Шинэ он гарлаа, шинэ хүн болно гэж бодож байна уу? Тэгвэл ирэх 365 өдрөө үр бүтээлтэй, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө гаргах нь юу юунаас илүү чухал билээ. Тэгвэл шинэ төлөлөгөөгөө хэрхэн гаргах талаар зөвлөгөө мэдээлэл бэлтгэлээ. Уншиж дуусаад төлөвлөгөөгөө бичиж эхлэхээ мартуузай.
Өмнөх жилээ үнэлэх
Бид нэг жилийн дотор чамлахааргүй олон зүйлийг ойлгож ухаарч авсан байдаг. Магадгүй та өмнө жил өөртөө зорилго тавьж байсан бол түүндээ хүрч чадсан эсэхээ дүгнээрэй. Тэр нь хэр бодитой байсан эсэх. Биелээгүй бол яагаад гэдгээ тодруулаад тухайн зорилгодоо хүрэхийн тулд заавал цаг зарцуулаарай. Таны цаг явж эхэллээ.
Яаж эхлэхээ мэдэхгүй байвал дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.
Би өнгөрсөн жил ямар амжилтанд хүрсэн бэ?
Би өнгөрсөн жилийн ямар хэсгүүдэд сэтгэл хангалуун байна вэ?
Ямар алдаа гарсан бэ?
Ямар хэсгүүдэд сэтгэл дундуур байна вэ?
Миний хамгийн дуртай мөчүүд юу байсан бэ?
Хэрэв би өнгөрсөн жилийн ямар нэг зүйлийг өөрчлөх боломжтой бол энэ нь юу байсан, яагаад вэ?
Би амьдралынхаа аль хэсэгт анхаарлаа хандуулсан бэ?/хувь хүний хөгжил, амралт чөлөөт цаг, эрүүл мэнд, харилцаа, мөнгө, ажил мэргэжил, хамт олон гэх мэт/.
Амьдралынхаа аль хэсэг анхаарал татсангүй вэ?
Би юу хийхдээ аз жаргалтай байдаг вэ? Юуг ямар ч төвөггүй хийдэг вэ? гэдгээ сайтар бодоорой.
Энгийн хэдий ч өөрөөсөө асууж үзээд дараагийн алхмаа төлөвлөөрэй.
Зорилгоо тодорхойлох
Одоо бичсэн зорилго бүрдээ нэг бүрчлэн “газрын зураг” зурах. Баруунаас зүүн тийш (зүүнээс баруун биш шүү) нь нэг урт шугам зураад, хамгийн баруун захын цэг дээр тухайн зорилгынхоо биелсэн байх он сарыг, үйл хэрэгтэй нь хамт бичиж тавина. Тэгээд тэр цагт үүнийг хийсэн байхын тулд нэг сарын өмнө юуг бэлэн болгосон байх ёстойгоо өмнө нь дахин нэг цэг зоож байгаад бичих маягаар нэг сар хүртэл “арагш харж” төлөвлөөрэй (жишээг зураг1-ээс харна уу). Ингэхгүйгээр, зөвхөн хамгийн цаад талын зорилгыг зоогоод “урагш харж” төлөвлөвөл цагийн баримжаа алдах, ямар нэг зүйлийг мартаж орхигдуулах зэрэг тохиолдлууд гардаг юм шүү.
Бодитой, тодорхой байх
Зорилго бүр цаг хугацааны хязгаартай байх нь маш чухал. Учир нь энэ нь хүнийг яаруулж, тэр зүйлийнхээ төлөө шаргуу хичээхэд хөшүүрэг болдог. 3 сар гэхэд гадаадад сурах эсэхээ шийдсэн байна, 7 сарын 1 гэхэд шинэ байранд нүүж орсон байна гэх мэтээр. Тэгэхээр нэг жилийн хугацаанд юунд хүрч чадах нөөц бололцоо байна түүндээ тохируулан зорилгоо гаргаарай.
Зорилт тодорхойлох
Хэдүүлээ одоо зорилгоо тодорхойлсон бол түүндээ хэрхэн хүрэх вэ гэдэг төлөвлөгөө боловсруулъя. Хэрхэн хүрэх арга замаа тодорхойлоогүй бол дээрх бичсэн зорилго тань зүгээр л хүсэл болж өнгөрнө. Зорилт тодорхойлохдоо SMART дүрмийг санаарай.
S – specific – Тодорхой
M: measurable – Хэмжихдэхүйц
A: achievable – Хүрэх боломжтой
R: relevant – Хамаарал бүхий
T: timely – Цаг хугацаатай
Зорилго тус бүр дээрээ энэхүү дүрмийн дагуу хүрэх арга замаа бичээрэй. Жишээ нь жингээ барих гэсэн зорилго байхад түүнд хүрэх үйлдэл буюу өдөрт 1 цагийг дасгал хийхэд зарцуулах байж болох юм. Аль болох тодорхой, нарийн байх тусам сайн гэсэн үг.
Зорилтоос гарсан шийдвэрүүдийг цагийн хувиарт тусгах
Зорилгодоо хүрэх арга замаа олсон юм чинь хамтдаа үйл хэрэг болгоцгооё. Та бүхэн аль хэдийнээ өдөр хэдэн удаа, хэр их цаг зарцуулах зэргийг тооцоолсон байх. Дээр дурдсан эрүүл мэнд гэсэн хэсэгт хамаарах жингээ барих гэсэн зорилт байлаа гэж бодъё. Тэгвэл өдөрт нэг цагийг дасгал хийхэд зарцуулахаар боллоо. Тэгвэл дасгал хийх цагаа өглөө байх уу эсвэл өдөр үү гэх мэтчилэнгээр тооцоолж өөрийн цагийн хувиартаа тусгаарай.
Төлөвлөгөөг мөрдөх дүрмээ тодорхойлох
Төлөвлөлт чухал ч гэсэн гүйцэтгэл байхгүй бол яах вэ? Эцсийн эцэст яах гэж төлөвлөж байгаа билээ дээ. Хүн бүр төлөвлөгөөд түүндээ хүрдэг бол бүгд л мөрөөдлийн амьдралаараа амьдарч байгаа. Зорилгодоо хүрсэн эсэхийг та өөрөө л хянаж, гүйцэтгэж, үр дүнгээ хүртэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл та өөрөө өөртөө “дарга” гэсэн үг. Тиймээс өөртөөгөө тохиролцох бяцхан “гэрээ” хийгээрэй гэж зөвлөж байна.
Үүнд:
– Эрсдэл тооцоолох
Хэрэв ямар нэгэн тооцоолоогүй эрсдэл тулгарвал хэрхэн удирдаж жолоодох вэ гэдгээ тодорхойлоорой.
– Сахалга батын дүрмээ өөртөөгөө тогтох
Хэрэв зорилгодоо хүрэх төлөвлөгөөндөө хүрэхгүй, зөрчвөл ямар хариуцлага тооцох вэ? Жишээ хэлээ сайжруулахаар өдөрт 2 цагийг зарцуулна гэсэн боловч хийгээгүй бол дараагийн өдөр нь 5 цагийг нөхөж зарцуулж, нэмж 50 үг цээжилнэ гэх мэт.
Өөрөө өөртөө эзэн болж, сахилга баттай байж өөрийгөө хууралгүй хүссэн бүхэндээ хүрч хийхийг хүссэн бүх зүйлээ хийгээрэй.