Өнөөдөр гэгээн хайрын валентины баяр тохиож байна. Энэ удаагийн "Хөрөг" нэвтрүүлэгтээ бид 30 гаруй жил ханилж, гурван хүүхдийн аав, ээж болсон хосыг онцолж байна. Тэдний хувьд хориод насандаа танилцаж өнөөдрийг хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарч байна. Хосууд бие биенээ ойлгож, уучилдаг байх хэрэгтэй. Бие биенийхээ үгийг өнгөрөөж сурах хэрэгтэй. Хамтдаа хөгширнө гэдэг жаргал шүү хэмээн хэлсэн юм. Анх хэрхэн танилцаж байсан тухай түүх болон гэр бүлийн үнэ цэнийн тухай ярилцлаа.
-Сайн байцгаана уу, өөрсдийгөө танилцуулахгүй юу?
А.Эрдэнэбилэг: Намайг Аюурзанын Эрдэнэбилэг гэдэг. Хэнтий аймагт төрсөн. Дорнод аймагт амьдарч байсан. Тэгээд хотод ирээд 20-иод жил болж байна.
Г.Энхцэцэг: Намайг Гэндэндоржийн Энхцэцэг гэдэг. Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул.
"АНХ ХАРААД ШУУД Л ТААЛАГДСАН"
-Анх хэрхэн танилцаж байсан бэ?
А.Эрдэнэбилэг: 1988, 1989 онд залуучуудын Гавшгай бригад гээд Дорнодын Сэргэлэн сумд барилгын чиглэлээр очсон. Тэгэхэд анх танилцаж байсан даа. Анх харахад л эхнэр маань надад шууд таалагдсан.
Г.Энхцэцэг: Аймгийн эвлэлийн хорооноос найман залуу ирсэн. Манай нэгдлийн дарга намайг боловсон хүчин болохоор очиж хүнс хоол нь ямар байна явж үзээд ир гээд явуулсан юм. Тэр үед би чинь 26, 27-той эд нар чинь 28, 29 настай шижигнэсэн залуучууд ирчихсэн худаг гаргаж байлаа. Тэгээд ахлагчтай нь та нарын амьдрал ахуй ямар байна, хоол хүнс чинь ямар байна гээд л нэгдлийн нийгмийн асуудал хариуцсан хүний хувьд би асууж байгаа юм. Тэгсэн чинь л дарга нь гээд энэ хүн бидэнтэй ярилцаж байлаа. Би бас нэгдлийнхээ машинаар төмс, хүнсний ногоо, мах аваад очиж байгаа юм. Тэгээд очоод аягүй гайгүй залуу байна шүү гээд бас харж л байсан. Залуухан байсан болохоор тухайн үедээ хань ижилтэй болох ёстой шүү дээ. Тэр утгаараа их зөөлөн, нүдэнд дулаахан, ер нь л надад боломжийн л юм шиг санагдаж байсан. Энэ хүн чухам юу гэж найрахыг нь мэдээгүй байсан үе юм чинь / инээв/
-Танилцсанаас хойш хэрхэн бие биедээ татагдсан бэ?
А.Эрдэнэбилэг: Найз нөхдөдөө хэлж л байсан. Миний нутаг халх голоор тойрон аяллаар хамтдаа явсан. Тухайн үед 18 аймгийн залуучууд аяллаар явсан юм. Тэгж явахдаа л бид хоёр илүү танилцаж, ирснээсээ хойш бүр дотноссон. Манай нутаг байсан болохоор би газруудаар дагуулж яваад л танилцуулж байлаа.
Г.Энхцэцэг: Тэгээд Сүмбэрийн төв дээр очсон чинь нөхрийн маань ангийн хүүхдүүд Эрдэнэбилэг авгайтайгаа ирсэн. Авгай авсан байна гээд л, намайг харж ажиглаад л. Дарга гэнэлээ гээд л. Тэгээд хөдөөнийхөн чинь аягүй бүрэг ичимхий шүү дээ. Хоёулаа үерхье гээд л за би чамтай үерхэхгүй гээд тэр үедээ тиймэрхүү туньсан үг хэлж байсан. Би чинь нэгдлийн боловсон хүчин манай сумын эвлэлийн дарга Батсүх гээд залуу байсан тэр, тэгээд миний найз хүүхэн бид дөрөв майхан дотроо өдөржингөө Буйрын эрэг дээр хөзөр тоглоод л, тэр үед чинь хөзөр тоглоод хожигдонгуутаа хувцсаа тайлдаг байлаа. Халаадаа тайлаад тэр үед чинь пудволк гэдэг зүйл ховор байсан. Тэгээд сарпан гэдэг юм бид их өмсдөг байлаа. Сарпантайгаа Лхамсүрэн бид хоёр. Тэгээд бид хоёр нэг тал болоод, тэр хоёр нэг талаад болоод тоглож байсан. Тухайн үедээ л найрч байгаа нь юм уу даа. Тэгээд манай хүн хясаа түүж авчрахаараа зөвхөн надад л авчраад энэ гоё байна уу гээд л сайхан дурсамжууд бий.
"ХҮЛЭЭХИЙН ЖАРГАЛ ГЭЖ ГОЁ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ"
-Би зөв хүнтэйгээ суусан шүү гэж бодогдуулах ямар үеүд байсан бэ?
