Алдаа гаргаж аливаа зүйлийг туршиж үзэх боломжтой үе бол бидний залуу нас. Бид энэ удаагийн нэвтрүүлэгтээ залуу насны эрч хүч, овсгоо самбайгаараа 21 насандаа HumanZ.mn сайтыг үүсгэн байгуулсан М.Баасандэлгэрийг онцлон урилаа. Гарааны бизнесээ эхлүүлж буй залуу үеийнхний нэг болох түүний бүтэлгүйтсэн түүх, алдаа онооноосоо суралцаж ойлгосон зүйлсийн талаарх яриаг үзэгч, уншигч та хүлээн авна уу.
-Нэвтрүүлгийн урилга хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг М.Баасандэлгэр гэдэг. HumanZ.mn веб сайт болон HumanZ start up content сувгийг үүсгэн байгуулсан залуу сэтгүүлч байна. Залуу хүн шууд нээгээд л “алдаг” бизнес гэдгийг мэдээгүй байсан. Хэнд ч хэрэггүй зүйл хийж байгаа мэт мэдрэмж эхэндээ авдаг байлаа. Дөнгөж 21 насандаа компани нээх нь бусдын хувьд тэнэг зүйл байж магадгүй. Яаруу, хэлбэрдсэн ч юм уу. Миний хувьд насан туршдаа энэ зүйлийг хийнэ гээд бодсон байсан болохоор ямар ч айдасгүйгээр компани нээсэн. Бүх зүйлийг албан ёсоор эхэлсэн гэсэн үг. Төсөл бичиж хөрөнгө оруулалт хайсан. Ингээд бүх новшийн өдрүүд эхэлсэн.
-Яагаад новшийн өдрүүд гэж байна вэ?
-Би сэтгүүлчийн цалин, ачаалал, хэн ч тоодоггүй байж бүгд сэтгүүлч гэж сүржгэнэдгийг хараад маш хэцүү байсан. Бөөнөөрөө нийлээд хараачихдаг. Би өөрөө түүхий байгаа байх л даа. Өнөөдрийн нөхцөлд маш сайн мэдлэгтэй, хүчтэй байхгүй бол юунд ч хүрч чадахгүй гэдгийг өнгөрсөн жилүүдэд ойлгосон. Зөв монгол хүн байх хөшүүргийг би сайтаараа дамжуулж хийнэ гэж бодсон. Одоо бодохоор энэ их романтик төсөөлөл байгаа юм. Маш олон хүний үүдийг татсан. Хүмүүстэй чичрэн барин уйлан дуулан байж уулзсан. Залуучуудыг дэмжинэ гэсэн УИХ-ын гишүүдийн хаалгыг татаж том том дарга нарыг хүлээж сууж үзсэн. Өөрийнхөө залуу насанд найдчихсан байсан юм. Юм хийх гээд байгаа хүсэл тэмүүллийг маань үнэлдэг юм байна гэж төсөөлсөн хэрэг. Нөгөө талд өөрт байгаа бичих чадвар, зохион байгуулах, ачаалал даах гээд чадваруудаа хүнд үнэлэгдэх юм байна гээд бодсон. Хэнд ч үнэлэгдээгүй. Өнөөдөр хийе бүтээе гэсэн эрмэлзэлтэй залуучууд байгаад, юм босгоод ирсэн ч гэсэн дэмжих сонирхолтой хүн ховор юм билээ.
-Гэсэн ч таны хувьд тодорхой амжилтыг бий болгосон тийм үү? Энд хүрэхийн тулд юу ойлгож, анзаарав аа?
-Яг улсын сургууль дамжаад өөрөө сураад өөрөөрөө явж байгаа хүний хувьд одоо байгаа нийгэм, хүлээн зөвшөөрөх хүмүүсийн дэг үнэхээр хатуу. Гэхдээ хэн ч дэмжих албагүй гэдгийг би мэднэ. Энэ бүхний эцэст би шантрахгүй байж болно. Маш олон залуучууд шантардаг. Цалин асуух, тарах ёстой цагтаа тарахаар нь загнана. Амралтын өдөр өгөхгүй гэж уурлана. Залуу байгаагийн төлөө өвдөх эрхгүй байхыг шаардана. Нас юу юм бэ. Бүгд л туулж байгаа шүү дээ.
-Аливаа зүйлийг эхлүүлэхэд гэр бүлийн дэмжлэг, өөрөөр хэлбэл итгэл чухал байдаг талаар та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ талаараа тодруулаач?
