Чингэлтэй дүүргийн 12-р хороонд байрлах Нарантуул 2-оос дээшээ 800 метр газарт ямар ч явган хүний гарц, замын тэмдэглэгээ, хурд сааруулагч байхгүй. Явган хүний гарц хамгийн багадаа 200 метр газарт байх ёстой байтал энэ хэсэгт явган хүний гарц огт байхгүй.
Ойр хавийн иргэд энэ зам дагуух худаг, түлш борлуулах цэгээс ус, түлээгээ авдаг ч явган хүний гарц байхгүйн улмаас гарцгүй газраар зам гардаг гэлээ.
Дөрвөн замын уулзвар болсон энэ хэсэгт Чандмань хүнсний дэлгүүрийн эзэд өөрсдөө гүүр барьсан түүнээс биш хүмүүс ус, түлээгээ авах, дэлгүүр орохдоо жалгаар дамжиж ордог. Зундаа устай, өвөлдөө хөлдчихдөг учраас асуудалтай байсан гэж хэлэв.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12-р ХОРООНЫ ОРШИН СУУГЧ Б:
Манай энд ямар ч гарц байхгүй. Гарцгүй ч гэсэн гарна шүү дээ. Гарахгүй гээд усаа бариад зогсоод байлтай нь биш. Тийм биз дээ. Энд нүүрсний цэг байна. Эндээс чинь хүмүүс нүүрсээ авч байгаа. Үүгээр чинь бас жижиг түрдэг тэргээ түрээд нүүрсээ авна. Үнэхээр асуудалтай газар. Хамгийн гол нь доод талын энэ гарцгүй дөрвөн талаасаа машин ирдэг хэсэг. Энд л нэг гарц хийчихвэл тун зүгээр байгаа юм. Би энд 30-40-д жил амьдарч байна. Энэ худгаас л байнга усаа авдаг. Энэ зам сонгуулийн сурталчилгааны үеэр Баярсайханы үед барьсан зам. Зургаан жилийн өмнө баригдсан байх.
УС ТҮГЭЭГЧ Х.НАРАА:
Энд гүүр шиг юм тавьчихгүй юм болов уу гээд боддог. Энэ замыг ч гэсэн янзлаад өгчихгүй юм байх даа. Энэ 12 дугаар хорооны замаар манай усны тэрэг ирэхэд эвгүй байдаг. Зун үерлээд л, хүмүүс шороо асгаж өгдөг юм хөөрхий. Тэрийг нь үерийн ус аваад явчихна. Ямар сайндаа энэ замыг заримдаа би өөрөө хүртэл янзалдаг. Ус авахад их хэцүү. Уржнан хүмүүс зургийг нь аваад л энэ дээгүүр дуран тавиад яваад байсан. Даланг янзлах юм гэсэн сураг байхгүй. Тэр нарийн гүүрэн дээгүүр явган хүн, машин хоёр зэрэгцэж орж ирдэг. Энэ дэлгүүр л энэ гүүрийг барьсан юм гэнэ билээ.
Ц.УЯНГА “ЧАНДМАНЬ” ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ:
Орох гарах гарцаасаа гадна энд худаг руу, нүүрс түлээ авахаас эхлээд их хүндрэлтэй. Орох, гарах гарц байхгүй болохоор дэлгүүр рүү ороход хүртэл гэж бодоод хувиараа гүүр тавьсан байгаа. Тэгэхгүй бол энэ чинь жалгатай болохоор хүүхэд гарахаас авахуулаад хүндрэл ихтэй.
ТҮЛШ БОРЛУУЛАГЧ Н.ОТГОНБАЯР:
Энэ хавьд бол ганц энэ гүүр л байгаа. Дээшээ буудлын цаана нэг гүүр байгаа. Өөр явган хүний гарц гарам байхгүй.
"Зөрчлийн тухай хуульд явган зорчигч гарцгүй гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаад осол аваарт өртсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар 50 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцож байгаа. 45:98 гээд стандарт байгаа. Энэ стандартынхаа дагуу явган хүний гарц, хөдөлгөөний хүн амын нягтрал ихтэй газраасаа хамаараад байгаа. Хамгийн багадаа бол 200 метрийн зайтай байна" гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир хэлсэн юм.
Нийслэлийн авто замын хөгжлийн газраас явган хүний гарцын талаар тодруулахад тодорхой заасан км тутамд явган хүний гарц байна гэсэн стандарт байхгүй. Замынхаа төрлөөс шалтгаалаад өөр өөр байдаг гэсэн юм. Иргэдийг явган хүний гарц гарам хол зайтай, аюултай хэмжээнд байвал тээврийн цагдаагийн албанд хүсэлтээ гаргах боломжтой гэлээ. Иймээс иргэд та бүхэн амь нас, эрүүл мэндээ хамгаалж таныг эргэн тойронд явган хүний гарц гарам хол зайтай байдаг бол холбогдох газарт нь заавал хүсэлтээ гаргаарай.