Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан манай улсад коронавирусийн Омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирсэн нь батлагдсан талаар мэдээллээ.
Тэрбээр “Сүүлийн 109 нислэгээр 10 мянган иргэн ирснээс халдварын 232 тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Тэдний 104 нь хилийн нэвтрэх цэгийн шинжилгээгээр, үлдсэн 128 нь гэрийн болон тусгаарлан ажиглах байранд авсан давтан шинжилгээгээр илэрсэн. Нийт гаднын 21 улсаас зөөвөрлөгдөн ирсэн ба эдгээрээс хамгийн их нь Турк Улсаас 102 тохиолдол зөөвөрлөгджээ.
Мөн нийт 3492 хүн тусгаарлан ажиглах байранд шинжилгээнд хамрагдсанаас 112 тохиолдлыг илрүүлсэн. Алтанбулаг боомтоор 2100 хүнээс зургаан тохиолдол, Цагаан нуур боомтоор ирсэн 510 хүнээс дөрвөн тохиолдол, Боршоо боомтоор 213 хүнээс 0, Гашуунсухайтаар ирсэн 4751 хүнээс 64 тохиолдол тус тус батлагдсан. Сүүлийн 40 хоногийн хугацаанд 537 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.
ДЭМБ-аас Омикрон хувилбарын сэжигтэй болон магадлалтай, батлагдсан тохиолдол гэж ангилж байгаа. Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд магадлалтай гэдэг нь РCR-ын шинжилгээгээр S генийн алдагдалтай сорьцыг хийдэг.
Вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр манай улсад нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тус сорьцууд энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул-Улаанбаатарын нислэгээс нэг, Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус илэрсэн.
NGS-ээр баталгаажуулах энэ шинжилгээг олон сорьцоос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг. Мөн дотоодын халдвар болон бусад нислэгүүдээр зөөвөрлөгдөж ирсэн Омикроны сэжигтэй тохиолдлуудыг дараагийн шинжилгээнүүдийг төлөвлөж байна. NGS-ийн технологиор шинжилгээ хийхэд 7-10 хоног шаардагддаг" гэв.