Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын иргэд нутагт нь Эрдэнэ Монгол компани алтны үндсэн орд ашиглах гэж байгааг эсэргүүцэн өнөөдөр нийслэлд мэдээлэл хийлээ.
Баянхонгор аймгийн уугуул иргэн С.Зоригтбаатар "2010 оноос хойш олон улсын хөрөнгийн бирж дээр алтны бүслүүр оллоо гэдэг мэдээллийг дэлхий нийтэд цацаад 270 гаруй сая төгрөг босгоод, тэр босгосоо мөнгөөрөө орон нутаг, малчид, Засгийн газар холбогдох гадруудыг авлигадаад олон лиценз хууль бусаар эзэмшсэн Эрдэнэ Монгол гэдэг компани байгаа. Толгой компани нь Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ компани Баянхонгорын говийн урд хэсэг Сэгс цагаан богд найраглалд гардаг мазаалай, ховор эмийн ургамлууд, тэмээн сүргийн бэлчээр нутгийг ухах гээд байна.
Ер нь Оюутолгойн ордоос дөрөв дахин том. Энэ компани дотроо олон охин компанитай. Тэднийгээ ашиглаад тус ордыг стратегийн ордын ангиллаас нуухын тулд 5-6 хуваан жижиглэсэн. Хамгийн жижиг хэсэг нь гэхэд 10 тонн алтны нөөцтэй.
Өнгөрсөн 30 жил алт ухсан ч Монгол Улс хөгжсөнгүй. 1990 оноос өмнө арван иргэний нэг нь ядуу байсан бол одоо арван иргэний тав нь ядуу болсон байна.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баян-Овоо гээд суманд баахан нүх үлдсэн.
Эрдэнэ Монгол компани ичихгүй хэлж байгаа. Цианид натри хэрэглэнэ, алтыг чинь ухна. Тэгээд гадагш нь аваад гарах нь л дээ. Энэ компани процессын хэд хэдэн алдаа гаргасан. Шат шатандаа авлига өгсөн. Малчдыг доромжилж чихэр, боорцог, гурил будаа тараасан. Мөн залуучуудад 500 мянган төгрөгийн тэтгэлэг данс руу нь шилжүүлсэн. Аймгийн удирдлагад 2.8 тэрбум төгрөгийн авлига өгнө гэдгээ мэдэгдсэн байгаа. Тиймээс өнөөдөр малчид АТГ-т очиж гомдол гаргана.
Тухайн компанийн эзэмшиж байгаа зургаан лицензийн хоёр нь ашиглалтын, дөрөв нь хайгуулынх байна.
Нутгийн иргэдийн зүгээс төр засгаас юу ч гуйгаагүй. Ажлын байр, халамж, мөнгө гуйгаагүй. Үнэхээр монголын төрд авлига хэрэгтэй байгаа бол нутгийн иргэд бурхан, шүтээн, ээмэг, бөгж, мөнгөн аяга, бусад үнэт эдлэлээ өгье. Баянхонгорыг битгий ухаач ээ гэсэн чин хүслээ илэрхийлж байна. Дэлхийд ганц үлдсэн заг тэрбумаараа ургадаг мазаалай бэлчдэг бэлчээрийг яагаад ухах гээд байгаа юм бэ. Үүнийг хэвээр нь үлдээгээч ээ гэж төр засгаасаа гуйж байна. Малчин иргэд бид хандивын аян өрнүүлж байгаа. Алт мөнгө гэрт хэрэгцээгүй хөөрөг даалинг цуглуулаад аймгийн дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, баялагтаа эзэн больё гэж уриа дэвшүүлж гарч ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгье гэж байгаа юм. Та нар гаднынхнаас авлига аваад яах вэ, мөнгө хэрэгтэй байгаа бол малчид бид өгье. Харин оронд нь нутгийг минь битгий ухаач ээ" гэв.
Баян-Өндөр сумын иргэн Ц.Чогсом "Баялагтай нутгийнхан зовдог юм байна. Бид тайван л амьдаръя гэж бодож байгаа.
Гаднын компанийг шүтэж амьдардаг аа болимоор байна. Бид хэтэрхий хүлцэнгүй, төр засгийнхан гаднынхантай нийлсэн чоно болчхоод байгаа. Өнөө маргаашгүй лицензээ цуцал. Өгч болсон юм чинь яагаад цуцалж болохгүй гэж. Ашигт малтмалын газар гэдэг малчин бидэнд арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг төсөөлөгддөг боллоо" хэмээн хэллээ.
Хэвлэлийн хуралд оролцож буй малчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд судалгаа хийсэн бөгөөд цаашид уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцлийн үйл ажиллагаа өрнүүлнэ гэдгээ хэлсэн юм.
Шинэжинст сумын малчин Ц.Отгон "Уурхайн олборлолт эхлээгүй дөнгөж хайгуул хийж байхад гайхалтай сайхан байгальтай газруудыг сүйрүүлж эхэлсэн. Манай баруун говь ямар сайхан үзэсгэлэнт байгальтай билээ. Алт гээч юмыг гаргах гээд үхэн хатан зүтгэж, хортой бодис хэрэглэнэ гэх юм. Эрдэнэ Монгол гэдэг компанийнхан та нарыг ажилтай болгоно, үр хүүхдийг чинь хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй болгоно гээд яриад явдаг. Ийм юм болоод байна шүү, төрийн өндөрлөгүүд минь ээ. Бид бор зүрхээрээ явж байгаа. Бидэнд халамж өгөөч гэж гуйгаагүй. Харин тэр уурхайг л зогсоогоод өгөөч гэж хүсэж байна" хэмээн ярилаа.
Говийн хөрс маш эмзэг. Уул уурхайн олборлолт хийх байтугай ундны усгүй тийм газрын гүний усыг хүчээр ашиглах гэж байна гэдгийг мөн малчид хэлж байв. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 45 лиценз олгогдоод байгаа аж.