Анх хашаандаа байгаа нохойгоо чичирч буйг хараад дулаан үүр хийж өгснөөр нохойн үүр хийх бизнесийн санаагаа олсон Э.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр нохойн үүрний загвар хийцээ цаашид улам боловсронгуй болгож гаднын улсууд руу экспортолж, амазонд тавихыг зорьж байна гэсэн юм.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Энхбаатарын Гантулга гэдэг. 30 настай. Одоогоор “Dog house” хийж байна даа. Аав, ээжийн хамт амьдардаг.
Анх хэрхэн модон эдлэлээр юм хийхийг сурч байсан бэ?
-Аав маань мужаан хүн. Бага байхад модоор их олон зүйл хийдэг байсан л даа. Аав минь надад хөрөө яаж барих уу, хадаас яаж хадах, юмыг яаж тэгшхэн хөрөөдөхийг хүртэл зааж өгсөн. Аавынхаа гарын ур дүйг өвлөж авсан гэж хэлж болно. Би “Canada House” барьдаг бригадад ажилладаг.
"ХИЙСЭН ЮМАА ЭРГЭЖ ХАРААД ЭРГЭЭД МАШ ИХ СЭТГЭЛ ХАНАМЖ АВДАГ"
-Тав, зургадугаар ангид байхад хөдөлмөрийн хичээл дээр төрөл бүрийн зүйл хийдэг. Тэгэхэд өвлийн амралтаар модоор байшин хийх даалгавар өгч байсан. Ер нь өөрөө үүндээ их сонирхолтой, хоббитой. Тэгээд зураг хараад дагаад янз бүрийн л юм хийж байсан даа. Аав, ээжийнхээ байшинг 18 настай байхдаа зураг хараад аав, дүүтэйгээ хамт барьж байсан. Био нойлын кабин хийж байсан.
Бүтээлээ хийж дуусгах мэдрэмж ямар байдаг вэ?
-Хийсэн юмаа эргэж харахаар түүнээсээ сэтгэл ханамж авдаг гэж хэлж болно. Дагаж хийсэн бол байн байн зурагтайгаа харьцуулж хардаг ч юм уу.
Нохойн үүр хийх санаагаа анх хэрхэн олсон бэ?
-Би найзаасаа нэг нохой 2011 онд авсан. Бро гэж дууддаг. Одоо нэлээн хөгширчихсөн. Тэр нохой маань хашаанд байдаг. Хуучин нэг үүртэй байсан. Өглөө босоод цонхоор харахаар нохой маань чичирсэн байж байдаг. Тэгээд дулаахан, доторлогоотой, террастай үүр хийе гэдэг санаа төрсөн. Би Солонгос улсад хоёр жил ажиллаж, амьдарсан. Тэгэхэд тэнд хүмүүс нохой, муурыг бараг хүүхэд шигээ хайрладаг. Тэгээд л монгол нохой яагаад заавал гадаа хүйтэнд ийм байдалтай байх ёстой гэж бодоод үүр хийсэн дээ.
Үүрийнхээ хийц, загварыг хэрхэн гаргасан бэ?
-Анхны үүрийн загварын хийцийг 2011 онд аав маань гаргаж байсан. Миний хувьд одоо хийж байгаа загвараа 2021 оны 10 дугаар сарын сүүлээр гаргасан. Аавын тэр загварыг харчхаад өөрчлөхөөр амазоноос зургууд хайсан. Нэлээн ч судалсан. Үүрээ хийхэд тухайн нохойн онцлог. Хийх материал, хэмжээ, ааш араншингаас нь шалтгаалж төмөр болон модоор хийх эсэхээ сонгодог. Одоогоор таван загвар байгаа. Ер нь шинэ загвар гаргахдаа 10 гаруй хоног боддог ч хийхдээ 2-3 хоногт нэг үүр хийдэг.
"НОХОЙ Ч ГЭСЭН ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ГЭР БҮЛИЙН НЭГ ГИШҮҮН ШҮҮ ДЭЭ"
Үүр хийхэд голчлон мод ашиглаж байна уу?
-Нохой дулаан үүртэй байх ёстой. Үүр нь хаалгатай, агааржуулагчтай, доторлогоотой, болж өгвөл гэрэлтэй байвал зүгээр юм билээ. Материалаа болж өгвөл модоор л хийхийг зорьж байгаа. Ер нь үүр хийхэд голчлон мод, дээврээ шингласаар хийгээд тэгээд туслах материал орно. Гадна талыг нь будахад лазурь ашигладаг. Идүүр гээд түмпэн шидчихдэг байсан. Тэрийг нь бас сольсон. Нохой ч гэсэн халуун зүрхтэй, бидний гэр бүлийн гишүүнээс ялгаагүй амьтан шүү дээ. Хашааны манаач биш.
Анх хэрхэн захиалагчтай болсон бэ?
-Нохойдоо үүр хийчхээд “Хашаандаа сайхан амьдаръя” группд зургийг нь тавьсан. Тэгсэн хандалт сайтай ч байсан. Хүмүүс ч их захиалга өгсөн. Хүмүүс бас санаа бодлоо хэлээд нохойдоо зориулаад үүр хийлгэж байгаа нь их гоё санагдсан. Одоогоор гурван сарын хугацаанд 70-80 үүр хийсэн байна. Дотооддоо "экспорт" хийсэн. Хөдөө орон нутгаас их захиалга ирж байгаа. Орон нутаг руу хэд хэдэн удаа хүргэлтээр үүрээ явуулсан. Захиалагчид маань маш сэтгэл хангалуун байгаа.
Хоёр туслах ажилтантай. Аав туслаад, ээж хоол хийдэг.
Цаашдын төлөвлөгөө тань юу вэ?
Ойрхноор нь Орос руу ч юм уу гадагш гаргаж үзье гэж бодож байгаа. Дараа нь амазонд тавина гэж зорьж байгаа. Цаашлаад шалны халаалттай, гэрэлтэй болгоно. Бас байранд амьдардаг нохдод төмөр торон үүр хэрэг болдог. Гаднаас оруулж ирж байгаа үүрийг Монголдоо үйлдвэрлэе даа.
Нохойтоо хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Үнэнч анд нөхдөө хайрлая. Амьд амьтан шүү дээ. Тэд ч гэсэн дулаан "гэр"-тэй байх эрхтэй.