Ковидоор өвчилсөн хүмүүс эмнэлгээс гараад л өөрийгөө бүрэн эдгэрлээ гэж боддог. Гэтэл тэдний дийлэнх нь уушгиндаа хатгалгаатай үлдэж буй талаар "Мэлтэс мед" эмнэлгийн уушгины мэс заслын эмч Ц.Батзаяа хэллээ. Иймд түүнээс ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар тодруулсан юм.
Тэрбээр, “Зарим хүмүүс эмнэлэгт хэвтэж гараад бүрэн эдгэрлээ гэж бодсон боловч эргээд ирэхдээ хатгалгаа, амьсгалын дутагдал гэх мэтийн зовууртай ирж байна. Манай эмнэлэг дээр ковидын дараа нөхөн сэргээх хэд хэдэн эмчилгээ хийж байна. Вирус, нянгийн эсрэг, дархлаа дэмжих, ковидын дараах сэтгэл зүйн эмчилгээ зэрэг эмчилгээ хийх нэн шаардлагатай.
Ковид нь вирусээс үүссэн хатгалгаа уушгины сорвижилт, цусны бүлэгнэлт гэх мэт сөрөг үр дагавар үлдээдэг. Үүн дээр цогц эмчилгээ, нөхөн сэргээлт хийлгүй орхих нь элбэг байна. Тиймээс эмнэлэгт хэвтэж эмчийн заавар зөвлөгөөгөөр тохирсон эмчилгээ хийлгэх нь л зүйтэй.
Ковидын хурц үед нэг их эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөггүй. Доошоо хараад хэвтүүлдэг. Ковидын үлдэц дээр арай өөр тактик, эмчилгээ бий. Онцлогоос нь шалтгаалж тухайн хүнд зөвлөх нь зөв. Коронавирус хувьсаад л яваад байгаа. Тухайн хувьсал нь хүн дээр хэр хүнд хөнгөн тусах нь хувьслаасаа л шалтгаална. Альфагийн үед арай хүнд шинж тэмдэгтэй байсан бол омикроны үед арай хөнгөн гэх зэргээр. Манай эмнэлэг дээр уламжлалт эмчилгээний бүхий л шаардлагатай тоног төхөөрөмж нь хангалттай байгаа” гэв.
Харин бид “Мэлтэс мед” эмнэлгийн тусламж үйлчилгээний дэд захирал А.Сувдаагаас сэтгэлзүйн эмчилгээний талаар болон ковидын халдвар хүндэрч буй шалтгааны талаарх мэдээллийг авлаа.
Тэрбээр, “Залуучууд ковидоор өвдсөн үедээ болон эдгэрээд удаагүй үедээ биеийн хүчний ачаалал бүхий дасгал хийх, спорт тэмцээнд оролцох, өндөр уулруу авирах зэрэг үйлдэл нь амьсгал зүрх судасны үйл ажиллагаанд нь огцом ачаалал өгч ковидоор хүндрэх нөхцөлийг нэмээд байна.
Манай эмнэлгийн хувьд ковидын нөхөн сэргээх эмчилгээ, эмийн эмчилгээ, дасгал хөдөлгөөн, сэтгэл заслын эмчилгээг цогцоор нь хийж байгаа. Мэргэжлийн уламжлалт эмч маань сэргээн засах эмчилгээ хийнэ. Мэргэжлийн уушгины эмч ковид руу чиглэсэн эмчилгээ хийж байгаа. Мөн сэтгэл зүйч давхар зөвлөгөө өгч байгаа. Яагаад гэвэл ковид нь хүний сэтгэл зүйд цочрол өгч байгаа. Үүнтэй холбоотой нойргүйдэх, өөртөө итгэлгүй болох, ой санамжаа алдах, барьсан тавьснаа мартах хямралууд гарч байгаа юм. Тийм учраас үүнийг яаж даван туулах, дасан зохицох, яаж хэвийн байдалдаа орох талаар зөвлөгөө, эмчилгээ хийнэ гэсэн үг” гэлээ.