Монголд байхад, машин ирж байвал миний хүүхдүүд гялс ханаа налаад зогсоорой гээд заагаад өгчихсөн. Нэг өдөр Австралид бид хэд амралтын өдрөөр гудамжаар алхаж байсан чинь нөгөө талаар машин явж байсан юм. Гэтэл явган хүний зам чөлөөтэй байхад манай хоёр хүүхэд рефлексээрээ очоод хана налаад зогсчихдог байлаа. Өнөөдөр манай хүүхдэд амьсгалах агаар байхгүй, цэвэр орчин байхгүй. Би хүүхдүүдээ хөтлөөд гадуур явахдаа, “хүүе наана чинь шүлс байна, наана чинь бөөлжис байна, наана чинь нус цэр байна миний хүү наашаа” гэсээр гэртээ ордог. Дөрвөн хүүхдээ төрүүлээд өсгөөд явж байхад цэцэрлэг, сургуулийн насан дээр ирэхээр тэр асуудлыг илүү харж эхэлж байгаа юм.
Бид өглөө 06:30-д босоод хүүхдүүдээ бэлдээд 07:15 гэхэд гарахгүй бол замын түгжрээнд ороод л гацна. Гацсаар байгаад 08:30 гэхэд арай гэж цэцэрлэг, сургууль дээр нь очдог. Манай хороололд улсын цэцэрлэг сургууль баригдах нь ээ гэдэг сайхан мэдээг сонсоод маш их баярлаж байсан. Тэгээд хувийн компани сургууль цэцэрлэгийг бариад ямар байсан улсад өгөхөөр болж байна гэж бодож байтал нөгөөх асуудал эсрэгээрээ эргээд нөгөө баригдсан сургууль цэцэрлэг чинь хувьд очих гэж байна гэдэг ийм яриа иргэдийн дунд тарсан.
-Иргэдийн хөдөлгөөн зохион байгуулж сургууль цэцэрдэг байгуулсан тухайгаа яриач?
-Нэг өдөр ажлаа тарж орж ирээд л ер нь би гарын үсэг цуглуулъя гээд л нөхөртэйгөө яриад хэлсэн. Тав дахь өдөр “Номин”-д ороод хүнсээ цуглуулчхаад гарч байхдаа ер нь энд суугаад гарын үсэг цуглуулбал амар юм байна. Номинг түрээсэлдэг ахтай холбоо барьсан. Тэр ах намайг танихгүй шүү дээ. Ах нь чамд ширээ сандал гаргаад өгье гээд, гарын үсэг цуглуулах маягтаа бичиж ирээд ингээд л бүтэн хоёр өдөр суусан. Ингээд суухад 2345 хүний гарын үсгийг цуглуулж чадсан юм. Сургууль, цэцэрлэгийг улсад авах иргэдийн хөдөлгөөн гэж би нэрлэдэг. Энэ иргэдийн хөдөлгөөнийг би таван сартай жирэмсэн эхлүүлээд хүү маань төрөөд хоёр сар гаруйтай байхад иргэддээ жагсаал, цуглаан ингэж хийнэ шүү гээд зараа наагаад явж байхдаа эгчээрээ хүүхдээ харуулаад нөхөртэйгөө зараа тараагаап явдаг байлаа. Ямар ч байсан энэ хугацаанд бүтэн найман сар уйгагүй хөөцөлдсөн.
-Үүний үр дүн юу байв аа?
-2018 оны есдүгээр сарын нэгэнд бид 4000 гаруй хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд хамрагдах боломжийг нээсэн . Ер нь улс төр гэхээр бохир газар гэж боддог байсан яг үнэнээ хэлэхэд тухайн үед хөөцөлдөөд л явж байхад маш олон хүмүүстэй уулзана тэгэхэд чи ер нь улс төрд ор оо гэдэг тийм маш их санал тавьж байсан. Юу гэж тийм бохир зүйл рүү орж байх юм ёстой илүүдээ гарсан цаг байгаадаа ухааны юм бодоод явж байсан л даа. Яг үнэнээ хэлэхэд шийдвэр гаргах төвшинд очоод уулзахаар яалт ч үгүй улс төрөөс л шууд хамааралтай шийдвэрүүд гардаг юм билээ.
-Яагаад улс төрд орсон юм бэ?
-Миний хүсээд байгаа юм юу гэхээр, би хүүхдүүдээ сайхан орчинд амьдруулахыг л хүсэж байна. Надад өөр зорилго алга. Хүүхдүүд маань дураараа тоглодог талбайтай баймаар байна. Гэмтэж бэртэхээргүй орчинтой баймаар байна. Ганцхан өөрийнхөө хүүхдүүдийг бодоод яваад байж болно л доо. Маш амархан. Гэтэл би хүүхдүүдээ хэчнээн сайн өсгөөд гэрээсээ гараад нийгэмд амьдрах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр тэр нийгмийг засахгүйгээр би ганцхан хүүхдэдээ анхаарах нь учир дутагдалтай юм болов уу гэж бодож байгаа. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүний хувьд биологийн хувьд л өөр байгаа болохоос биш чадвар, өгөгдлийн хувьд яг л ижил тэнцүү гэж би хувьдаа хардаг. Заримдаа хүмүүс хүнд үйлдвэрлэл, уул уурхайн салбар зөвхөн эрчүүдийн салбар ч гэдэг юм уу тийм утгаар нь ярихад би нэг их дуртай биш. Нэг хүн ярьж байсан л даа. Танай охин юу хийж байна гэсэн чинь манай охин том болоод их сургуулиа төгсөх гэж байна. Одоо их сургуулиа төгсөөд юу хийнэ дээ гэсэн тэгээд нэг хүний тогооны хүн л болдог байх даа гэдэг юм.
