Өнөөдөр дэлхийн сонсгол хамгаалах өдөр тохиож байна. Хүн эргэн тойрон дахь мэдээллийнхээ 30 хувийг сонсголоороо дамжуулан хүлээн авдаг. Тэгвэл сүүлийн үед чихэвчнээс шалтгаалсан сонсгол бууралт ихээр нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна.
Хөгжим тоглуулагч, ухаалаг утас зэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна. Өөрөөр хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн чимээтэй тэнцэж байна гэсэн үг. ДЭМБ-ын судалгаагаар 85 децибел хэмжээгээр, нэг цаг чихэвч ашиглахад сонсголын эрхтэн гэмтдэгийг тогтоосон юм. Чихэвчээр сонсож буй чанга дуу чимээ таны тархинд байрлах олон давхар хамгаалалт бүхий дотор чихэн дэх сормослог эсийг гэмтээж, улмаар сонсгол бууралт, дүлийрэлд хүргэдэг аж.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн ЧХХ-н тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Б.Дэлгэрмаа "Сонсголоо хамгаалах талаар ард иргэдийн дунд ойлголт маш бага байдаг. Сүүлийн үед эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож байгаа асуудал бол чихэвч. Чихэвчийг өдөрт 30 минут эсвэл дээд тал нь нэг цаг хэрэглэхэд тохиромжтой. Хүний сонсголын түвшнийг 0 децибелээс эхлэн хэмжих бөгөөд хамгийн их даралттай дуу чимээг 130 децибел гэж тооцож өвдөлт мэдрэгдэх дээд босго гэж үздэг. Сүүлийн үед автобусан дотор, хичээл дээрээ бүх газруудад дандаа чихэвч зүүсэн хүүхдүүд байдаг болсон. Үүнийг би хараад чих хамар хоолойн эмчийн хувьд ирээдүйд сонсгол бууралттай хүмүүсийн тоог нэмнэ гэж үзэж байгаа.
Сүүлийн үед чих хамар хоолойн талын эмч нар энэ талаар сошиалаар их мэдээлэл өгдөг харамсалтай нь энэ асуудлыг хүмүүс төдийлөн ойшоодоггүй. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ эрүүл мэндийн боловсролын талаар сургадаггүйтэй холбоотой байдаг. Хожим таван жилийн дараа, 10 жилийн дараа сонсголгүй иргэд гарч ирнэ гэдэг талаар ямар ч ойлголт байдаггүй. Шинжлэх ухаан технологи мэдээж хөгжиж байдаг. Тэрийг дагаад уялдаж гарч ирсэн боловч шинжлэх ухаан технологийн хөгжил, хотжилттой холбоотой төрөл бүрийн өвчлөл нэмэгдсэний нэг нь сонсгол бууралт байгаа шүү. Маш удаан хугацаагаар хүний чихний сонсголын эд эсүүдийг үхүүлж 10 жилийн дараа хэзээ ч эргэшгүйгээр сонсгол буурдаг гэдгийг л хүмүүс анхаарах ёстой.