-Анх сайт нээнэ гэхэд манай аав ээжийн насны хүмүүс веб сайт гэхийг ойлгохгүй. Би нэг жил зургаан сар ажилгүй байсан хүн шүү дээ. Яг сайтынхаа нийтлэлийг бичээд л, хүмүүсээс ярилцлага авч буулгаад л. Манай аав ээж маш их итгэдэг. Би хэзээ ч ярьсан шигээ байгаагүй. Бүтэлгүйтдэг үе байсан гэсэн үг. Миний ярианы эрч сулраад л сүүл рүүгээ өөр юм яриад алга болно. Тэр бүхний ард аав ээж хоёр итгэсээр л байна шүү дээ. Энэ нь улам их хариуцлагатай байхыг шаардах хөшүүрэг болж байгаа юм. Одоо аав ээж хоёрынхоо хажууд бардам байгаа. Юу ч үгүй байсан охин нь учиргүй нэг оффист хэдэн ажилтан суулгачихсан. Аав ээж хүмүүстэй уулзахаар хүүхдийг таниад гоё байдаг гэсэн. Энэ хүртэл алхах замыг аав ээж өөрсдөө надад өгсөн. Миний тулах цэг болсон юм.
-Та аав ээжийнхээ тухай яриач?
-Миний хувьд нисэхэд өссөн жирийн л айлын охин. Аав надад хэзээ ч зүгээр мөнгө өгдөггүй байсан. Үнэгүй юм байхгүй гэдгийг ойлгуулсан нь тэр байх. Одоо байгаа нээлттэй, хийнэ гэсэн зүйлээ зах зухаас нь оролддог чанарыг миний ээж надад өгсөн. Есдүгээр анги хүртлээ би дээс ч тоглож чаддаггүй, “тогооны бариул” хийгээд зогсдог туниа муутай охин байлаа. Ингээд 10 дугаар ангид орсон. Манай ээж миний үсийг тайраад, нүүрний будаг, линз, өсгийтэй гутал авч өгөөд, “одоо миний охин хөөрхөн бай, гоё бай” гээд хэлж байлаа. Намайг хөвгүүдч өддөг болов. Ээж минь надад арга зааж өгөөд л. Орой гарч коток тогло, кино үз гэдэг. Үүгээр би их задарсан л даа. Гэхдээ огт буруу задраагүй. Би ээжийн энэ хүмүүжлийг ямар зэвүүн юм бэ гэж бодоод байдаг юм.
-Аливаа зүйлийг хийхэд бүтэлгүйтэхгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Гэсэн ч алдаа бага гаргахын тулд сэтгэлзүй хүчтэй байх хэрэгтэй байх?
-Би нэг хэсэг, би ийм их юм зориглоод хийчхээд байхад хэн ч намайг дэмжихгүй байна гэж боддог байсан. Албатай юм шиг. Тийм бодлоор юм аа хийхээр тэр ажил огт урагшилдаггүй байсан. Өөрийгөө өрөвдүүлэх тактик, эсвэл яах гээд ч байгаа юм. Сулбайгаад өөрийгөө хойш татаад байгаа нь миний хамгийн том алдаа байсан. Мөнгөнд түшиглэсэн алдааг би алдаа гэж боддоггүй. Хийж байгаа бол мөнгө олдоно. Нойргүй сууж байгаа бол дараа нь бүтэн нойртой болох боломжоо өөрөө авч ирнэ.
Ганцаараа “шааргидах” учиртай шүү дээ. Өөрөө л болохгүй байгаа юм чинь. Хүмүүс намайг дагаад “миарах”-ыг харах маш хэцүү. Хийх юм аа олохын тулд дунд нь хий эргэх хоёр жил байдаг юм шиг.
-Гараагаа эхэлж байсан өдрүүд хэрхэн өнгөрсөн бэ?
-HumanZ start up-ийн охид гэсэн үг шүү дээ. Бидний нэг нь хоёр төмс, нэг нь хэрчсэн гурил, нэг нь жаахан мах авчраад л, юу ч авчраагүй нь хоолоо хийдэг байлаа. Идчихээд дөрвүүлээ компьютер дээрээ суугаад их л судалгаа хийдэг байсан. Одоо бодохоор юу судлаад байдаг байсан юм бүү мэд. “Алаад” байна л гэж боддог байсан. Үнэндээ байрнаасаа огт хөдлөөгүй байсан юм. Би 10 саяын хөрөнгө оруулалтыг 7 сар хайж байсан. Түүгээрээ хоёр нөтбүүк, хоёр хүний цалин, ширээ сандал авна гээд. Ямар ч төсөөлөл байхгүй. Авах юм аа 10 саядаа багтаагаад биччихсэн. Тэр мөнгийг өгнө гэсэн хүн миний хувьд шүтмээр, насан туршдаа талархмаар хүн ч юм шиг санагддаг. Гэтэл одоо 4-5 хүн цалинжуулаад, оффисын урсгал зардлыг хариуцаад, хүмүүсийн уух усыг хүртэл аваад явахад 10 сая ямар инээдтэй мөнгө юм бэ гэдгийг бодож эхэлж байгаа юм.
