“Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц төлөвлөгөөнд багтсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд 2021 онд 11,8 тэрбум төгрөг төсөвлөснөөс 6,2 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм. Төслийн хүрээнд залуучуудыг “Найрамдал” зусланд 14 хоног вакумжуулсан орчинд хоол, унаа бүх зүйлээр нь хангаад 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгосон. Мөн дадлагад гарснаар дахин 14 хоногийн хугацаанд 500 мянган төгрөгийн тэтгэлэг өгч нийтдээ нэг хүнд сая төгрөгийн тэтгэлгийг тус тус олгоод байгаа юм. 2021 онд 2389 залуу төсөлд хамрагдсан. Тэгвэл төсөлд хамрагдсан залуучууд хувь хүний хөгжлийн сургалтаас илүүтэйгээр гагнуурчин, үсчин, маркетинг зэрэг мэргэжлийн сургалтад хамрагдана гэж бодсон гэв.
Оролцоо төслийн төгсөгч Б: 14 хоног вакумжуулсан орчинд сэтгэл зүйчтэй хичээл орж байсан. Гэхдээ цаанаас гаргасан сургалтын материал нь таалагдаагүй. Мэргэжил эзэмшинэ гэхээр би одоо компьютерын программист ч юм уу эсвэл өөрийнхөө хүслээр маркетингийн чиглэлээр сурч болно гэж бодож очсон боловч сургалтад хувь хүний хөгжлийн талаарх сургалтууд дийлэнх нь орсон. Хүн байх учир утга ч юм уу нэг тиймэрхүү юмнууд их орж байсан. Мэргэшүүлэх ч юм уу тийм юм бол ороогүй.
Оролцоо төслийн төгсөгч А: Сургалтад 14 хоног суусан. Хувь хүний хөгжлийн сургалтууд л орж байсан. Анх танилцуулгаа хийхдээ ч мэргэжил олгоно, мэргэшил олгоно гэсэн нэг тийм танилцуулга байхаар нь миний хувьд сонирхож очсон. Тэгээд хувь хүний хөгжлийн сургалтууд ямар ч хэрэггүй л юм шиг санагдсан. Цааш цаашдаа энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явна гэж байсан. Яг ийм байдлаараа ингэж явах юм бол дэмий л мөнгө үрсэн асуудал гэж бодож байна.
Оролцоо төслийн төгсөгч О: Маш их андуурч мэргэжил олгох юм байна. Шууд гагнуур бариад л гагнуураар юм хийлгэж сурна гэж ойлгочихсон байсан. Тийм биш байсан. Магадгүй дараагийн ээлжид нь тийм боломжийг нь олгоод өгвөл бас сайн байх гэж бодож байна. Мэдээж 14 хоногт сурна гэж байхгүй. Тэгээд энэ төсөл анхнаасаа нэлээн урт хугацааны төсөл байхаар байсан гэж сонссон.
Оролцоо төслийн төсвийн талаар ХНХЯ-н хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Х.Тамираа: "Зусланд байрлах хоол байрны зардлууд орсон байгаа. Мэдээж сургалт явуулж байгаа багш нар, хичээл зааж байгаа багш нарын цалин. Дээр нь бусад бичиг хэрэгсэл гэдэг ч юм уу сургалтын үйл ажиллагаатай холбогдох зардлууд багтсан. 14 хоногийн хугацаанд сураад залуучууд маань 500 мянган төгрөгийн тэтгэлэгтэй байгаа. Мөн 14 хоногийн сургалтаа дуусаад дахиад үргэлжлүүлээд ажлын байранд дадлага хийхэд бас таван зуун мянган төгрөгийн тэтгэлэгтэй. Энэ бүх дүнгүүд маань нийлээд ерөнхийдөө 11,8 тэрбум төгрөг гэсэн төсөв гарсан" гэв.
"Улсын төсөв 2022 онд 11 сард батлагдахаас авахуулаад бүх гэрээний нөхцөлүүд дээр бид энэ оролцоо төслийнхнийгөө илүү их дэмжих, хамт олон болгох ийм чиглэлийг бариад мөн хувийн хэвшилтэй бидний хувьд хамтраад томоохон төсөл хэрэгжүүлбэл дандаа энэ төслийн оролцогчдыг нэн тэргүүн эгнээнд тавих ийм чиглэлээр давуу байдлыг олгоно гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй уулзахдаа хэлж байсан юм. (2021/09/14)
6,2 тэрбум төгрөг нь 1500 орчим залуугийн сургалтын төлбөртэй дүйцэхүйц хэмжээний мөнгө байгаа юм. Тэгэхээр 2024 он хүртэл үргэлжлэх энэ урт хугацааны төслийг хувь хүний хөгжлийн сургалт явуулахаас илүүтэйгээр сургалт, хөдөлмөр, мэргэжил олгох байдлаар явуулах нь илүү үр дүнтэй, шаардлагатай байгаа юм.