Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, инфляц нэмэгдээд нэлээн хугацаа өнгөрлөө. 500 төгрөг байсан ажлын бээлий 1500 болж, хоол хүнс, барилгын материал, байр зэрэг бүх зүйлсийн үнэ хэд дахин нэмэгдэж, иргэдийн нуруу бөхийсөөр байна. Хил хаагдаж бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт ч хомсдож үнэ "тэнгэрт" хадаад байна. Гэвч зарим иргэд хил нээгдээд л барааны үнэ буурна тэр үед худалдан авалт хийнэ, цагаан сардаа бэлдэнэ гэж байгаа бол нөгөө хэсэг нь хил нээгдэхэд одоо байгаагаасаа хэд дахин барааны үнэ нэмэгдэнэ одоо л нөөцөлж авахгүй бол болохгүй гэцгээж байгаа юм.
Иймээс нэгэнт өссөн барааны үнэ буурах уу? Инфляц өссөн эдийн засаг сэргэх эсэх талаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
Инфляц ямар төвшинд байгаа вэ?
-Албан ёсны статитистик гарах болоогүй байгаа. Тийм учраас одоогийн байдлаар тоймтой хэлж мэдэхгүй байна. Таамаглаад гуравдугаар улирлын дүнгээс үзэхэд мэдээж инфляц өндөр байгаа. Албан ёсны инфляцыг 9, 10%-тай гэж төрийн байгууллагууд хэлж байх шиг байна. Гэхдээ энэ нь өөрөө асуудалтай. Инфляц тооцохдоо сагс авдаг. Сагсанд нь олон төрлийн бараа байдаг. Зарим бараа нь төдийлөн хэрэглэгдээд байдаггүй учраас бодит өргөн хэрэглээний үнийн өсөлтийг тайлбарлах боломж муу бараанууд бас бий. Тийм учраас албан ёсны статистик 10 орчим хувьтай байх шиг байна. Энэ бол тийм бага дүн биш өндөр дүн. Албан бусаар бол бензины үнэ, талхны үнэ яаж өсөж байгааг хүн бүр мэдэж байгаа байх. Сүүлийн гурав дөрөвхөн сарын дотор зарим үйлчилгээний үнэ 30-40 хувь өссөн. Өргөн хэрэглээний хүнс барааны үнэ сүүлийн зургаан сарын дотор 50-60 хувиар өсчихсөн байгаа. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр айл, иргэн бүрд мэдрэгдэж байгаа бодит инфляц өндөр байна. Албан ёсны статистикаар гарч байгаа инфляц хамаагүй бага байна гэдгийг л хэлэх гээд байгаа юм л даа.
Эдийн засгийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?
-Эдийн засгийн хувьд 2020 онд манай эдийн засаг нэлээн агшсан. Их хурдтай агшсан. Тэр үетэйгээ харьцуулахад харьцангуй сэргэх янзтай байсан боловч сүүлийн нэг сар хил, боомт дээр экспорт зогссоноос болоод эцсийн хүлээлт ямар байх нь тодорхойгүй болчихлоо. Эдийн засаг 4-5%-иар өсөх болов уу гэж таамаглаж байсан. Гэвч одоо оны эцэст сүүлийн хоёр сар юу болов гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Хил боомт дээр саатал үүсээд байна. Манай эдийн засгийн 80 хувь нь экспорт, импортоос хамаарч байдаг. Асар их нээлттэй эдийн засаг байгаа. Жишээлбэл сонирхуулж хэлэхэд, АНУ экспорт, импортоос хараат бус. Эдийн засгийн хувьд том учраас өөрсдийгөө аваад явчихдаг. Манай улс бол АНУ-ын яг эсрэг. Гаднаас асар их хараат. Одоо ерөөсөө экспортолдог хоёрхон бараатай шүү дээ. Нөгөө зэс, нүүрс хоёр байгаа. Тэрийгээ Хятад руу гаргадаг. Худалдан авдаг хамгийн том түүхий эд нь бензин, дизель, шатах тослох материалууд байгаа. Үүнийгээ бол хойд хөршөөсөө авдаг. Тэгэхээр манай эдийн засаг нэг талаас харахад их авсаархан, энгийн юм шиг хэрнээ нөгөө талаас харахаар хоёр хөршөөсөө их хараат улс. Экспортоос хараат бус улсуудын жагсаалтыг Дэлхийн худалдааны байгууллагаас гаргахад манай улс өндөр хараат улсуудын тоонд ордог. Экспорт, импорт уналтын байдалтай байгаа учраас энэ нь эдийн засагт том цочрол өгөх болов уу.