-Ингэхэд сайтаа ямар зорилгоор нээж байв даа. Мөн сая сэтгүүлч болсондоо бага зэрэг харамссан тухайгаа ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Би хэвлэл мэдээллийн салбарт хувь нэмрээ оруулаад явж байгаа жирийн л сэтгүүлч шүү дээ. Түүнээс гоц гойд зүйл хийсэн хүн биш. Манай веб сайтын гол зорилго нь нэгдүгээрт бэлгийн боловсрол олгох, хоёрдугаарт сэтгэл зүйн дархлааг түгээх. Хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа залуу ээж их байна гээд байгаа хэрнээ, хүүхдүүдийг, өгч байгаа халамжийг нь л буруутгаад байдаг. Тэдэнд амьдрах ойлголтыг өгөх ёстой шүү дээ. Би үүнд эмзэглэж явдаг. Эмэгтэй дүүтэй болохоор тэр шүү дээ. Юу юугаа босгоогүй байгаа би хүртэл хүүхэдтэй болохоос айдаг. Тэгэхэд жаахан хүүхдүүд юугаа ч мэдэхгүй амьдралд орж байна.
Одоо хүмүүс амиа хорлолтыг ковидруу чихээд байна. Үгүй шүү дээ. Хүмүүс мөнгөгүй, өрөндөө баригдаад үхэж л байсан. Гэр бүлийн асуудлаа даахгүй үхдэг. Намайг жаахан байхад тийм зүйл байж л байсан. Нэг аян явуулдаг. “Энэ аян явж байна. Би үхэхээ болино оо” гэх хүн байхгүй л байхгүй юу. Тэр хүний оюунд байнгын давтамжтай, ухамсарлуулах зүйлийг хэвлэл мэдээлэл хийх ёстой гэж боддог.
-Олон нийтийн зүгээс сэтгүүлчийг үнэлэх үнэлэмж, хүлээж авах хандлагын тухайд ямар байр суурьтай байдаг вэ?
-Хүмүүс сайн сэтгүүлчийг дандаа телевиз радиогоор гарч байдаг, томчуудаас “пал” гэтэл нь асуудаг гэх мэтээр үнэлдэг. Микрофоноо бариад эрх чөлөө ярьж, үзгээ бариад тэмцэнэ энэ тэр. Ганцхан үзэгтэйгээ эхэлсэн ч гэж байх шиг. Тийм хүнийг л сайн сэтгүүлч гэх юм бол надад сэтгүүлч гэх шаардлага байхгүй шүү дээ. Сэтгүүл зүйн зарчим шударга байдлыг тогтоох мөн. Гэхдээ шударга гэдэг үгийг хэрэгтэй хэрэггүй дэл сул, арчаагүй юмнууд ашигласаар байгаад энэ үгийг худлаа, хэлбэрдсэн гэх агуулгад оруулчихсан юм шиг санагддаг. Би сэтгүүлч болох хүн мөн ч юм уу, биш ч юм уу гээд хааяа бодох үе байна. Яг үнэндээ энэ нийгэмд би нэг эерэг байх гээд ядах нь ямар хэрэгтэй билээ. Гэхдээ надад чиглэсэн зорилго бий. Үүндээ л хүрэхээр, биелүүлэхээр, худлаа байхгүйг хичээн амьдарч байна.
-Миний асуугаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Хүн заавал амжилтад хүрч, зовох албагүй. Хүний амьдралын зам мөр өө шүү дээ. Гэсэн ч өөрийгөө голж л болохгүй юм билээ. Надад ийм үе их байсан. Шантарч байсан гэсэн үг шүү дээ. Гэсэн ч больё гээд суух шалтгаан байхгүй. Чи өнөөдөр юу ч хийе гэсэн тэр боломжтой. Гэхдээ чи л түүнийг авч явна. Үүний тулд чамаас маш их хичээл зүтгэл шаардана. Тэвчээртэй байгаарай гэж хэлмээр байна.