Байгаль хамгаалагчаар 30 гаруй жил ажиллаж буй Ж.Төмөрсүхийг бид энэ удаа онцолж байна. Устаж үгүй болох эрсдэлтэй амьтдыг хамгаалан, өсөн нэмэгдэхэд хувь нэмэр оруулсан Хөвсгөлийн байгаль хамгаалагч тэрбээр 1987 онд МУИС-ийг химич, химийн багшаар төгссөнөөс хойш хөвчийн гүн тайгыг хамгаалах энхийн манаанд зогссон юм. Түүний хувьд өнөөдрийг хүртэл ажиллахдаа нэг ч удаа амралт авч байгаагүйн дээр халуунд халж, хүйтэнд хөрж ажил мэргэжилдээ үнэнч байсны хүчинд зэрлэг амьтдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буй юм.
Ж.Төмөрсүх гуай гурван том тусгай хамгаалалттай газрыг сүүлийн 10 жил хариуцан ажиллаж байгаа ба өвлийн 40, 50 градус хүйтэнд тайгын гүн рүү явган явах үе ч бий. Ингэхдээ сард 385 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол одоо 540 мянган төгрөгийн цалин авдаг аж.
Тэрбээр энэ талаар ярихдаа, "Ийм цалин авахын тулд ажиллаж байгаа юм биш. Янгир ямаа гэхэд үр төлөөсөө хагацаж үзээгүй, буун дуу сонсоогүй, хүн үзээгүй байх нь элбэг. Ийм сүргийг харахаар байгаль хамгаалагч хүний хувьд огшдог. Үүгээр зогсохгүй онгирч баярладаг, хээр газар ганцаараа уйлах нь ч бий. Би үүний төлөө л явсан шүү дээ гэж боддог. Энд насаараа ажиллах шалтгаан ердөө энэ шүү дээ. Баярын үеэр ан их хийгддэг болохоор, намайг баярлаад шампанск буудуулж байх хойгуур, ойн гүнд амьтны амь үрэгдэж байх вий гээд л санаа зовоод эхнэр хүүхдээ уурлуулж, арга эвийг нь олоод уул руугаа явчихдаг. Ажил хийх сэтгэл, тууштай байдлын үр дүнд өөрийнхөө сэтгэлийг баясгаад байдаг юм. Сүүлд камерт цоохор ирвэс бичигдсэнийг хараад одон медаль авснаас илүү их баярласан даа. Энэ бол байгаль хамгаалагч хүний баяр бахдал шүү дээ. Мөн урд нь байхгүй байсан газар 10 гаруй хандгай явж байхыг хараад л бас огшсон. Байгаль хамгаалагчийн ажил нүднээс далд явагдаж байдаг юм. Үүнийг тэтгэврийн өвгөн хийдэг гэж бодохоо болих хэрэгтэй" гэлээ.
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх нь одоо гурван бамбарууш тэжээдэг. Тайгад тавибал хүйтэнд хөлдөх эсвэл анчин агнах вий гэж санаа нь зовоод ичээ бэлдэж тэжээн өвлийг өнтэй давж буй. Түүний хувьд ойрын үед байгаль хамгаалагч ирэх шинжгүй байгаад ихэд санаа нь зовж байгаагаа хэлсэн юм. Учир нь цаг наргүй, эрсдэлтэй, бага цалинтай энэ мэргэжлийг сонирхох хүн тун ховор. Үүнд л миний санаа зовж байна. Монголын зэрлэг амьтан эзэнгүй байна. Тийм учраас Монголын төр зэрлэг амьтныг хамгаалалттай болгох шинэ бүтэц бүрэлдэхүүн гаргах шаардлагатай. Монголд 120 гаруй газар тусгай хамгаалалттай газар байгаа ч цаана нь 80 гаруй хувь нь эзэнгүй байна. Амьтдыг агнаж биш хайрласан хүн сайхан харагддаг цаг үе ирсэн шүү гэж ярилцлагын үеэр онцолсон юм.
Өмнөх ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.