Цар тахлын улмаас ЕБС-ийн сурагчид эзэмших ёстой мэдлэгийнхээ 50 хүрэхгүй хувийг эзэмшсэн нь Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн судалгаагаар тогтоогджээ. Гэтэл сургууль завсардах эрсдэлтэй 1931 хүүхэд байгаа нь боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар гарсан байна. Боловсролын хоцрогдол, завсардалтыг арилгахад тал бүрийн оролцоо чухал байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Ингэхдээ сурагчдыг цаашдаа цахимаар хичээллүүлэх тал дээр анхаарч ажиллахыг онцоллоо.
Тэрбээр, “Хичээлийн хоцрогдлыг ерөнхийд нь ярьж болохгүй. Ковидын өмнөх болон дараах хоцрогдол гэж ялгах нь зүй. Интернет, дата зэрэг асуудлаас үүдэн сурагчдын 23 хувь нь цахим хичээлд идэвхгүй байсан гэх судалгааны дүн гарсан байна. Мөн танхимаар болон цахимаар хосолж хичээллэх үеэр, хүүхдүүд хичээлээ мартах тохиолдол их гарч байна. Үүнийг дагаад багш нарын ачаалал ч их байна. Нийт сурагчдын талаас их хувь нь танхимаар хичээллэх хүсэлтэй байгаа. Түүнчлэн цар тахлын үед 40 наснаас доош насны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ажилласан. Харин 40-өөс дээш насныхан хүүхэдтэйгээ муу ажилласан гэх судалгаа байна. Тийм учраас цаашдаа 100 хувь танхимаар хичээллүүлэх тал дээр анхаарч ажиллана. 2018, 2019 онтой харьцуулахад, боловсрол завсардах нь 60 орчим хувиар өссөн. Түүврийн аргаар 62 мянга гаруй сурагчийг судалгаанд хамруулж үнэлгээ тогтооход, жилээс жилд 3-5 насны хүүхдийн эзэмших ёстой чадвар үлэмж буурсан үзүүлэлт гарч байна. Энэ маш харамсалтай үзүүлэлт. Суурь боловсрол, сурах арга барилаа эзэмшиж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Үүнд ковидын өмнөх хоцрогдол нөлөөлсөн гэж үзэж байгаа. 2-3 дугаар ангийн сурагчдын 40 хувь нь л уншиж чаддаг. Өөрөөр хэлбэл 10 хүүхдийн дөрөв нь уншиж сурсан гэсэн үг. Гэхдээ юу уншиж байгаагаа ойлгодоггүй.
Нийт сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 50 хувийг л авч байна. ЕБС-ийг төгсөхдөө сурагчид 3692 чадамж эзэмшсэн байх ёстой. Цар тахлаас үүдэн 515 чадамж эзэмшин төгсөж буй судалгаа ч байна. Энэ нь багшийн заах арга зүй, цахим сургалтын стандартын хоцрогдолтой холбоотой. Мэдээлэл технологийн ур чадвар багш хүүхдүүдэд аль алинд нь суугаагүйн үр дүн гэж хэлж болно. Сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 60 хувийг л авч байна” гэлээ.