2022 оноос Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний журмыг шинэчилж 0-17 насны хүүхдүүдийг насны онцлогт тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болжээ. Бага насны хүүхдүүдэд хүнд өвчин оношлогдох нь нэмэгдэж буй тул хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх хамруулахаар болжээ. Мөн хүүхдийн эхийнхээ хэвлийд ураг байхад нь оношлох тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулсан байна.
Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг оношилгоо хийдэг байсан бол 2022 онд 30 нэр төрлийн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар хийлгэх жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан ба энэ ажилд Улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрт илрүүлгэд жилд нэг хүнд дунджаар 60 мянган төгрөг төсөвлөсөн бөгөөд эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй явсаар өвдвөл нэг хүнд 11.2-12.3 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч эдийн засагт дарамт учрах тооцоо байна. Тиймээс иргэд эрт илрүүлгэд хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалахыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд уриалав.
Манай улсад хорт хавдар халдварын бус өвчнийг тэргүүлдэг. Ходоод, улаан хоолой, элэг, умайн хүзүүний хорт хавдар нийт хавдрын 75 хувийг эзэлж ба эдгээр нь бүгд эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэх боломжтой өвчин. Жишээлбэл, 40 настай хүн даатгалаараа ходоодоо нэг удаа дурандуулахад өвчний шинж тэмдэг илрээгүй бол 50 наснаас дээш хоёр жилд нэг удаа дурандуулаад байвал хавдраар өвчлөх эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаална.
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд 30 наснаас эхлэн гурван жилд нэг удаа өрхийн эмнэлэгтээ хандан эсийн шинжилгээ хийлгэнэ. Хэрэв хавдрын урьтал шинж илэрвэл дараагийн шатлалын эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх замаар өвчнөө эрт оношлуулж, бүрэн эмчлэх тогтолцоо бүрджээ.
Иргэд эрүүл мэнддээ анхаарал тавьж, 1-2 жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болох дадлыг хэвшүүлбэл өвчлөл, нас баралт буурна. Монгол эмэгтэй хүний дундаж наслалт 75.6 байгаа бол эрэгтэй хүнийх 66.1 байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.5 насаар, эрэгтэйчүүдийн дундаж наслалтын дэлхийн үзүүлэлтээс 4.7 насаар бага байна.
Амьдралын буруу хэвшил, эрүүл мэнддээ тавих анхаарал сул байдгаас монгол эрчүүд эрт нас бардаг. Энэ мэт шалтгаанаас үүдэж өрх толгойлсон эмэгтэйчүүд, ганц бие эмээ нарын тоо өсөж байгаа нь нийгмийн эмзэг асуудлын нэг мөн билээ.
2020 онд улсын хэмжээнд 153 мянган хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар төсөвлөсөн санхүүжилтийн 8.8-хан хувийг зарцуулжээ. 2021 онд энэ үзүүлэлт буурч төсөвлөсөн зардлын 4.4 хувийг зарцуулсан байна. Эрт илрүүлгэд хамрагдах иргэдийн тоо өнгөрсөн онд буурсан нь ковидийн нөлөөгөөр эмнэлэг халдварын эрсдэлтэй орчин болсонтой ч холбоотой юм.
Энэ жилийн тухайд эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт ирсэн иргэд өвчтэй хүмүүстэй холилдохгүй байх зохион байгуулалт хийж буй аж. Өнөөдрийн байдлаар 11 аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдаад байна.
Урьдчилан сэргийлэх үзлэгийг Аймаг дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд болон гурав дахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, хувийн эмнэлэг лабораториудад хийх юм. Эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан ЭМДЕГ-аас эмнэлгүүдийн дунд дахин сонгон шалгаруулалт хийх гэж байна.
Монгол Улс нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд 10-рт эрэмбэлэгддэг. Хөгжсөн орнуудын хувьд эмнэлгийн орны тоо олон байх нь чухал үзүүлэлт биш бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах дадалд сургасан байдаг. Орны тоо олон байх нь эрүүл мэндийн салбарын зардлыг нэмэгдүүлэх сөрөг талтай хэмээн үздэг байна.
Манай улс ч иргэдээ мэдээллээр хангаж, эрт илрүүлгэд хамрагдах тэгш боломжийг иргэн бүрд олгох бодлого барин ажиллаж байна. 2021 онд бүх аймгийн Нэгдсэн эмнэлэг компьютер томографийн аппараттай болсон. Иргэд оношилгоо хийлгэх гэж заавал Улаанбаатарт ирэх хэрэггүй, орон нутагтаа өндөр нарийвчлалтай оношилгоо хийлгэх боломж бүрдсэн гэж ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох онцлов.
Мөн тэрбээр, Эрүүл мэндийн байгууллагуудын боломжтой тусламж үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна. Эхний ээлжинд:
- Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах
- Шинжилгээний хариу авах
- Эмнэлэгт хэвтээд гарахдаа эмчдээ очиж лист бичүүлэх, тамга даруулах зэргээр явдал чирэгдэл болдог ажлууд цахимд шилжлээ гэв.
Иргэд 1800-0119 дугаарын утас руу залгаж, эмнэлэгт үзүүлэх цаг авах үйлчилгээ нэвтрээд удаж байна. Захиалсан цагтаа очиж амжихгүй болсон бол эргэж утасдаж, цагаа цуцлуулдаг соёлтой болмоор байна хэмээн тэрбээр анхааруулав. Жишээлбэл, Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр урьдчилан цаг авсан иргэдийн 30 хувь нь цагтаа ирдэггүй гэж эмнэлгийн удирдлагууд хэлж байна. Энэ нь эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай бусдадаа хүндрэл учруулж байгааг бодолцож, хариуцлагатай хандахыг анхааруулмаар байна.