Манай улсын 144 мянган иргэн гаднын улсад байдаг гэсэн тооцоо бий. Энэ бол ердөө албан ёсоор бүртгэгдсэн гаднын улсад амьдарч буй иргэдийн тоо. Тооллогод ороогүй олон Монгол гаднын улсуудад суурьшин амьдарч байгаа. Харин эх орноосоо шилжин явагчдын 78 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс. Монголд байгаа хоёр залуу тутмын нэг нь мөн адил гаднын улсуудад сурч, хөдөлмөрлөх хүсэлтэй. Гэвч иргэд олноор гадагшаа явахыг хүсэж буй нь нийгмийн сэтгэл зүй хүнд байдалд орсныг илтгэж байгаа гэдгийг нийгэм судлаач онцолсон юм. Дайн дажингүй, энх тайван цагт яагаад эх нутаг, төрсөн эцэг эхээ үлдээн гаднын улс руу очиж ажиллаж, амьдрахыг илүүд үзэж байгаа талаар иргэдээс тодрууллаа.
ИРГЭД:
"Энд сурахаар орчин нь жоохон хэцүү санагдаж байгаа. Гадаадад орчин нь гоё. Ядаж л утаагүй. Эрүүл мэндэд сайн гэж бодогдож байгаа. Бакалаврынхаа дөрвөн жилийг сурчхаад Монгол тэр үед ямархуу байх нь уу тэрнээс л шалтгаална даа"
"Их сургуульд сурахдаа гадаадад сурах төлөвлөгөөтэй. Монголоос илүү мэдлэг өгч чадах юм даа. Боловсролын систем нь илүү шүү дээ"
"Ер нь бол явна. Миний сонгосон мэргэжил тэнд арай илүү хөгжсөн. Тийм учраас гаднын улс руу явахаар шийдсэн. Төгсөөд тэндээ хэсэг хугацаанд ажиллана"
"Гадаадад сургуульд явах гээд TOEFL-доо бэлдээд, сургалтад явж байна. Ээж Монголд сурч авсан дипломоос гадаадад сураад авсан диплом ирээдүйд ажилд ороход илүү үнэ цэнтэй гэж хэлсэн"
"Би гадагшаа явна гэж бодож байгаа. Шалтгаан нь диплом л юм даа"
"Утаа, стресс замын түгжрэл гээд хүмүүс ер нь стресстэй амьдарч байгаа. Ер нь амьдрах орчин ч таагүй болчихсон. Тийм болохоор явна гэж боддог доо. Очсон газар минь таатай нөхцөлтэй байх юм бол тэндээ үлдэхийг л бодно"
"Гадагшаа явах бодол байгаа. Сургуулиа төгсчихвөл тэгээд мөнгө л олох зорилготой явна даа. Болж өгвөл цаашдаа ч гэсэн гадаадад л байна"
"Мэргэжлээ дээшлүүлнэ. Боловсролдоо анхаарна. 5-6 жил амьдрахыг хүсдэг. Энэ чигээрээ гадагшаа явахгүй амьдарна гэвэл асуудалтай л байна"
"Болж өгвөл явах л бодолтой байгаа. Монголд ажлын байр, цалин хөлс, үнийн өсөлт, мөнгөний ханш яаж унаж байгаа билээ тэрэнтэй л холбоотой гэж хэлж болно"
"Хэрвээ явахаар бол сурахаар л явах байх даа. Одоо Монголд хийе, бүтээе гэхээр нэгдүгээрт нийгмийн даатгалын шимтгэл нь өндөр. Татварын хувь нь өндөр. Ажиллаж, амьдаръя гэхээр эрүүл, аюулгүй орчин нь ч хангагдаагүй хэцүү санагддаг"
"Явна явна. Ажил хийгээд л байдаг. Өглөө гараад орой ирнэ. Авч байгаа цалин нь амьдралд хүрэхгүй байна шүү дээ" гэж иргэд хариулсан юм.
Тайван амгалан, ардчилсан гэх тодотголтой эх орноосоо иргэдийн ихэнх нь явах хүсэлтэй байна. Иргэдийн хувьд төрөл бүрийн шимтгэл, бага цалин, утаа, замын түгжрэл, нийгмийн стресс зэргээс шалтгаалж илүү аюулгүй амьдрахад тав тухтай улсад очиж, амьдрахыг хүсдэг гэдгээ хэллээ. Иймд нийгэм судлаачаас нийгмийн сэтгэл зүйн байдлын талаар тодруулахад,
Ц.Батсугар "Өөрийн амьдарч байгаа орноосоо шилжин явах гэдэг бол байдаг үзэгдэл. Байнгын зөрчил мөргөлдөөнтэй, дайн тулаантай эсвэл байгалийн томоохон гамшиг болсон эсвэл улс оронд нь гэмт хэргийн гаралт өндөр, аюулгүй байдлын эрсдэлтэй улсаас хүмүүс их хэмжээгээр явах үзэгдлүүд байгаа.
Манай орны хувьд харьцангуй тайван, зөрчил мөргөлдөөн багатай, шашны үндэсний хоорондын ялгаа байхгүй. Улс төрийн байгуулалтын хувьд харьцангуй нээлттэй, ардчилсан орон. Гадагшаа гарах сонирхол юутай холбоотой байна вэ гэхээр амьдралын чанартай л холбогдож байгаа юм. Амьдралын чанар гэдэгт цалин хөлс, өрхийн санхүүгийн асуудлууд, боловсролын асуудлууд зэрэг ерөнхийдөө нийгмийн үйлчилгээний асуудлууд бий.
Их хэмжээгээр хүмүүс гадагшаа явж байна гэдэг нь хэдийгээр манайд зөрчил мөргөлдөөн дайн тулаан байхгүй ч гэсэн хүмүүсийн санаа бодол тийм хэмжээнд байгаатай ялгаагүй. Цөөн хүн амтай жижиг улс учраас хүн амын ялангуяа боловсон хүчин гадагшаа явна гэдэг бол эдийн засаг, бусад нийгмийн асуудлын хүрээнд ч тэр маш том эрсдэлтэй. Шилжин явагчдын 78 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байдаг. Энэ нь магадгүй яваандаа нийгмийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлтэй" гэв.
Анхаарлаа зайлшгүй хандуулах шаардлагатай зүйл бол хөдөлмөрийн насны иргэдийн гаднын улсыг зорих болсон явдал. Иймд төр засаг иргэд, залуучуудад чиглэсэн бодитой, үр дүн өгөхгүйц ажил хийх нь чухал болоод байна.