Ковид болон омикрон халдвараар өвчилсний дараа ядарч сульдах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг иргэдийн дунд ихээр ажиглагдаж байгаа. Тиймээс ковид тусаад эдгэсний дараа ямар хоол хүнс хэрэглэж, хэр хугацаанд дасгал, хөдөлгөөн хийж болох талаар эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч Н.Дэлгэр дараах зөвлөгөөг өглөө.
Тэрбээр "Ер нь ковид-19 халдвар нь амьсгаадалтыг нэмэгдүүлдэг, эмгэгийн хувьд цусны өтгөрөлтийг нэмэгдүүлдэг. Янз бүрийн цус өтгөрөлтийн хүндрэлүүд гараад байгаа гэсэн үг. Тэгэхээр вирус харьцангуй цус өтгөрөлтөд нөлөөлж байгаа гэсэн үг. Цаашдаа 1-2 сарын хугацаанд цус шингэлэх эмүүдийг хэрэглэх шаардлагатай байгаа.
САЙН УНТАЖ АМРАХ НЬ ЭМНЭЭС ИЛҮҮ ДАРХЛАА ДЭМЖИНЭ
Энэ өвчин маань 10 хоногт эдгэрээд гарч байна гэсэн үг биш. Эмнэл зүйн шинж тэмдэг нь харьцангуй буурч байгаа. Үүний дараа хүмүүс хэлж байгаа. Дунджаар 2-3 сарын хугацаанд ядралт ихтэй, хөлс их гарч, амьсгаадаж байна гэдэг зовуурууд үргэлжилж байгаа. Зарим тохиолдолд сар хүртэлх хугацаанд ханиалгах ч юм уу тиймэрхүү зовуурууд байдаг. Тэгэхээр хамгийн гол нь иргэд янз бүрийн эмийн эмчилгээ гэхээс илүү маш сайн унтаж амрах. Өдөрт доод тал нь 8 болон 8-аас дээш цагаар унтаж амрах ялангуяа жирэмсэн эхчүүд сайн, бат бөх нойр авах хэрэгтэй.
Эрт дээр үеэс ханиад хүрэхэд шөлтэй хоол ид гэдэг. Амин дэмтэй шөл, тойгны шөл, удаан хугацаанд буцалгасан шөлнүүд маань маш их кальци, калигаар баялаг байдаг. Тэгэхээр хүний эрдэс бодисыг хангаж өгч байгаа гэсэн үг. Нэг талаасаа ковидийн үндсэн зовуур нь маш их хэмжээний хөлөрч байгаа. Бид хөлсөөр дамжуулж кальци, кали гээд маш олон тооны амин дэмүүдээ алдаж байдаг. Үүнээс үүдэлтэйгээр ковидийн дараа шөрмөс таталт маш их байгаа. Тэгэхээр калигаа нөхөх ясны шөлтэй хоол, үзэм, чангаанз зэргийг хэрэглэвэл зохистой. Ковидийн дараа хэт их биеийн хүчний ачаалал авч болохгүй. Хөнгөн хөдөлгөөн хийж болно. Өөрөөр хэлбэл өдөрт 30 минут алхах, амьсгалын дасгал хийж болно. Хамгийн хялбараар гэвэл зургаа тоотод амьсгал аваад хоёрын тоонд түгжээд дөрвийн тоонд гаргах зэрэг ийм байдлаар амьсгалаа удаан аваад түгжээд гаргах ийм амьсгалын дасгалуудыг санах бүрдээ эсвэл өдөрт гурван удаагийн давтамжтай 3-4 удаа хийж байвал сайн.
ӨНДӨР ТУНГААР Ц, Д ВИТАМИН УУЖ БОЛОХГҮЙ
Цэвэр агаараар амьсгалбал уушги тодорхой хэмжээний доройтолд орчихсон байгаа. Түүний сэлгэж буюу эргэлтийг нь сайжруулаад үйл ажиллагааг нь дэмжих үйл явц үзүүлдэг. Цэвэр агаар сайн гарах хэрэгтэй.
Өрцний булчин дээшлээд, амьсгалах талбай багассан жирэмсэн эхчүүд маань амьсгалын дасгалыг маш сайн хийж байх хэрэгтэй. Боломжтой бол таваас дээш сартай жирэмсэн ээжүүд иогоор хичээллэвэл тохиромжтой. Ковидийн дараа сайн гэхээр Д витаминыг өндөр тунгаар хэрэглэх эсвэл Ц витаминыг 1000 мг-аар хоёр гурван сараар маш их хэмжээгээр уух тохиолдлууд гарч байгаа. Д витаминыг өвлийн улирал учраас 1000-2000 идтэй өдөр бүр хэрэглэх зүгээр. 400 мг-тай магнийг ядралт ихтэй байгаа учраас бас хэрэглэж болно. Бусдаар харьцангуй хоол хүнсээр алим, жимс жимсгэнэ, цагаан идээ, ааруул, ээзгийнээсээ бусад витамины хэрэгцээгээ хангах боломжтой" гэв.
Иймээс иргэд та бүхэн ковидоор өвчлөөд эдгэсэн ч биеэ тэнхрүүлэхэд анхаарч дээрх зөвлөгөөг хэрэгжүүлж дархлаагаа дэмжээрэй.