БШУЯ-аас сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах гурван жилийн цогц төлөвлөгөө гаргасан. Ийнхүү хоёрдугаар сарын 14-нд сурагчид 100 хувь танхимаар хичээллэх болсон юм. Үүнтэй холбогдуулан бид яамнаас баталсан төлөвлөгөөн дээр багш нар ямар хөтөлбөр боловсруулж сурагчдын хоцрогдлыг арилгах талаар Нийслэлийн 48 дугаар сургуулийн багш, мэргэжилтнүүдээс тодруулаа.
Энэ талаар 48 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Солонго, “Гуравдугаар ангийн хүүхэд жишээ нь хоёрдугаар ангидаа огт үзээгүй хичээлээ үзэхгүй. Хоёрдугаар ангийн хичээл гуравдугаар ангидаа гүнзгийрээд явна гэсэн үг. Энэ хичээлийн жилийн шинэ агуулгатай уялдуулаад интеграци хэлбэрээр гүнзгийрүүлж нэгдсэн төлөвлөгөө хийж байгаа. Багш нар мэдээж хүүхдийнхээ хоцрогдлыг тодорхойлсон байгаа. Чанарын үнэлгээ хийсэн. Ингээд багш нар сурагчдад тохирсон хөтөлбөр боловсруулна” гэлээ.
Харин энэхүү сургуулийн бага ангийн багш Ч.Оюундарь, “Би дөрөвдүгээр ангийн багш. Дөрөвдүгээр ангийн хувьд нэгдүгээр ангидаа бүтэн хичээллээд, хоёрдугаар ангийн хагасаас өнөөдрийг хүртэл бүтэн танхимаар ороогүй.
Яамнаас хоцрогдол арилгах гурван жилийн төлөвлөгөө гэж ярьж байгаа боловч багшийн ажил дээр туссан тодорхой зүйлгүй байна. Сурлагын хоцрогдол үнэхээр өндөр байгаа. Хүүхдүүдийн хоцрогдлыг богино хугацаанд нөхөх нь бэрхшээлтэй. Би бага ангийн багшаар 28 жил ажиллаж байна. Тэр туршлагаас үзэхэд хүүхэд нэг өдрийн л чөлөө авахад хоцрогдож байдаг. Бүхэл бүтэн хоёр жилийн хоцрогдлыг 100 хувь нөхнө гэж баттай хэлж чадахааргүй байна” гэв.
Энэ үеэр хүүхдүүд танхимаар орж буйд сэтгэл хангалуун байгааг онцлов.
Сурагчид,
- Хичээлдээ орох маш гоё байна. Өнөөдөр л ирж байгаа болохоор хичээлээ мартсан эсэхээ сайн мэдэхгүй байна.
- Хичээл ороод маш гоё байна. Ангийнхаа хүүхдүүдийг маш их санасан. Хичээлээ маш сайн хийсэн. Гэхдээ бараг мартах шахсан. Одоо санана даа. Чээж бичиг дээр 10 үг алдаж байгаа.