2021 оны байдлаар 18-24 насны 68,3 мянган залуучууд ямар нэгэн тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлого олдоггүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгвэл “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц төлөвлөгөөнд залуучуудыг ажил хөдөлмөр эрхлүүлэх “Оролцоо” төслийг зарласан. Тэгэхээр энэхүү оролцоо төсөл нь 2021 оны хэмжээнд 5000 залуучуудыг хамруулахаар төлөвлөсөн бол одоогийн байдлаар 2389 залуучуудыг энэхүү төсөлд хамруулаад байгаа юм байна. Энэхүү төслийн хугацаа есдүгээр сарын 2-нд эхлээд 11 дүгээр сард дууссан. Энэ хугацаанд 6,2 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа юм байна. Нийт төсөв нь 11,3 тэрбум төгрөг. Энэхүү төсөвт хэдэн төгрөг яаж, хэрхэн зарцуулагдсан талаарх мэдээллийг тодрууллаа.
Энэ талаар ХНХЯ-н хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Х.Тамираа "Мэргэжил эзэмшүүлэх сургалт биш. Хөдөлмөрийн харилцаанд оролцоход ямар хууль, дүрэм журам байдаг, яаж хэрхэн өөрсдийгөө бэлтгэх ёстой вэ? Цагийн менежмент гэж юу вэ, багаар хэрхэн ажиллах вэ, тэгээд хөдөлмөртэй холбоотой хууль тогтоомжууд ямар байдаг вэ? CV-ээ хэрхэн бэлтгэх вэ? Ажлын ярилцлагад хэрхэн орох вэ? гэх зэргээр тухайн оролцогч залуу маань өөрөө ажилд ороход тулгарч болох саад бэрхшээлүүдийг даван туулахад нь туслах зэрэг иймэрхүү чиглэлийн сургалтууд орсон байгаа. Энэ төсөл маань 2024 он хүртэл хэрэгжихээр батлагдсан. Засгийн газрын тогтоолоороо нийтдээ 5000 залуучуудыг сургахад 11,8 тэрбум төгрөг батлагдсан. Бид 2389 залуучуудыг сургахад 6,2 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Нийтдээ 1881 залуу сургалтаа үргэлжлүүлээд 14 хоногийн хугацаанд ажлын байран дээр дадлага хийсэн. Үүнээс арван хоёрдугаар сарын аравны өдрийн байдлаар бол 799 залуучууд байнгын ажлын байртай болсон. Залуучуудаа бид нэгдсэн байдлаар есдүгээр сарын хоёрны өглөө цуглуулаад ковидын шинжилгээ аваад хотхон хүртэл хүргэх унааны зардлууд орсон. Зарцуулсан төсөвт байрлах байр, хоолны зардлууд орсон байгаа. Мэдээж сургалт зохион байгуулж, хичээл зааж байгаа багш нарын цалин, дээр нь бусад бичиг хэрэгсэл, сургалтын үйл ажиллагаатай холбогдох зардлууд ер нь орсон байгаа. Мөн 14 хоногийн хугацаанд сураад залуучууд маань 500 мянган төгрөгийн тэтгэлэгтэй. Дараа нь 14 хоногийн сургалтаа дуусаад дахиад үргэлжлүүлээд ажлын байран дээр дадлага хийхэд бас 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгосон. Энэ бүх дүнгүүд нийлээд ерөнхийдөө 11,8 тэрбум төгрөг гэсэн төсөв гарсан. 2021 оны хувьд төсөл анх хэрэгжиж эхэлсэн учраас төслийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой зардлууд бүгд нийлээд 11,8 тэрбум төгрөг байхаар тусгагдсан. Цаашид зөвхөн сургалт явуулахад хувьсах зардлууд л гарах учраас төсөв арай бага дүнтэйгээр зарцуулагдах байх.
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төсөлд хамрагдсан залуустай холбогдож сургалтын талаар тодрууллаа.
Б.Амарзаяа: 14 хоногийн вакумжуулсан сургалттайгаар үргэлжилсэн байгаа. Наймдугаар ээлжинд хамрагдаж явсан. Тэгээд арван дөрвөн хоногийн хугацаанд маш гоё хамт олонтой болсон. Хоёрдугаарт хувь хүний хөгжил талаасаа маш их хөгжих боломжийг нь олгосон сургалт юм шиг санагдсан. Гэхдээ маш их андуурч мэргэжил олгох сургалт юм байна. Шууд очоод гагнуураар юм хийлгэж сурна ч гэх зэргээр ойлгочихсон байсан. Тийм биш эсрэгээрээ багаар хамтран ажиллах чадвар, хувь хүний хөгжил, чи өөрөө ямар хүн бэ, яг одоо юу хүсэж байна, ямар зүйлийг хийвэл илүү амжилтад хүрэхээр байна ч гэдэг юм уу энэ талаас нь илүүтэй хөгжүүлэх сургалт байсан. Магадгүй дараагийн ээлжид мэргэжил эзэмших боломжийг нь олговол сайн байх гэж бодож байна. Үүнийг мэдээж 14 хоногт сурна гэж байхгүй. Тэгээд энэ төсөл анхнаасаа нэлээн урт хугацааны төсөл байхаар байсан гэж сонссон. Тиймээс мэргэжил эзэмшүүлэх урт хугацааны төсөл байвал зүгээр байх.
Б.Жаминжамц: Би өөрөө мэргэжилтэй байсан. 14 хоногт вакумжуулсан байдлаар сургалт орсон. Тодорхой хэмжээний бага сэтгэл зүйтэй холбоотой хичээл орж байсан. Гэхдээ цаанаас гаргасан сургалтын материал зэрэг нь муу байсан. Мэргэжил эзэмшинэ гэхээр би компьютерын программист ч юм уу, эсвэл өөрийнхөө хүслээр маркетингаар сурна зэрэг тиймэрхүү гэж бодож очсон боловч хувь хүн, хүний хөгжлийн талаар тиймэрхүү хичээлүүд дийлэнх нь орсон. Хүн байх утга учир гэх ч юм уу. Яг тухайн хүнийг мэргэшүүлэх хичээл ороогүй" гэсэн юм.
Тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан залуус сэтгэл зүйн зөвлөгөө хувь хүний сургалтууд орсон ч үүнээс илүү бодитой ажил мэргэжил олгох тал дээр анхаарсан бол үр дүнтэй байх байсан гэдгийг хэлж байгаа юм. Цаашид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих оролцоо төсөл 2024 он хүртэл үргэлжилнэ. Иймээс бодит байдалд нийцсэн, төсвийг үр ашигтай ашиглаж болох бодлого төлөвлөлт гаргах нь төсвийн үргүй зардлыг багасгах юм.