Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Бид энэхүү баярын талаар МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Ц.Гантулгатай ярилцлаа.
–Арванхоёрдугаар сарын 29 буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр та бид хоёр уулзаж байна. Энэ өдөр үндэсний эрх чөлөө буюу тусгаар тогтнолоо сэргээнэ гэж яриад байдаг. Манж Чин гүрний дарлалд 200 жил байсан монголчууд эрх чөлөөгөө сэргээсэн өдөр гэж бид нар өнөөдөр амарч, баярлаж тэмдэглэж байна. Энэ өдрийн ач холбогдлын тухай та бидэнд хэлж өгөхгүй юу?
-Үнэхээр яах аргагүй энэ ХХ зууны монголын түүхийн маш чухал түүхэн өдөр бол энэ арванхоёрдугаар сарын 29-ний өдөр. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-н буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний тэр өдөр бид харийн эрхшээл дороос гарч эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргүүлж олж авсан. Өнөөгийн Монгол Улсыг дахин сэргээн тунхагласан ийм өдөр. Тийм учраас энэ өдрийг бид улсаа тунхагласан, эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан өнөө үеийн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн үндэс суурь нь тавигдсан ийм түүхэн өдөр гэж хэлэхээс өөр аргагүй.
–Тэгвэл арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс буюу Улс тунхагласны баяр гэж нэрийдэж мөн бидний амарч баярладаг тэр өдрөөс юугаараа ялгаатай өдөр юм бэ?
-Манай үзэгчид, олон түмэн бас төөрөлддөг явдал бий л дээ. Арваннэгдүгээр сарын 26-н бол түүхэн үйл явдал болсон өдөр мөн. Гэхдээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26 гэдэг тэр өдөр ямар үйл явдал болсон бэ гэвэл хаант засгаа халаад Бүгд найрамдах засгийн хэлбэрийг сонгож авсанаа анхдугаар үндсэн хуулиар тунхагласан ийм л байдал өдөр. Өөрөөр хэлбэл засаглалын хэлбэрээ шинээр тунхагласан өдөр гэсэн үг. Нөгөө талаар зүгээр товчоор бол энэ анхдугаар үндсэн хуулийг л тунхаглан баталсан ийм түүхтэй өдөр.
-Бид 1911 онд эрх чөлөөтэй болж тусгаар тогтнолоо сэргээсэн гэж байна. Тэгвэл 1911 оноос өмнөх 200 жил бид яаж яваад Манж Чин гүрний эрхшээлд орсон юм бол?
-Түүх яривал урт түүх л ярина л даа. Тэгэхээр хамгийн гол бидний одоо тэр харийн эрхшээлд орсны сургамж нь юу вэ гэхээр бид эв нэгдлээ алдсан л байсан. Ер нь Манжийн хааны нэг алдартай үг бий шүү дээ. “Тэнгэрт үүл хуралдвал бороо ордог. Монголчууд үүнтэй адилхан. Монголчуудыг хуралдуулж болохгүй, монголчууд уралдахаараа цэрэг болдог. Тийм учраас үүл сарнихыг хүлээхтэй адил монголчууд сарнихыг нь хүлээх ёстой” гэж. Ингэж л монголчуудыг эзэлж авсан. Тийм учраас монголчууд эв нэгдлээ алдсан явдал нь харийн эрхшээлд орох хамгийн гол үндэс шалтгаан болж өгсөн гэж хэлж болно. Тийм ч учраас монголчууд Манжийн зүгээс явуулсан тухайн цаг үеийн улс төрийн олон хүчин зүйлүүдийн улмаас ээлж дараалаад Манжийн эрхшээлд орсон л доо. Тэгээд дундажилж бодохоор 200-гаад жил гардаг.
-Үндэсний эрх чөлөөний энэ өдөр эрх чөлөөтэй болоход бидэнд тусалсан түүхэн хүмүүсийг та нэрлэж өгөөч?
-Монголчууд ярьдаг шүү дээ. “Сиймхий ч гэсэн гэр минь, Сэгсгэр ч гэсэн ээж минь” гэж. Тэгэхээр бид ямар боловч одоо ядарсан, зүдэрсэн ч гэсэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан явдал бол маш чухал, түүхэн ач холбогдолтой үйл явдал байлаа. Энэ үйл явдлыг тухайн үеийн Алтан ургийн сурвалжит, ноёд язгууртнууд нийт монголын сэхээлэг гэгээлэг хэсгийнхэн улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг эргүүлж олж авах цаг болсон гэдгийг мэдрээд, энэ үйл үйл хэргийг л оройлон удирдаж манлайлж, энэ тэмцэл хөдөлгөөнийг ялалтад хүргэсэн. Мэдээж энэ тэмцлийг ялалтад хүргэхэд одоо олон хүчин зүйл нөлөөлсөн л дөө. Үүнд гадаад, дотоод гээд бид ярьж болно. Тухайлбал, бид Манж Чингээс, салахад Хаант оросын нөлөө хүчин зүйл тодорхой хэмжээгээр байлаа. Бид гаднын их гүрний тусламж, дэмжлэгийг авч байж тусгаар тогтнолоо сэргээх бас шаардлага байсан. Тэдний дэмжлэг тусламж, хүчин зүйлийг ашиглах хэрэгцээ байлаа. Энэ утгаараа Хаант оросын нөлөө хүчин зүйлийг хэлэхээс аргагүй. Дотоодын хувьд яривал бид VIII Богд Жавзандамба хутагт хэмээх нийт монгол туургатан даяар танигдаж шүтэгдсэн тэр их богдын нэр нөлөө, түүнийг тойрон хүрээлж, түүнийг оюун санааны удирдагчаа болгосон нөлөө бүхий энэ ноёд язгууртнуудын одоо тэр хүчин зүтгэлийг үнэлэхээс өөр аргагүй. Үүнд одоо олон хүмүүсийг нэрлэж болно. Бид ярьдаг Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан, Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав гэх мэтээр олон хүмүүсийг нэр дурдаж болно.
-Бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа. Үндэсний эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье.
-Та бүхэнд ч гэсэн баярын мэнд хүргэе.