Манай улсад ажилгүйдэл их байгаа нь эдийн засагт нөлөөтэй юу?
-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор заавал ярих сэдэв бол хөдөлмөр эрхлэлт. Өнгөрсөн хоёр жилд хоёр сонгууль боллоо. Сонгууль угтаж 4-5 удаа хатуу хөл хорио тогтоосон. Энэ хатуу хөл хорионд хамгийн их хэлмэгдсэн нь жижиг, дунд бизнес эрхлэгчид. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтраад судалгаа хийхэд эмэгтэйчүүд ялангуяа орлого байхгүй, ажлын байраа алдсан, эргэж олоход муу байна гэсэн судалгааны үр дүн гарсан байгаа. Ковидоос өмнө ч ажилгүйдэл их байсан. Эмэгтэйчүүдийн 30 хувь нь ажилгүй байсан. Ковидийн үеэр нийтийн хоол үйлчилгээ, аялал жуучлал, ЖДҮ, жижиглэн худалдаа гээд эмэгтэйчүүд хамгийн ихээр ажилладаг салбарууд. Сая хийсэн судалгаагаар хоёр эмэгтэй тутмын нэг нь ажилгүй байна. Ажилтай үлдсэн хэсгийн орлого мөн их хэмжээгээр буурсан. Ажилтай хэрнээ ядууралд өртчихсөн байгаа.
Нэгэнт өссөн бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой юу?
Манай улсын хувьд тогтвортой л байсан уу гэхээс биш ер нь бол үнэ буурч байсан тохиолдол их ховор байдаг. Чөлөөт зах зээл байна гэж үзэх юм бол үнэ буурч болдог. Яагаад гэвэл нийлүүлэлт өсөх юм бол үнэ буурна. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд хэлэхэд хэцүү байна л даа. Бид үйлдвэрлэгч орнуудаас эм, бараа бүтээгдэхүүн импортолж оруулж ирж байгаа. Яагаад гэвэл дэлхий даяараа инфляцтай байна. Манайх чинь гаднаас хэрэгцээтэй зүйлсээ импортолдог улс орон. Бид үйлдвэрлэгч орнуудаас бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа. Тэгэхээр тэр үйлдвэрлэгч орнуудад инфляц өндөр байна. Тэгэхээр үнэ эргэж буурахад хэцүү байх. Хоёрдугаарт, үнийн өсөлтийн том шалтгаан бол тээвэр ложистик. Энэ тээвэр ложистикийн хувьд бас дэлхий даяараа л ерөнхийдөө хүнд байгаа. Манай улсын хувьд бол бүр онцгой хүнд байгаа. Яагаад гэвэл манай хоёр хөрш ковид эхлэнгүүт манай оронд анхааруулж байсан. Та нар наад боомт дээр байгаа халдвар, хорио цээрийнхээ дэглэмийг анхаараач ээ гэсэн шаардлагыг байнга өгч байсан. Харамсалтай нь манайхан олигтой юм хийгээгүй. Замын-Үүдэд ариутгагч гээд сонин юм тавьчихсан байсныг санаж байгаа байх. Гэтэл Хятадын мэдээгээр зарим вэб сайтаар жишээлбэл, Вьетнам Лаосын хил дээр байгаа ариутгал халдваргүйжүүлэлтийг харуулж байна лээ л дээ. Тэрийг харж байхад орчин үеийн автоматжсан их олон ачааны машин, олон вагоныг нэгэн зэрэг эсвэл маш шуурхай ариутгах боломжтой төхөөрөмжүүдийг суурилуулчихсан байсан. Манайд тийм юм суурилуулах мөнгө, боломж байсан уу