Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал АНУ-ын Аризона мужид болсон 10 өдөр 10 шөнийн гүйлтэд 12 дугаар сарын 27-оос нэгдүгээр сарын 7-ыг хүртэл 240 цагт 1111 км замыг амжилттай туулж, ес дэх удаагаа аварга болсон юм. Монгол хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулж, улсынхаа далбааг олон улсад мандуулж яваа Б.Буджаргал цаашид дэлхийн рекорд тогтоохыг хүсдгээ бидэнтэй хуваалцлаа.
Сайн байна уу? Олон өдрийн хэт холын зайн гүйлтэд ес дэх удаагаа аварга болж байгаад тань баяр хүргэе. Энэ тэмцээний онцлог нь юу вэ?
Зам өгсүүр, уруутай. Нийт замын 30 хувь нь засмал, 70 хувь нь шороон замтай байсан. Цаг агаарын үзүүлэлт сэрүүхэн талдаа. Энэ тэмцээн олон удаа зохиогдож байгаа. Би 2018 онд орж зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд нь нэгдүгээр байр эзэлж байсан. Энэ удаагийнх 10 өдрийн гүйлт байлаа.
10 өдрийн холын зайн гүйлтийн тэмцээнд хэчнээн тамирчид оролцсон бэ?
Дэлхийн аль ч улсад оролцсон 100 орчим тамирчин л ордог. Нээх олон хүн ордоггүй. Яагаад гэвэл ийм олон өдөр гүйх дуртай хүмүүс дэлхийд ховор. Тиймээс энэ спортоор идэвхтэй хичээллэдэг хүн тийм ч их биш.
Олон өдөр гүйхэд хүндрэлтэй зүйл их тохиолддог уу?
Нар шараад хэцүү үедээ хэцүү. Халуун нар, цасан шуурга, усан бороо байсан ч олон зайн өдрийн гүйлтийн тэмцээн үргэлжилдэг. Завсарлага авна, амарна гэж байхгүй. Сүүлд би Нью-Йоркод тэмцээнд ороход бүтэн долоо хоног тасралтгүй усан бороо орж байсан. Хүйтэн мөстэй алчуур толгой дээрээ тавиад, уутан мөс хийж бэлхүүсээрээ уяад, усаа цацаад л халуун явна шүү дээ.
Монголд олон өдрийн гүйлтийн спортоор хичээллэдэг хэр олон хүн байдаг вэ?
Монголд энэ спортоор хичээллэдэг, олон өдрийн гүйлтийн тэмцээнд оролцсон тав, зургаан хүн бий. Ер нь би анх 2014 онд орсноос хойш монгол хүмүүс оролцож байгаа. Гэхдээ над шиг байнгын бэлтгэл хийгээд, тууштай тэмцээнд оролцдог хүн бараг байхгүй. Хамгийн олон орсон нь хоёр удаа орсон хүн л байдаг. Олон удаа орох бас хэцүү л дээ. Хөл хорионоос шалтгаалаад бас гадагшаа явж чадахгүй байх шиг байна. Дээрээс нь онгоцны билетийн үнэ нэмэгдчихсэн. Олон өдрийн гүйлтийн тэмцээнд ороод байр эзэлсэн ч мөнгөн шагнал огт өгдөггүй. Тиймээс санхүүгийн хувьд хичээллэхэд хүндрэлтэй спорт. Цом, медаль дурсгалын эд зүйлс л өгдөг. Тэгээд энэ тэмцээнд орохын тулд 1000 доллар төлдөг. 1300 доллар төлж ордог ч тэмцээн байна.
Олон өдрийн гүйлтийн тэмцээн их эртнээс үүсэлтэй хамгийн анхны Францад болж байсан юм билээ?
Одоогоос 100 гаруй жилийн өмнө Францад болж байсан гэсэн. Сүүлийн 50 жилд АНУ-д нэлээд хөгжиж байгаа. Ер нь бол шинэхэн спорт, гүйлтийн төрөл шүү дээ.
