ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээ, илрүүлэгтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр "Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 60 хувь нийслэлд, 40 хувь орон нутагт байна. Өмнө долоо хоногтой харьцуулахад орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөөд байгаа. Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт олон тохиолдол бүртгэгдэж байна. Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан. Одоо нэмэгдсээр 30 хувь хүрч зургаа дахин нэмэгджээ. Өмнөх давлагааны буюу дельтагийн халдварын үед шинжилгээнд эерэг эзлэх хувь хамгийн оргил үедээ 33 хувьтай болж байсан.
Эмнэл зүйн хувьд эрчимт эмчилгээний заалттай нэн хүнд хүний тоо 0.7-0.8-ын хооронд байна. Харин дельтагийн үед эрчимт эмчилгээний заалттай хүн 2.2-2.3 хувь, альфагийн үед 2.7-2.8 хувьтай байсан. Омикроны давлагаа альфа болон дельтатай харьцуулахад нэн хүнд хүний тоо 2.5-3.5 дахин бага байна. Нас баралтын тухайд өмнөх хоёр давлагаанаас бараг 10 дахин бага үзүүлэлттэй байна.
Томуу, томуу төст өвчний тохиолдлын 40 хувь нийслэлд, 60 хувь орон нутагт бүртгэгдэж байгаа бөгөөд зургаан аймаг дэгдэлтийн түвшинд, 12 аймагт томуу, томуу төст өвчний идэвхжлийн түвшинд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар есөн вирус бүртгэгдээд байна.
Вакцины бүрэн тунд хамрагдсан 2.1 сая хүн байгаа бол хоёр хоногийн өмнө дархлаа сэргээх гуравдугаар тунд хамрагдсан хүний тоо нэг саяыг давлаа. 78 мянган хүн дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд хамрагдаад байна" гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл коронавируст халдварын Омикрон хувилбарын үеийн эмнэл зүйн шинж тэмдэг, эмнэлгийн орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинж тэмдгийн хувьд амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг илэрч байна. Хүндэрсэн тохиолдолд цээжээр өвдөх, амьсгаадах, цустай цэр гарах, хэд хоногоор халуурч байгаа. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаарай.
Хүүхдийн өвчлөлийн хувьд 0-18 насны 170,000 хүүхэд өвдсөний 72 хувь нь 0-11 насны хүүхдүүд байна.
Өнөөдрийн байдлаар 11,084 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 0.8 хувь нь нэн хүнд, 8.3 хувь нь хүнд шинж тэмдэгтэй байна. Омикроны үед хүндрэх эрсдэл өмнөх хоёр давлагаатай харьцуулахад 2.5 дахин бага байгаа юм.
Гэрийн нөхцөлд 59,381 хүн хянагдаж байна. Халдварын шинж тэмдэг илэрвэл та өрх болон сумын анхан шатны эрүүл мэндийн байгууллагадаа хандаж эмчилгээ заалгаж авна. Ингээд эмчилгээ хийлгэх явцад таны биеийн байдал сайжрахгүй бол утсаар эсвэл өөрийн биеэр эргэж очоод зөвлөгөө авах, КОВИД-19-ийн амбулаторид үзүүлэх боломжтой.
Омикрон хувилбарын давлагааны үед орон нутагт 42 ЭМТ-ийн 5,482 орыг, нийслэлд 35 эмнэлгийн 4,345 орыг дэлгэн ажиллуулж байгаа" гэдгийг хэллээ.