Сүүлийн үед коронавируст халдварын тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан бид коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүмүүс яагаад дахин халдварлаж байгаа талаар болон омикрон вирус, томуугийн өвчлөлийг хэрхэн ялгах талаар ХӨСҮТ-ийн НЭМУ-ны магистр Ч.Уртнасангаас тодрууллаа.
Тэрбээр, “Арван хоёр сарын дунд үеэс эхлээд томуугийн H3N2 вирус орчилд орж ирсэн. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байгаа хүүхдийн дархлаа маш муу байгаа. Тийм ч учраас ковидоор аав ээж нь өвдөөд ороод ирэхэд тухайн хүүхэд хамгийн түрүүнд халдвар авах эрсдэл байна. Ингээд томуу, томуу төст өвчнөөр өвдчихсөн хүүхэд нэмээд ковидын халдвар авч хүндрэх магадлал байж болно. Харин томууг омикроноос хэрхэн ялгах тухайд гэвэл, энэ боломжгүй. Дельта вирусийн онцлог нь үнэр амт, мэдрэхүй гэх мэт шинж тэмдгүүд байсан. Тиймээс ялгах боломжтой байсан юм.
Тодруулбал сүүлийн үед гарч байгаа томуугийн шинж тэмдэг нь амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдэг буюу ханиах, найтаах нус гоожих, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг. Омикроны хувьд ч гэсэн яг адил шинж тэмдэгтэй. Үүнийг бид эмнэлзүйн шинж тэмдэгээр ялгах боломжгүй юм.
Харин ковидоор дахин өвчлөөд байгаагийн шалтгаан нь, коронавируст халдварын хувилбарууд гэж байгаа шүү дээ. Дельта, Альфа гэх мэт. Тэр хувилбаруудаар давтан өвдөх боломжтой. Жишээ нь би альфа хувилбараар өвдчихсөн байлаа гэхэд альфагийн эсрэг дархлаа тогтож байгаа болохоос биш дельта мутацийн эсрэг дархлаа тогтоогүй гэсэн үг. Тиймээс дахин вирусээр өвдөх боломжтой. Үүнээс сэргийлэх арга гэвэл, маскаа зүү, гараа угаа, хүн хоорондын зай барь. Шаардлагагүй бол олон нийтийн газар бүү яв. Энэ бол хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн аргууд юм” гэлээ.
Харин бид БЗД-ийн 3 дугаар хорооны өрхийн эмнэлэгийн эмч Л.Дуламсүрэнгээс эмнэлгийн ачаалал, нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.
Энэ талаар, “Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа нийт хүүхдийн дийлэнх нь 0-5 насных байна. Үүнд рода вирусийн халдвар зонхилж, шинж тэмдэг нь илүү зовиуртай ирж байгаа. Томуу, томуу төст өвчний өвчлөл их байна гэж хэлэхэд болно. Өдөрт үзүүлж байгаа хүүхдүүдийн бараг 70 хувь нь, шингэн нус гарах, ханиалгах халуурах, хоолой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих суулгах гэсэн зовиурьтай байгаа. Амьсгалын замаар халдаж байгаа болохоор агаар дуслаар дамжих бүх боломжуудыг л эцэг эхчүүд хязгаарлах хэрэгтэй. Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дааруулахгүй байх, давхар хүүхдийн хооллолт дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад хооллолт зөвлөөд байдаг гэхээр, хүмүүс эм өгвөл хүүхэд нь зүгээр болж байна гэж бодоод байдаг. Хажуугаар нь хооллолт асаргаа маш чухал. Түүнийг сайн хийж чадвал хүүхэд 3-5 хоноод л шинж тэмдэг, зовиур нь арилчихдаг.
Томуу томуу төст өвчнийг омикроноос ялгах ганц арга нь PCR шинжилгээ. Ханиад томуугаа гэрээр эмчилж буй хүүхдүүд ковидийн халдвар авч, хавсарсан байдлаар хүндрэх тохиолдол гараад байгаа” гэв.