Гэр хорооллын худгаас халуун ус авах боломжийг бүрдүүлжээ. Налайх дүүрэгт анхны худаг ажиллаж эхэлсэн тухай БОАЖ-ын сайд мэдээлжээ.
Худгаас шууд халуун ус авах техник, технологийн боломжит хувилбарыг монголын залуу инженерүүд хийжээ.
Тэд туршилтаа Налайх дүүргийн I хороонд байрлах усны дөрөвдүгээр худагт нэвтрүүлсэн байна. Улмаар тус дүүргийн зургаан худагт байршуулахаар төлөвлөжээ.
Тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халааж, иргэдэд түгээх юм байна. Өмнө нь ус түгээх худгуудад түгээгч суух шаардлагагүй буюу смарт цэнэглэгч картын систем нэвтрүүлж эхлээд байсан. Ингэснээр иргэд цагт баригдалгүйгээр өдөр, шөнийн алинд ч худгаас ус авах боломжтой болж байгаа. Тэгвэл энэ удаад ахуйн хэрэгцээний халуун усыг гэрийнхээ ойролцоох худгаас авах боломж бий болжээ.
Мөн иргэд смарт цэнэглэгч карт ашиглаж халуун ус олгодог худгаар үйлчлүүлэхээс гадна хүсвэл E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжийг давхар шийдсэн аж.
"220 мянган өрхийн халуун, хүйтэн усны дэд бүтэц, бохирын шугамыг шийдэх эхний бодит алхам болно"
Монгол залуу инженерүүдийн төлөөлөл “SEM” /Systems Enjineering Mongolia/ компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга “Бидний ажил Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 220 мянган өрхийн халуун, хүйтэн усны дэд бүтэц, бохирын шугамыг шийдэх эхний бодит алхам болно гэж харж байгаа.
Нийслэлийн иргэдийн шүдний өвчин болсон агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд эхний ээлжид хувь нэмрээ оруулсан шийдэл юм”.
Халуун ус олгох, хэрэглэсэн усыг буцаан татаж 98% хүртэл цэвэршүүлж дахин хэрэглэх шийдлийг дэмжиж ажиллана
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн томоохон хотуудад нэн тэргүүнд нэвтрүүлж, цаашлаад улсын хэмжээнд нэвтрэх боломжтой төсөл гэж харагдаж байна. Хэрэглэгчид бүхий л сонголтыг өгөх хэрэгтэй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь "Усны нөөцийн бохирдол, хомсдол" асуудал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд технологийн шийдлээр айлуудыг шугамаар холбох, халуун ус олгох, хэрэглэсэн усыг буцаан татаж 98% хүртэл цэвэршүүлж дахин хэрэглэх шийдлийг дэмжиж ажиллана" гэв.