“Ээлтэй Ертөнц” ТББ-ын дэргэдэх “Ханни” хүүхдийн зөөлөн тоглоомын үйлдвэр хил хаагдаж, түүхий эд тасарсантай холбоотойгоор үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрээд байна. Энэхүү үйлдвэр нь оюуны хүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийг ажлын байраар хангах мөн хүүхдүүдийг "Энэрэл" төвөөрөө дамжуулан сэргээн засах, боловсролын зэрэг төрөл бүрийн цогц хөтөлбөрүүдэд хамруулдаг юм байна. Чихмэл, зөөлөн тоглоомоос олсон ашгаараа "Энэрэл" төвийнхөө үйл ажиллагааг явуулж, ажлын байраар хангадаг ч ийнхүү үйл ажиллагаа нь түр зогсоод хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ.
"Миний хүү оюуны бэрхшээлтэй. Дунд хүү маань одоо 17 настай. Өнөөдрийн нийгэмд миний хүү 17 настай учраас ажлын байраар хангагдах ёстой. Нийгэмд байх ёстой. Гэтэл оюуны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүнийг ойлгодог, тэр хүнд тохирсон ажлын байр маш ховор, бараг байхгүй гэж хэлж болно. Миний хүүтэй адилхан оюуны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилтай болгох, энэ хүмүүсийг хөгжүүлэх, хөгжлийг нь дэмжих үйл ажиллагаанууд илүү олон байгаасай гэж боддог. Хүүхдээ асрангаа хажуудаа зөөлөн тоглоом хийгээд өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг хараад 2011 оноос энэ үйлвэрлэлээ эхлүүлсэн. Тэрнээс хойш хүүхдийнхээ дэргэд хийж байсан энэ үйлдвэрлэл маань 2018 онд М-Си-Эс Эстэйтс компанийн дэмжлэгтэйгээр үйлдвэр болж өргөжсөн. Мөн ажил олоход хүндрэлтэй 45-аас дээш насны эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах гэсэн ийм зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг.
Энэ үйлдвэрээс гарсан тоглоомын борлуулалтын ашиг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төвийн зардлыг шийддэг. Цогц, сэргээн засах үйлчилгээ, боловсролын үйлчилгээтэй хамтад нь үзүүлдэг хөгжүүлэх төвийг ажиллуулдаг байгаа.
Ер нь 10-р сараас эхлээд хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй байгаатай холбоотойгоор зөөлөн тоглоомын үйлдвэрлэл маань өмнө нь хийж байсан бэлэн бүтээгдэхүүнүүдээ худалдаалан, дахин нэмж ямар нэгэн бүтээгдэхүүн хийх боломжгүйгээр зогсчихсон байна. “Энэрэл” төвийн үйл ажиллагаа маань зөөлөн тоглоомын үйлдвэртэй салшгүй холбоотой, санхүүжилт нь шийдэгдэж явдаг. Одоогоор хоёр үйл ажиллагаа маань зэрэг түр хугацаагаар зогсонги байдалтай байгаа.
2011 оноос хойш нийтдээ 100 орчим ээж, аавуудыг тодорхой хэмжээгээр цалинжуулаад ажлын байраар хангасан байдаг. Өнөөдрийг хүртэл ажиллаж байхад ээж, аавууд маань хүүхдээ асрангаа хүүхдийнхээ төлөө, амьдралынхаа төлөө чин сэтгэлээсээ хандаж олон тууштай хүмүүсийг хараад хүндэлдэг. Ер нь хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр арай өөр, энгийн хүн гэхээр бас нэг арай өөр гэдэг ойлголттой байгаад байдаг. Гэтэл ялгаагүй л хүн. Ялгаагүй л хүүхэд. Тэр утгаараа бүгдээрээ адилхан харьцаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" гэж хэлсэн юм.
Хил гааль хаасантай холбогдуулан олон байгууллага, үйлдвэрүүд зогсонги байдалтай байгаа юм. Иймээс төр засаг дараа, дараагийн удаад жижиг, үйлдвэр эрхлэгчид болон ард иргэдийг хүнд нөхцөл байдалд оруулахгүйн тулд бэлтгэлтэй, бодлоготой байх ёстойг үйл ажиллагаа нь зогсож, үнэ нь нэмэгдсэн бараанаас тодхон харж болох биз.