Энэ жил уламжлал болсон цагаан сар хэзээ вэ, бид зөв өдрөө шинэлсэн үү гэх маргаан ахин өрнөж, зарим зурхайчид буруу өдрөө шинэлсэн тухай ярилцлага мэдээлэл өгсөөр байна. Тиймээс бид мэргэжлийн хүнээс тайлбар авахаар Физикч Б.Оргилболдтой холбогдлоо.
-Зарим иргэд шинийн 1-нд шинийн 2-ны сар харагдаж, буруу өдрөө шинэллээ гэцгээж байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу. Бид зөв өдрөө шинэлсэн үү?
Бид зөв өдрөө цагаан сарын баяраа тэмдэглэсэн байгаа. Өчигдөр шинийн 1-н байсан нь зөв. Уржигдар буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр дэлхий, нар, сар гурав нэг шугам дээр давхацсан буюу битүүний өдөр болсон.
Дэлхий нар сар гурав нэг шугам дээр давхцаж байхдаа ихэнх тохиолдолд сар бүр мөсөн бидэнд харагдахаа больдог буюу нарны харалдаа очдог нь оройхон тохиодог. Гэтэл уржигдар үд дундын үед сар нарны харалдаа очоод түүнээс цаашаа сар аажим аажмаар нарны гэрэл тусахад бидэнд харагдаж эхэлж байгаа. Аажим аажмаар нарны гэрэл тусахад харагдаж эхэлж байгаа нь энгийн үед болохоор оройхон тохиодог байсан бол энэ жил арай эрт тохиосон учраас энгийн үеэсээ сар зургаан цаг орчмоор түрүүлсэн. Тийм болохоор шинийн 1-ний сар бусад шинийн 1-ний сарнаас илүү тод том харагдсан байгаа. Түүнээс биш өчигдөр шинийн 1-н байсан нь зөв.
Яагаад гэхээр бид шинийн 1-н гэдэг нь анхнаасаа битүүний дараагийн сар харагдаж эхэлж байгаа өдөр шүү дээ. Тийм учраас сар бүр мөсөн харагдахаа больсон нь хоёрдугаар сарын 1-н зөв байсан. Хоёрдугаар сарын 1-нээс нар мандсаны дараа мандаад нар жаргахаас түрүүлээд жаргасан буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр сар огт харагдаагүй. Хоёрдугаар сарын 1-нд сар огт харагдаагүй учраас хоёрдугаар сарын 1-н битүүн байсан нь зөв. Шинийн 1-нд сар арай түрүүлээд нарны харалдаа очоод буцаж гэрэлтээд эхэлсэн учраас өчигдөр арай тод харагдсан.
-Азийн улс орнууд яагаад биднээс нэг хоногийн өмнө цагаан сар тэмдэглэж байгаа юм бол?
-Азийн улс орнууд биднээс нэг хоногоор түрүүлж тэмдэглэж байгаа нь ялгаатай цагалбар ашиглаж байгаа. Нэгдүгээрт биднээс өөр аргачлалаар сарны тооцоог хийдэг. Мөн сарны тооцоо хийдэг байрлал нь биднээс ялгаатай. Азийн ихэнх улс орнууд ашиглаж байгаа цаглабар нь Манж Чин улс байгуулагдахад Манж Чин улсын одон орончид европын одон оронг ашиглаж зохиосон цаглабар байдаг. Үүнийг хүмүүс Хубилай хааны зохиосон шар зурхай гэж буруугаар яриад байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь Европын одон оронг ашиглаад хятадын зурхайч нарын зохиосон цаглабар байгаа. Үүгээрээ уржигдар шинийн 1-н нь таарсан. Харин монголд ашиглаж байгаа цагалбар нь болохоор Хамба лам Ишбалжир гэдэг хүн зохиосон цаглабар. Энэ хүний зохиосон цаглабарыг Улаанбаатар хотоос ажигласан үр дүнгээр явж байгаа нь манай Төгсбуянт зурхай. Төгсбуянт зурхай Хятадын Манжийн үеийн цаглабар хоёр нь өдрөө тоолдог, ажигладаг ажиглалт хоёр нь өөр өөр байдаг учраас өдөр нь ялгаатай гарч байгаа. Угаасаа цаг тооны бичиг нь одон орны асуудлаас болоод ихэнх тохиолдолд нэг хоног алдах тохиолдол гарч байдаг. Энэ жилийн тохиолдол болохоор шар зурхай нэг хоногоор алдсан гэж хэлж болно. Яагаад гэхээр Бээжин хотод ч гэсэн хоёрдугаар сарын 1-нд огт сар харагдаагүй буюу шинийн 1-н нь хоёрдугаар сарын 2-нд байсан юм билээ. Гэхдээ шар зурхайн дагуу хоёрдугаар сарын 1-н шинийн 1-н байсан учраас хятадууд бүгдээрээ хоёрдугаар сарын 1-нд цагаан сараа хийсэн.
-Энэ жил шинийн 3-ний өдөр байхгүй, шинийн 7-н хоёр өдөр байна гэсэн нь ямар учиртай юм бол оо?
-Энэ болохоор сар дэлхийг тойрч эргэх хурд нь харилцан адилгүй байдаг. Дэлхийтэй ойртож ирсэн үедээ илүү хурдан, харин дэлхийгээс холдоод ирэхээрээ илүү удаан эргэх гэх мэтээр хурд нь харилцан адилгүй байдаг. Тиймээс дэлхий сар тойрох тойрог замыг 30 тэнцүү хэсэгт хуваан түүнийхээ аль дээр явж байна гэдгээр тухайн өдөр шинийн хэдэн бэ гэдгийг тодорхойлох аргыг уламжлалт зурхай ашигладаг. Гэтэл сарны тойрох хурд нь харилцан адилгүй байдгаас болоод заримдаа 30 тэнцүү хэсэгт хуваасан хэсгээ хоёр хоногт явах зайгаа нэг хоногт явчих асуудал гардаг учраас заримдаа нэг хоног алгасаад явж болно. Харин зарим үед 30 тэнцүү хэсэгт хуваасан хэсгээс нэг хоногт явах хугацааг хоёр хоногийн турш явах тохиолдол гардаг учраас нэг өдөр хоёр давхацдаг тохиолдол гардаг.
Баярлалаа.