Олон улсын баримт шалгагчдын сүлжээний албан ёсны эрхтэй Mongolian Fact-сheking Center хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад сувгаар цацагдаж буй мэдээллүүд үнэн худал эсэхийг шалгадаг. Хүмүүсийн дунд хуурамч мэдээлэл тарах нь олон нийтийг төөрөгдүүлэх, амь нас, эрүүл мэндэд ч хор хөнөөл учруулах эрсдэлтэй. Иргэдийн дунд хамгийн их тархсан, давтамжтай гардаг хуурамч мэдээллийн жишээ бол коронавирусийн халдвар тусаагүй 2,7 сая иргэнд урамшуулал олгоно гэдэг мэдээлэл. Тэгэхээр тухайн мэдээллийг үнэн үү, худал уу гэдгийг Mongolian Fact-сheking Center шалгажээ. Тухайн төсөвт энэ урамшуулал тусгагдах боломжгүй байсан гэдгийг шалгаад баримттай нягталсан. Иймээс та бүхэн энэ байгууллагад хандаад эргэлзээтэй мэдээллээ шалгуулах бүрэн боломжтой юм байна.
Энэ талаар баримт шалгагч, редактор Э.Батцэцэг "Олон улсын эрх авна гэдэг нь бидэнд хуурамч мэдээллийн тархалт болоод түүнийг нягталж шалгах технологийн шинэ шийдлүүд хэрэглэгдэхүүнийг хэрэглэх эрх олгодог. Мөн дэлхийн 190 гаруй оронд байгаа бусад баримт шалгах төвүүд бусад ийм адилхан баталгаат эрхтэй төвүүдийн баримт шалгагчдын сүлжээнд орж ажилладаг. Монголын анхны баримт шалгах төв байгаа.
Нийт шалгасан мэдээллийн 42 хувь нь ковидтой холбоотой. Ковидтой холбоотой хуурамч мэдээллээс болж дэлхий даяар 800 гаруй хүн нас барсан. Үүнээс 700 орчим нь Иран улсад коронавирусийг спирт устгадаг гэх хуурамч мэдээллээс болж хордож нас барсан тохиолдол гарсан. Харин Монголд ийм судалгаа хараахан гараагүй байна.
Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БАТЛАГДААГҮЙ гэсэн дөрвөн төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.
Омикрон хувилбар Монголд бүртгэгдсэн, бүртгэгдээгүй гээд нэг хэсэг нэлээн шуугиан болсон. Тэр үе чинь 2021 оны 12-р сарын 21-нд. Үүнийг манайх тухайн үед шалгаж үзсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын долоо хоног тутмын тайлангаас ороод харахад Монголд омикрон илэрсэн байна гэж бүртгэсэн байгаа юм. Монголд болохоор омикрон илрээгүй, хараахан баталгаажаагүй гэж хэлсэн. ЭМЯ энэ мэдээллийг ер нь л эрс үгүйсгэсэн байсан.
Төөрөгдүүлсэн, худлаа мэдээлэл эсвэл үнэн гэдгийг нь бүгдийг нь баримтаар шалгадаг. Нэгдүгээрт хүний амь нас эрүүл мэндэд заналхийлсэн түүнийг хохироосон аюултай байж болзошгүй хуурамч мэдээллүүд, мөн энх тайвны эсрэг дайн байлдаанд турхирсан мэдээллүүд түүнчлэн эдийн засгийн хувьд иргэдийг хохироох магадлалтай мэдээллүүд гэх мэтчилэн эрэмбэ дараатай шалгадаг. Мөн тухайн мэдээлэл хэр их тархсан байдлаас нь харж байж баримтаа шалгах хэрэгтэй болдог. Mongolian Fact-сheking Center гээд фэйсүүкт чат ботоор шалгуулахыг хүссэн мэдээллүүддээ хүлээж авдаг.
Мэдээллийг шалгахад Crowd Tangle гэдэг хэрэглүүрээр фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг платформууд дээр хэрхэн түгсэн бэ гэдгийг шалгах боломжтой. Энэ нь үнэгүй, хүссэн хүн болгон татаж аваад компьютертээ суулгах боломжтой. Эндээс эх сурвалжууд, хаана түгээж байна, ямар хугацаатай түгээж байна, ямар тайлбартай гаргаж байна гэх мэт энэ бүгдийг хараад эндээс эхний дүгнэлтээ хийх боломжтой" гэлээ.
Google, facebook зэрэг томоохон платформууд худал мэдээллийн эсрэг ажиллаж байгаа. Харин Юүтүбийн хувьд худал мэдээлэлд ямар нэгэн хориг байдаггүй. Иймээс “Олон улсын баримт шалгагчдын сүлжээ” /International Fact-Checking Network/ байгууллага YouTube платформ нь дэлхий даяар худал мэдээлэл түгээдэг гол сувгуудын нэг болсон тул уг платформд нээлттэй захидал илгээсэн байна. Хуурамч мэдээллийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч, мэдээллийн экосистемийг сайжруулах бодлого, төлөвлөгөө боловсруулахын тулд дэлхийн олон орон дахь бие даасан, нам бус баримт шалгагч байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалжээ.
Манай улсад цорын ганц баримт шалгах үйл ажиллагаа явуулдаг Mongolian Fact-сheking Center ч мөн адил удахгүй фэйсбүүк дээрх худал мэдээллийг тамгалдаг болох юм байна. Ингэснээр уг мэдээлэл устгагдаад өнгөрөх биш худал мэдээлэл гэдгийг хүмүүст ялгах боломж олгож байгаа юм байна.