Цахим сүлжээнд гемодиализийн аппаратын зарим хэрэгсэл дутагдсанаас үүдэн эрүүл мэнд санхүүгээрээ хохирч буй иргэд, үзэл бодлоо илэрхийлэн шаардлага тавихын хажуугаар тусламж гуйжээ. Ингэхдээ тэд сүүлийн нэг, хоёр сар энэхүү аппаратны хэрэгсэл болох гуурс тасарсныг хэлж, өөрсдийн мөнгөөр арай гэж худалдаж аваад байсан боловч сүүлдээ олдохоо больсон талаар бичээд байсан юм. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаалах фэйсбүүк группуудэд энэхүү гуурсыг авна гэсэн зар байрлуулсан иргэд нэгээр тогтохгүй.
Манай улсад 1144 өвчтөн гемодиализийн аппаратын тусламж үйлчилгээнд хамрагддаг. Хэрвээ хомсдол үргэлжлэх юм бол эдгээр 1144 хүний амь эрсдэх аюултай нөхцөл бүрдэх юм. Учир нь бөөрний дутагдалтай хүмүүсийн цорын ганц найдвар бол гемодиализийн аппарат байдаг.
Гемодиализын эмчилгээг Европын стандартын дагуу өвчтөний биеийн байдал, хүндрэл, хордлогоос хамааруулан өвчтөн бүрд тохирсон эмчилгээ хийж, цусны электролитын баланс, хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах зорилгоор хийдэг байна.
Бид үүнтэй холбогдуулан энэ асуудлыг тодруулж, үүсээд буй нөхцөл байдлын тухай лавлахаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийг зорьсон юм. Улмаар тухайн эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн захирлаас тодруулахад, “Манай эмнэлэг дээр нөөц бий. Тиймээс хомсдол үүсээгүй. Гэсэн ч хомсдох эрсдэл байгаа. Энэ талаар төлөөлж ярих үүрэг бүхий байгууллага биш” хэмээн тайлбар өгөхөөс татгалзав.
Харин Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тухайн аппаратын хэрэгслүүд тасалдах болсон шалтгааныг тодруулж, хэзээ хэвийн горимд шилжихийг асуулаа.
Энэ талаар Эм хангамжийн газрын дарга Г.Цэцэнсанаа,
“Цагаан сарын өмнөөс уг аппаратад хэрэглэгддэг хэрэгсэл, шүүлтүүр уусмал тасалдах эрсдэлтэй байна гэх мэдээллийг бидэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгсөн. Үүний дагуу бид яаралтай арга хэмжээ авч тухайн нийлүүлдэг компанитай нь холбогдсон. Тэгэхэд хил дээр саатсан байна. Хятадын талаас хамаараад ачаа саатсан талаар бидэнд мэдээлсэн.
Гемодиализийн хэрэгсэлтэй чингэлэг өнөөдрийн байдлаар замын үүдээр гараад маргааш Улаанбаатарт ороод ирэх төлөвтэй байгаа.
Хөдөө орон нутагт зарим аймгууд 5-аас дээш хоногийн нөөцтэй нь сайшаалтай байгаа. Зарим байгууллага нөөц бүрдүүлж зарим нь бүрдүүлээгүй байна. Нөгөө талаас ханган нийлүүлэх байгууллага татан авалтаа шуурхай зохион байгуулж ажиллах шаардлагатай болж буй. Ханган нийлүүлэх байгууллагуудтай хэд хэдэн удаа хуралдсан. Яагаад татан авалт удааширсан юм. Яагаад урьдчилж захиалга авсан байгууллагадаа нийлүүлж чадахгүй байна вэ гэдэг асуудал яригдсан гэсэн үг. Мэдээж тээвэрлэлтээс үүдсэн хүндрэлтэй асуудал байгаа. Түүнийг аль аль талтайгаа хамтарч яаралтай шийдвэрлээд гемодиализийн тусламж үйлчилгээнд ордог иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулахгүй байх шийдэлд хүрсэн.
Эм эмнэлгийн хэрэгслийн ачааг түлхүү тэргүүн эгнээнд оруулж анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Цаашид ийм асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаарна” гэлээ.