байсан. Харамсалтай нь тэрийгээ хийгээгүй л дээ. Тийм учраас одоо ялангуяа энэ Жанчхүү Өвөр Монголд өвлийн олимп болох гэж байгаатай холбоотойгоор Хятадууд ковидыг дахиж импортлохгүй байх бодлогыг баримталж байна. Манайх олон мянган жолооч ашиглаж нүүрсээ тээвэрлэдэг, юмаа гаргадаг, бараагаа татдаг. Тэгэхээр энэ тээвэр ложистикийн хүндрэл, дээр нь халдвар хөл хорионы дэглэмийг манайх сахиулж чадахгүй байгаатай холбоотойгоор юмны үнэ тийм хурдан бууна гэхэд бол би хувьдаа итгэхгүй байна. Энэ чинь маш их хэмжээний овоорол үүсчихсэн байгаа. Энийг буцааж хэвийн байдалд нь оруулахад дор хаяж зургаан сараас 12 сар шаардлагатай болох болов уу л гэж бодож байна.
Тэгэхээр манай улс эртхэн арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг ийм үнийн хөөрөгдөл болохгүй байх боломжтой байсан гэсэн үг үү?
Тийм. Юм ховордохоор үнэ өсдөг. Хоёрдугаарт сонгуультай холбоотой маш их мөнгө тараасан. Янз бүрийн хөшөөний мөнгө гэх мэт. Эдийн засагт шаардлагагүй их хэмжээний мөнгө нийлүүлсэн. Нэг талд нь мөнгө ихдэчхээд байна. Нөгөө талдаа бараа бүтээгдэхүүн ховордчхоод байна. Энэ нь үнийн өсөлтийг бий болгох том шалтгаан. Ер нь хил боомт чөлөөтэй, бараа бүтээгдэхүүн орж ирж байсан бол юмны үнэ ингэж ихээр нэмэгдэхгүй байх боломж байсан гэж харж байгаа.
Эдийн засаг энэ онд сэргэх үү?
-Одоо омикрон ороод ирлээ. Гэхдээ хөл хорихгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл манай улс чинь нөөцөө шавхчихлаа шүү дээ. Эрдэнэт үйлдвэр айл өрхүүдийн тогны мөнгийг төлөөд байна л гэсэн. Одоо болохоор Эрдэнэт үйлдвэр зээл авах дээрээ тулчихсан. Эрдэнэс Таван толгой нүүрс нь гарахгүй нэлээн хүнд байгаа сурагтай байна. Оюу Толгойн хэлэлцээр яах нь тодорхойгүй байна. Далд уурхай нь ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй. Тэгэхээр зүйрлэвэл манай эдийн засаг гал тэрэгний цуваа гэсэн үг. Ганц хоёр зүтгүүртэй. Урдаас нь нэг вагон ардаас нь нэг вагон түрж явдаг эдийн засаг л даа. Түүнээс биш Герман, Япон, Хятад шиг 80 хувь нь дунд давхаргын, 80 хувь нь жижиг дунд үйлдвэр. Тэд нар нь өөрсдөө аваад явчихдаг эдийн засаг биш. Гэхдээ нэг давуу тал нь сэргэхдээ хурдан байдаг. Эрдэнэс Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр хүндрээд ирэхээр манай эдийн засаг агшдаг. Энэ гурван газрын үйл ажиллагаа сайн байх юм бол энгийн жишээ хэлэхэд гэр хороололд байгаа хувийн дэлгүүрийн орлого хүртэл сайжирдаг. Тэгэхээр эдийн засаг тийм хурдан сайжрахгүй. 2022 оны эхний нэг хэсэг хүнд байх юм байна. 2022 оны сүүлийн хагасаас л сайжирч магадгүй.