Монголдоо анхдагч аймшгийн цуврал гэдгээрээ онцлог “Амьд бус амьдрагсад” кино нь хүүдээ хоргодсон эхийн сэтгэлийг өгүүлэх юм. Кино нь нийт найман ангитай. Зураг авалтыг 45 хоног буюу нэг бүрэн хэмжээний кино хийх хугацаанд хийснээрээ рекорд тогтоохуйц хурдан хугацаанд бүтжээ. Анги бүрдээ онцлог, утга санаа агуулгатай. Монгол ахуйтайгаа холбож, Монгол аймшгийн кино гэдэг утгаараа түгшүүртэй хэв маягтай уг кино Э.Отгондоржийн санаачлагаар эхэлж ерөнхий найруулагчаар А.Баттулга ажиллаж, "Melmii entertainment", "Дөрвөн бэрх Фильм" болон "Channel 11" телевизийн уран бүтээлчид хамтран бүтээсэн байна.
Киноны зураг авалтад 100 гаруй уран бүтээлч оролцжээ. Кино зохиолыг зохиолч Ц.Билгүүний эх зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Уг зохиол нь "Монголдоо хамгийн их" үзэлттэй аймшгийн аудио зохиол юм. Киноны гол дүрд шинэ залуу жүжигчид болон Гавьяат жүжигчин Т.Борхүү, Б.Базаррагчаа, Ц.Төмөрхуг нар тогложээ.
Энэ талаар “Мэлмий” энтертайнментийн захирал, ерөнхий найруулагч А.Баттулга "Анх Хард Билгүүн гээд зохиолчийн эх зохиол, бэсрэг туужийг манай Э.Отгондорж гээд төсөл санаачлагч кино болгоё гээд зохиолчтой нь уулзаж, зохиолоор нь кино хийх санал тавихаар Дашинчилэн рүү очиж өөрөөс нь гардаж зөвшөөрөл авч байсан. Тэгээд энэ зохиолыг кино болгох эхлэл тавигдаж байлаа. Сцена болгон дээр жижиг санаа, өгүүлэмжүүдийг гаргаж өгөхийг хичээсэн. Монгол ёс заншил. Ямар ёсыг зөрчиж болдоггүй вэ? Босгон дээр зогсдоггүй, араг хоосон байлгадаггүй, хоосон араг дээш нь харуулдаггүй, арган дээр суудаггүй, хээр унтдаггүй, үүд рүү харуулж цай самардаггүй. Гэрийн бүслүүр гурав байдаг, хоёр байдаггүй гэх жишээний харах юм бол дүрсээр илэрхийлсэн зүйлс нэлээн байгаа. Ерөнхийдөө гол санаа нь үхэвч үр харам гэдэг шиг эхийн хайрыг ямар ч хүчин зүйл, юу ч дийлэхгүй гэдэг гол том санаа бий.
Түүх нь хэлмэгдүүлэлтийн үе 1937-1940-өөд оны үе болж байгаа үйл явдлаар нэмсэн. Эх зохиолоос тусад нь нэмж оруулсан. Эх зохиол дээрээ байдаггүй юм л даа. Хүүхдээ хүлээгээд сүнс нь хорогдчихсон эмгэний тухай гардаг. Тэрийг нь бид 1937-1940 оны аваачиж хэлмэгдүүлэлтийн үе болгосон. Тухайн үед олон хүнийг хэлмэгдүүлж хөнөөдөг байсан. Тэр үед хэлмэгдээд нас барчихсан хүүхдэдээ хорогдож байгаа сүнсний тухай юм. Кино найман ангитай. Нэг анги нь ойролцоогоор 40-45 минутын хооронд үргэлжлэх хугацаатай. Зураг авалтыг шахуу буюу бараг рекорд тогтоосон гэж хэлж болохоор нэг ангитай киноны зураг авалтын хугацаанд 8 ангитай кино, 280 сцена авч дууссан.
Кино зураг авалт Төв аймгийн Батсүмбэр сумын Түшээ Хан гээд хайрханы өвөрт авсан. Алтан гадас гээд амралтын газар түшиглээд, тэнд кино групп маань байрлаад амралтаас хойш Түшээ Хан хайрханы хоёр өвөрт ээлжлээд л зураг авалтаа хийсэн дээ. Ер нь түгшүүртэй аймшгийн кино. Холливүүдын кино шиг хүн хороогоод байхгүй, цус нөж гаргаад байхгүй, Солонгосынх шиг хүн цочоогоод, буруу харж мөлхөөд байхгүй. Монгол аймшиг чинь цаагуураа нэг дээр үеийн кинонууд байдаг даа. Айлгахгүй хэрнээ, түгшээгээд л байгаад байдаг. Тийм түгшүүртэй, айдастай кино.
Амьд бус амьдрагсдын үзэгчдэдээ хандаж хэлэхэд уран бүтээлийг маань таалан соёрхож байгаад баярлалаа. Айдсыг мэдэрч чадсан бол маш их баярлалаа" гэв.