А.Эрдэнэбилэг: Анхнаасаа л би ер нь зөв хүнтэй суучихлаа, зөв хүнтэй амьдарч байгаа юм байна гэж бодсон. Тэгээд ёстой юу ч үгүй амьдарч байснаа бид хоёр зах зээлийн үед Оросоос ганц мотоцикл олж ирнэ гээд гарсан. Орос руу Дорнод чинь ойрхон шүү дээ. Тэгээд очиж наймаа хийгээд юун мотоцикл би машинтай болоод ирж байсан. Нэг машинаа орхичхоод хил нээхээр зарна гээд дахиж яваад дахиж машин авч ирээд тэр үед л бид хоёрын амьдрал эхэлж, ид цэцэглэж байсан даа.
Г.Энхцэцэг: Хүргэн ахтай Бээжингээс Москва хүртэл явчихсан байдаг юм. Би чинь Дорнодод байж байгаа юм чинь. Тэр үед чинь царай, царайгаа харж ярих утас гэж байх биш. Сумын холбоон дээр очоод урд өдөр нь захиалга өгөөд л ярина. Хурдан ирээсэй гээд л хүлээж байгаад уулзахаар маш гоё. Ирэхдээ хөгшиндөө энийг авчирсан, энийг авчирсан гээд тэр үед чинь хүлээхийн жаргал гэдэг юм гоё байдаг байлаа шүү дээ.
-30 гаруй жил амьдрахад сайхан муухай ээлжлэх л байх. Тэр үед та хоёр хэрхэн давж байсан бэ?
Г.Энхцэцэг: Би ер нь өвгөнийгөө аашилбал дуугүй болчихдог. Намайг аашилбал хөгшин дуугүй болчихдог. Бид хоёрын нэг авах чанар бол бие биенийхээ үгийг өнгөрөөж чаддаг.
А.Эрдэнэбилэг: Муухай ааш гаргаж хэрүүл өдсөн бол дараа нь уучлалт гуйчихдаг. Уучлаарай хөгшнийгөө гээд тэр үед би тийм алдаа гаргасан байна гээд л учраа олдог. Тэгээд гадна, дотнын ажлаа хийгээд явж байхад л мартагдчихна.
"ЭНЭ НАСНЫ ЖАРГАЛЫГ ХАМТДАА ЭДЭЛЬЕ ГЭЖ СУУСАН БОЛОХООР БИЕ БИЕЭСЭЭ УЙДАЖ, САЛЪЯ ГЭЖ НЭГ Ч УДАА ХЭЛЖ БАЙГААГҮЙ"
-Хосууд бие биенээсээ уйдсан гэж их ярьдаг. Та хоёрын ийм зүйл байсан уу?
А.Эрдэнэбилэг: Би 27, 28-тай эхнэр маань 25, 26-тай сууж байсан болохоор чинь уйдна гэж байхгүй. Ер нь үр хүүхэдтэй болчихвол үх хүүхдээ хэзээ ч өнчрүүлж болохгүй гэдэг ганц бодож явдаг зарчим.
Г.Энхцэцэг: Ойр зуур муудсан ч гэсэн хүүхдийг өнчрүүлж хэзээ ч болдоггүй юм байна гэдэг ганц баримталж явсан зарчим тэр дээ. Юунаасаа уйдах вэ дээ. Бид хоёр чинь одоо уйдахгүй гэж бие биедээ ам тангараг өгч, энэ насны жаргалыг эдэлнэ гэж хоёулаа суусан юм болохоор салъя гэсэн бодол байгаагүй. Яах вэ бие биендээ тунирхсан юм залуу насанд байсан. Миний хувьд ганц нэг удаа тунирхаад гэр лүү гүйдэг тийм асуудал байсан. Нээх энхийн цагаан тагтаа шиг байсан гэж хэлэхгүй. Тэр бол бид хоёрт хор болоогүй.
-Та хоёр бие биедээ анх танилцаж байгаа юм шиг дахин сэтгэлээ илчлэхгүй юу?
Г.Энхцэцэг: Дүү нарыг нь ирэхэд би хэлдэг юм. Би хайртай. Ахаас чинь үлдээд би амьдарч барахгүй гэдгээ л хэлдэг юм. Хайртай шүү ханьдаа. Чи минь миний түшиг тулгуур шүү .
А.Эрдэнэбилэг: Хөгшрөх тусам улам л бие биенээ хайрлаж хүндэлдэг болдог юм байна. Гадагшаа гарсан ч цуг явна хоёулаа. Тийшээ явъя, ийшээ явъя гээд хоёулаа залуучууд шиг л болдог юм байна хөгшрөхөөрөө. Залуу байхдаа тус тусдаа ажил төрлөө хийгээд л явдаг байлаа шүү дээ. Чи тэрийг амжуул, би тэрийг гээд. Ингээд хөгшин тэтгэвэрт гарчихна гэдэг дандаа л цуг байж, бие биедээ бүр их татагддаг юм байна. Хайртай шүү ханьдаа.
-Ярилцлагын төгсгөлд хосууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Г.Энхцэцэг: Хоёр талаасаа чемодантай нийлдэг үед энэ амьдралаа босгосон болохоор бие биенийхээ жаргал зовлонг ойлгоод бие биенийхээ гуньсан гутарсан ийм үед л түшдэг хүн хүний хань байдаг. Тийм болохоор би ханиараа бахархдаг. Бие биенээ уучилж чаддаг байгаарай.
А.Эрдэнэбилэг: Хамтдаа хөгширнө гэдэг бол жаргал шүү. Залуучууд бие биенээ хайрлаж хүндэлж яваарай.