1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Хааны ордноос VIII Богд, Дондогдулам хатан хоёр сүйх тэргээ хөлөглөн хамгаалагч цэргүүд, таван яамны сайд нартайгаа Төрийн шар ордонд очиж Монгол Улсын Хааныг эрдэнийн ширээнд залагдаж байсан түүхэн өдөр билээ. Тодруулбал, өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ өдөрт Богд Хааны ордон музейн зүгээс Богд хааны хөшөөнд цэцэг өргөн Богд Хааны түүхийг нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгууллаа.
Богд Хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “110 жилийн өмнө дэлхийн газрын зураг дээр Монгол гэдэг нэр үгүй, ард түмэн маань харийн түрэмгийлэлд дарлагдаж, эрх чөлөөгөөрөө боомилогдсон өдөр байсан. 200 гаран жилийн их хүсэл, эрмэлзлийг гүйцээж, Богд Хаан болоод түүний эргэн тойрон дахь Алтан ургийн ноёд, өндөр мяндагтай лам, хуврагуудтай хамтарч дэлхийн газрын зураг дээр Монгол гэсэн нэрийг бий болгосон. Гэхдээ энэ монголыг өнөөдрийн монголоос 2.5 дахин томыг бий болгож байсан. Тэр ч утгаараа эндээс 110 жилийн өмнө Вашингтон Пост сонин дээр “Маргааш хятадын газар нутагтай дүйцэхүйц том газар нутагтай Их Монгол Улс тусгаар тогтнолоо зарлах нь ээ” гэж дэлхийн хэвлэлүүд шуугьж байсан. Энэ 110 жилийн ойг монголын төр, түүх, өв соёлоо мэддэг, үнэн түүхэндээ ойр байдаг хүмүүс бүгдээрээ хүндэтгэл үзүүлдэг. Жил болгон энэ түүх улам ил тод болж байна. Хуучин Богд Хааны түүх зарим кино, ном судрууд дээр өндөг мяндагтай, шар хувалз, Түвд хүн гэсэн өнцгөөс хардаг байсан бол энэ Цастын орноос ирээд энэ Монгол орны төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж энэ Монгол Улсын байгуулсан юм гэдгийг хүмүүс мэддэг болсон байна.
Богд Хааны ордон музейгээс сүүлийн гурван жил их судалгаа хийж чармайн ажилласны хүчинд 30-аад эрдэм шинжилгээний хэвлэл, товхимлууд гарч олон түмэнд хүрч ажиллаж байна. Тиймээс олон түүхчдийн хичээл зүтгэлээр энэ түүх улам тодорч байгаа. Өөрөөр хэлбэл Богд Хааны хэлмэгдсэн түүх цагаатгагдаж байгаа он жилүүд үргэлжилж байгаа гэж харж байна” хэмээн онцоллоо.