Олон өдөр гүйхээр хоол, нойроо яаж зохицуулдаг вэ?
Зарим өдөр 30 минут ихдээ 2-3 цаг унтаж байсан. Хоолны хувьд дандаа жимс, ногоо идсэн. Зарим орны тамирчид олон цаг унтдаг. Миний хувьд бага унтдаг. Энэ нь хэрэглэдэг хоол хүнстэй маань холбоотой байж магадгүй. Жимс ногоогоор хөнгөн хооллодог. Сүүлийн гурван жил жимсээр хооллож байна. Жимсээр хооллохоор хүний бие их хөнгөн байдаг. Нөхөн сэргэлт хурдан байдаг. Урд нь махан хоолтон байхад олон цагаар унтаж байж сэргэдэг байсан бол одоо жимсэн хоолтон болсноор 30 минут унтахад л сэргэчхэж байгаа юм. Бараг хоосон мацаг барих маягтай гүйхээр илүү сайн. Жимсээ ч гэсэн маш бага иднэ. Их идэхээр л ядраад байгаа. Ядрах, унтах, хоол гурав чинь ах дүү гурав юм байна. Их идээд байвал ядраад, унтаад байдаг юм байна гэдгийг л биеэрээ мэдэрлээ. Тэр ч бүү хэл дэлхий дээр огт хоол идээгүй, агаар энергиэр хооллодог хүмүүс ч байдаг. Гүйх нь оюун санаа, сэтгэл зүй, ухамсартай мөн холбоотой.
Энэ спортоор хичээллэж эхлэх болсон шалтгаан нь юу вэ?
Би дунд сургуульд сурдаг байх үеэсээ л гүйдэг, гүйх дуртай хүүхэд байсан. Сүүлд нэг хэсэг их жин нэмсэн юм. Тэгээд жингээ хасах зорилготой гүйж эхэлсэн. Гүйгээд нэг сарын хугацаанд 15 кг хасаж байсан. Монголд хамгийн хол зайн гүйлт нь 24 цагийн уралдаан байдаг. Би тэр уралдаанд орж, түрүүлсэн. Тэгээд урам ороод жил бүр оролцдог болсон. Тэмцээний нэр нь “Өөрийгөө ялах” гэдэг нэртэй байсан. 2011-2013 онд энэ тэмцээндээ гурван жил дараалан аварга болсон. 2013 онд 180 км гүйж, Монгол Улсын рекорд тогтоосон. Тэрнээс хойш урам ороод гадагшаа явж гүйж үзье гэж бодсон. 2014 онд АНУ-д анх олон улсын тэмцээнд орж байлаа. Ингээд нийтдээ одоогоор 14 тэмцээнд оролцсон байна. Холын зайн гүйлтийн тэмцээнүүд ихэнх нь АНУ-д болдог. Сүүлд харин БНХАУ болон Тайландад болсон. Олон өдрийн гүйлт махан бие, булчин шөрмөсөөрөө гүйдэг биш оюун санаа, дотоод ухамсраараа гүйдэг юм байна гэдгийг таньж мэдсэн. Өөрийн дотоод сэтгэл, залхуурал, муу бодлоо ялан дийлээд ирэхээр их сайхан л даа. Тэгээд л ер нь холын зайн гүйлтэд дуртай болсон доо.
Бэлтгэлээ яаж хийдэг вэ? Өвлийн улиралд бэлтгэх хийх хүндрэлтэй байдаг уу?
Монголд өвлийн улиралд бэлтгэл хийх хүндрэлтэй. Гэхдээ гүйдэг л байсан юм даа. Идэр есийн хүйтэнд гурван давхар бэлтгэлийн хувцас өмсөөд л Туул гол дагаад салхи сөрөөд үүрээр гүйдэг байсан. Цасан шуурганаар ч гэсэн гүйдэг л байлаа.
Энэ спортоор хичээллэж байхад шантарч байсан үе байгаа юу?