-Тухайн үед юу бодогдож байв аа?
-Тухайн үед надад ерөөсөө тийм юм бодогдож байгаагүй. Эмэгтэй хүн гэхээрээ л хоол, цай ахуйн хүрээний асуудлыг л шийдэх ёстой юм шиг ийм хэвшмэл ойлголт нийтэд бий болчихсон. Эмэгтэй хүн гэхэд урт үстэй, ухаан богинотой гэдэг ч юм уу. Чи одоо зүгээр хүүхдээ хараад гэртээ суувал болж байна шүү дээ. Бусад нь одоо яахав нөхөр чинь зохицуулаг. Энэ нийгмийн нийтлэг хандлагыг халах хэрэгтэй. Эмэгтэйчүүд харин тэгэхийн тулд өөрсдөө оролцох хэрэгтэй. Скандинавын хойгийн орнууд аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэр нь яадаг вэ гэхээр эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд 50-иас дээш хувьтай болчихсон.
-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд оролцох нь ямар үр дүнг бий болгодог вэ?
-Аливаа нэг асуудлыг бид тэнцвэртэй хоёр талаас нь эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр асуудлыг цогцоор нь харж шийдэх юм бол хөгжилд илүү хурдан хүрэх нь гэж үздэг юм билээ. Бас нэг судалгаа хэлэхэд эмэгтэй хүний шийдвэр гаргах төвшинд оролцох оролцоо нэг хувиар өсөхөд эдийн засгийн өсөлт 1,2 хувиар өсдөг ийм судалгааг би саяхан олж харсан. Тэгэхээр эмэгтэйчүүд оролцох юм бол эдийн засдаг өсдөг байх нь. Хоёрдугаарт илүү аз жаргалтай амьдрах бодлогыг эмэгтэйчүүд гаргадаг байх нь. Тэгэхээр эндээс харах юм бол эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргалтад оролцох ёстой. Гэтэл 52 хувийн эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр шийдвэр гаргах төвшинд хэд байгаа вэ гэвэл 10 гаруйхан хувь байгаа. Бид энэ төвшнийг дахин 40 хувиар нэмүүлэх шаардлага байна. Тэгж байж бид сайхан бодлого чиглэлтэй аз жаргалтай амьдрах боломж бүрдэх гээд байна шүү дээ.
-Таны хувьд улс төрд орсноор их үүрэг хариуцлага хүлээх шаардлагатай болж байгаа байх?
-Иргэд надад итгэл өгөөд сонгосон учраас би заавал хийх ёстой. Энэ бол миний үүрэг гэж харж байгаа. Миний хувь хүний хувьд ямарваа нэгэн шалгуурыг даваад, давж гарснаасаа маш их кайф авдаг. Хоёрдугаарт олон хүнд тусалсан мэдрэмж авах маш гоё юм билээ. Үүнийг 2018 онд мэдэрч байсан. Сургуулийнхаа нээлтэд очоод сэтгэл огшоод л. Тэр олон хүүхдийг би мэдэхгүй шүү дээ. Зүгээр ороод харахад хамгийн гоё хувцсаа өмсчихсөн, багшдаа цэцгээ барьчихсан сургууль гэдэг ийм сайхан орчин чинь ийм гоё байдаг юм уу гэсэн төсөөллийг авчихсан аз жаргалыг мэдрээд л тэр миний шагнал болсон.
-Эмэгтэйчүүд улс төрд ороход ямар асуудлууд тулгардаг вэ?
-Улс төрийн намууд эмэгтэйчүүдийг дэвшүүлье гэсэн ч эмэгтэйчүүд өөрсдөө байдаггүй шүү дээ гэдэг ийм шалтаг хэлдэг юм билээ. Энэ хаалтыг бид үгүй хийгээд өөрсдөө оролцмоор байна. Өөрсдөө зориг гаргаад, тодорхой үйлдэл гаргамаар байна. Тэнцвэртэй оролцоо бий болж байж, тэнцвэртэй шийдвэр гарна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцоо одоо хангалттай биш учраас хэт нэг талыг барьсан шийдвэрүүд илүү их гараад байгаа юм. Тэгэхээр эмэгтэйчүүдийгээ оролцоосой, илүү өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугараасай, үйлдэл гаргаасай. Улс төрийн намууд илүү эмэгтэйчүүдэд боломж олгоосой илүү дэмжээсэй, урам зориг өгөөсэй гэж хүсдэг. Шийдвэр төвшинд оролцох гээд дөнгөж эхэлж байхад нь урмыг нь тэтгээд дэмжээд яваасай гэж боддог юм.
-Танд нэмж хэлэх зүйл бий юу?
-Нийт иргэдийн зүгээс ч гэсэн эмэгтэй хүн улс төрд ороод явж байхад эмэгтэй хүн зөвхөн гэр орны асуудалд анхаарах хэрэгтэй гэдэг энэ хэвшмэл ойлголтыг халаасай. Эмэгтэй хүн гэдэг бол глобал буюу дэлхийн төвшинд маш том шийдвэрүүдийг гаргаж чаддаг юм байна гэдгийг сая ковидийн үед бид харлаа. Ковидийн үед эмэгтэй шийдвэр гаргах төвшний удирдагчидтай улсууд ковидийн хүнд нөхцөл байдлыг маш давуу байдалтайгаар туулж өнгөрүүллээ. Энэ бол бидний амьдралд харж болох томоохон бодит жишээ болж байна.