Олон нийтийн эрх ашгийг зөрчиж, нийтийн эдэлбэр бүхий 584 метр квадрат газрыг Камдер ХХК хувьдаа ашиглан, явган хүний зам байх ёстой газар машины зогсоол барьсан. Иргэд тэр хавиар алхах зориулалтын замгүйн улмаас наад зах нь осолд орж, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байна. Бид энэ асуудлаар урд нь НМХГ, Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн стандарт хэмжил зүйн газар зэргээс тайлбар авч байсан боловч тодорхой хариулт хэлдэггүй. Түлхсэн байдалтай байдаг.
Ийнхүү нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар ашиглаж буй уг зөрчлийн хэрэг яагаад шийдэгдэхгүй өдийг хүрсэн талаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазараас тодруулах гэсэн ч түүний хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, дарга яриа өгөхгүй гэв. Ингээд бид жил тойрон үргэлжилсэн асуудлын талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулга авлаа.
-Иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй асуудал жил дамнан байсаар байхад нийслэлээс яагаад ямар нэг арга хэмжээ авахгүй байна вэ?
-Энэхүү явган хүний асуудалтай замыг өнгөрсөн жил шийдэх гэсэн боловч амжаагүй. Ирэх дөрөвдүгээр сард асуудлыг шийдвэрлэх ажиллагаа явагдана. Өнгөрсөн есдүгээр сард шүүхийн шийдвэр гарсан байдаг юм билээ. Үүн дээр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүл гэдэг үүрэг өгсөн. Гэхдээ цаг агаарын нөхцөл бүтээн байгуулалт хийх улирал дууссан учраас хийж чадаагүй. Одоо дулааны улирал ирэхэд тэр ажлыг зохион байгуулаад хийгээд явна гэсэн ийм мэдээллийг өгч байгаа.
-Энэ асуудлаар шүүхдэлцэж прокурорт гомдол гаргасан иргэн, хуульч А.Базарт, НПГ-аас зөрчлийн хэргийг хаасан талаар мэдэгдсэн. Мөн тухайн иргэнийг дахин гомдол гаргах эрхгүй гэсэн байна билээ. Төрийн байгууллагуудаас ийм хандлага гаргаж, хариу өгч байхад нийслэлээс юу хийх ёстой юм бэ?
-Чи прокурорын шийдвэрийг надаас асуудаг нь ямар учиртай юм.
-Энэ асуудал одоо бүр “толгойгүй” болчхоод байна. Бүх байгууллагууд нэгэн рүүгээ түлхдэг?
-Би чамд тодорхой хэллээ. Өнгөрсөн онд хийх гээд амжаагүй. Цаг хугацааны хувьд.
-Өнгөрсөн онд амжаагүй гэдэг нь юу гэсэн үг юм бол?
-Өвөл бүтээн байгуулалтын ажил хийж болдоггүй.
-Сая та есөн сард шүүхийн шийдвэр гарсан гэлээ. Энэ нь өвөл үү? Энэ асуудал 5-6 жил үргэлжилж байна шүү дээ?
-Нэг сард ШШГЕГ-аас үүн дээр арга хэмжээ ав гэдэг албан бичиг ирсэн. Ингээд өвөл бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй. Өнгөрсөн 5-6 жилийн нөхцөл байдал яагаад өнөөдрийн зэрэгт хүрснийг одоо байгаа удирдлагууд хэлж мэдэхгүй. Манай дээр үүсч байгаа нөхцөл хууль дүрмийн дагуу л явж байна. Дөрвөн сараас хойш бүтээн байгуулалтын улирал эхэлнэ.
-Хэн нэг эрх мэдэлтний нөлөө байгаад байна уу?
-Хэний нөлөөтэй, арын хаалга орсон эсэхийг хариулж мэдэхгүй.
Бид энэ асуудлаар 2020 оноос шүүхдэлцэж гомдол хүсэлт гаргаж явсан ч, тодорхой үр дүнд хүрээгүй иргэн А.Базартай уулзаж нөхцөл байдлыг тодрууллаа.
Нийслэлээс тухайн газрыг дөрвөн сард чөлөөлнө гэх мэдээлэл өгсөн бол иргэн А.Базарын хувьд ингэж хугацаа идэх шаардлага байхгүй. Одоо мэдэгдэх хуудсаа хүргүүлээд дөрвөн сард чөлөөлөх ажилдаа орохгүй бол мөн л цаг хугацаа идсэн асуудал болох талаар ярилаа.
Тэрбээр, “Газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр ашиглах бол зөрчил. Үүнийг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар явах ёстой. Тэр хуульд, шүүх асуудлыг шийдэж байвал бусад байгууллага шалгалт хийхгүй, түр түдгэлзүүлнэ, өргөдөл гомдлыг буцаана гэдэг заалт байхгүй. Захиргааны маргаан учраас зөрчлийн шинжгүй байна гээд байгаа. Өөрөөр хэлбэл Камдер ХХК газрыг зөвшөөрөлгүй эдэлж байгаа нь захиргааны маргаан гэх гээд байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй. Нийслэлийн засаг дарга газрыг чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа нь захиргааны маргаан. Камдер ХХК газрыг хууль бусаар ашиглаад байгаа нь зөрчлийн л хэрэг. Энэ зөрчлийн хэргийг хаасан тухай надад мэдэгдсэн гэж прокуророос хэлсэн. Надад мэдэгдээгүй. Тэгэхээр прокурор нэг бол хуурамч бичиг баримт харж байгаа юм уу, эсвэл худлаа мэдэн будлиж байгаа.
Мөнгөтэй, албан тушаалтай хүмүүсийн компани болохоор анхнаасаа ч хууль үйлчлэхгүй байгаа гэж харж байна. Газар чөлөөлөхийн тулд дөрвөн сарыг хүлээнэ гэдэг утгагүй.
Газар чөлөөлөх үйл ажиллагаа нь хуульд зааснаар хоёр үе шаттай байдаг юм.
Нэгдүгээрт, мэдэгдэл өгнө
Хоёрдугаарт, заасан хугацаанд биелүүлэхгүй бол газрыг албадаж чөлөөлнө. Эхний үе шат буюу мэдэгдэл өгөх нь бичиг цаасны л ажил байгаа биз. Үүнийг дөрвөн сард хийнэ гэж хойшлуулах ямар ч шаардлагагүй. Эсрэгээрээ тэд дөрвөн сард тухайн газрыг шууд чөлөөлж чадахгүй. Ялгаагүй л мэдэгдэл өгч таарна. Мэдэгдэл өгөнгүүт нөгөө компани нь шүүхэд хандвал яах юм. Шүүхийн маргаан дуустал бид хүлээнэ. Дахиад л хугацаа авах ажил. Би тэгэх л байх гэж бодож байна" гэв. Бид энэ асуудлаар эргэн сурвалжилна.