Тэмцээнд орох болгондоо л больё гэж боддог. Гүйх болгондоо дахиж хэзээ ч гүйхгүй больё гэж бодно. Яагаад гэвэл гүйж байхад маш их ядардаг. Тэгээд л тухайн үедээ энэ тэмцээнд ороод л больё. Зодог тайлъя гэж бодогдоно. Ядралтад л тэгж бодогддог юм шиг байгаа юм.Тэмцээн дууссаны дараа дараагийн тэмцээнээ бодоод л эхэлчихдэг дээ.
Бусад улсын тамирчдыг харахад багаараа ордог юм билээ. Таны хувьд тэмцээндээ хэрхэн оролцдог вэ?
Туслах хүнтэй явдаг байсан л даа. Гэхдээ өөрөө бүх зардал мөнгийг нь дааж авч явдаг. Сая сүүлийн тэмцээнд туслах хүнгүй л орлоо л доо. Туслах хүнтэй байсан бол эндээс ч хол гүйх байсан байх. Саяын тэмцээнд 100 км-ээр тасархай түрүүлсэн л дээ. Гэхдээ туслах хүнтэй байсан бол бараг 1400 гүйх байсан болов уу. Тийм боломж бол байсан. Энэ тэмцээнд орохын өмнө бэлтгэл бараг сүүлийн сар хийгээгүй байсан. Яагаад гэхээр орохгүй гээд бодчихсон байсан. Санхүү, зардал нэлээд өндөр гарах гээд байсан юм л даа. Ивээн тэтгэдэг компани гэж байдаггүй. Тэгсэн энэ тэмцээнээс намайг үнэ төлбөргүй оруулъя гэдэг санал тавьсан. Цаг нь тулчихсан байсан болохоор бараг бэлтгэлгүй орсон. Хэчнээн үнэгүй орж байгаа ч гэсэн онгоцны билетийн зардал 700 доллар болсон. Тэгээд пүүз, бэлтгэлийн хувцас зэргээ авсан. Системтэй бэлтгэл хийгээд, туслах хүнтэй бол одоо байгаагаасаа илүү амжилт гаргаж чадна гэдэгт итгэж байна.
Тэмцээнд оролцож буй улсын тамирчдын хувьд улсаасаа дэмжлэгтэй байдаг уу?
Бусад улсад янз бүр л байдаг. Миний мэдэхээр Монгол улсаас олимпын төрөл биш гэдэг утгаараа ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Уг нь адилхан л Монголынхоо нэрийг гаргаад улсынхаа далбааг мандуулаад л явж байгаа шүү дээ.
Сая оролцсон тэмцээнд би ранкаараа энэ спортын төрөлдөө нэгт байсан.
Сүүлийн үед орсон тэмцээн болгондоо аварга болсон. Өөрийнхөө нэрийг нэгдүгээрт бичигдэж байгааг хараад урамтай санагдсан. Ард иргэдийнхээ урмын үгэнд их баярладаг даа. Би өөрийнхөө энэ тэмцээний жаргал, зовлонг нь мэдчихсэн. Өөрөө өөрийгөө сорьж зөндөө ялчихсан. Гэхдээ дотроо улсынхаа нэрийг гаргаад дэлхийн рекордыг Монгол хүн эзэмшчихвэл гэж боддог доо.
Анхлан гүйж эхлэх гэж байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
Гүйхэд сэтгэл зүй чухал. Эхлээд шууд гүйж эхлэх хэрэгтэй. Өвөл хүйтэн, зун халуун, тийм пүүз, тамирын хувцас өмсөнө гэхгүй, буруу гүйж байна, амьсгалаа буруу аваад байна, хөл өвдөөд байна. Энэ бол бүгд шалтаг шууд гүйж эхэл. Өдөр болгон гүйж байж л сайжирна.
Та ярилцлагын төгсгөлд хүмүүст юу гэж хэлэх вэ?
Өөрийгөө ялсан хүнд өрсөлдөгч гэж байдаггүй юм.
Ярилцсанд баярлалаа.