Монгол улсын нэг сум ойролцоогоор 3000 хүн амтай байдаг бол манай улсад жилд дунджаар хорт хавдрын улмаас 4000 гаруй хүн хорвоог орхиж байгаа юм. Энэ дүнгээрээ Монгол улс дэлхийд хорт хавдрын нас баралтын шалтгаанаараа тэргүүлдэг. Энэ нь иргэд хүнсэндээ ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэдэггүй, хорт зуршил, буруу амьдралын хэв маягаас үүдэлтэй гэдгийг эмч хэлсэн юм. Хүний эд эс нас ахих тусам багасдаг учраас хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна. Хорт хавдар эхэн үедээ ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй учраас жил бүр эрт оношилгоонд хамрагдах нь сэргийлэх гол аргын нэг юм.
"Ахуйн хүнсний зориулалтын бус хуванцар хэрэглээг хязгаарлая, халъя гээд байдгийн цаана тэрийг хийж байгаа эд материал дотор химийн бодис нь хүний биед сөрөг нөлөөтэй, хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй химийн элементүүд агуулагдаад байгаатай холбоотой.
Энэ олон жил үргэлжилж байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол, гэрээ бид юугаар барьсан, юугаар будсан байна вэ гэдэг хүртэл чухал нөлөөтэй. Хүнсний бүтээгдэхүүнүүд хэр зэрэг экологийн эрүүл бүтээгдэхүүн байна уу, хиймэл орц найрлагатай хүнсний бүтээгдэхүүн хэр их байна вэ гэдэг чинь өөрөө энд маш том хүчин зүйлийн нөлөөтэй. Тэгэхээр хорт хавдар гэнэт үүсчихдэггүй. Амьдралын хэв маяг, идэж, хэрэглэж, амьдарч буй зүйлсээс шууд хамааралтай. Нас ахих тусам эд, эс багасдаг учраас өвчлөх магадлал нэмэгддэг. Тиймээс хэн ч хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй. Дэлхий дахинд байгаа энэ өвчнийг эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн. Гол нь нас баралтгүй эмчлэхэд анхаарч байгаа.
Монголчуудын хувьд өнөөдөр жилдээ оношлогдож байгаа хорт хавдрын тохиолдлын бараг 70 орчим хувь нь өвчний хожуу үедээ буюу гурав, дөрөвдүгээр үедээ оношлогдож байгаа. Энэ хорт хавдар өвчний нэг онцлог нь анх бий болсон газраа байдаггүй. Тодорхой хугацааны дараа маш олон төрлийн замаар ойрын болон алсын бусад эд эрхтэн рүүгээ үсэрхийлдэг, халддаг. Тийм учраас энэ өөрөө нэг эрхтний өвчин биш хүний биеийн эрхтэн систем тогтолцооны өвчин болоод явчихдаг.
Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хорт хавдар нас баралтаараа тэргүүлдэг. Жилээс жилд өвчлөгчдийн тоо гэрлийн хурдаар нэмэгдэж бага балчраас, ахмад буурай хүртэл өвчилж байгаа уг өвчний талаар дурангийн тасгийн эрхлэгч Ж.Оюунчимэгээс тодрууллаа.
"Ходоодны хорт хавдар өвчин бол манай улсад зонхилон тохиолддог таван өвчний хоёрдугаарт байдаг. Нас баралтаараа нэгдүгээрт ордог. Өглөө наад зах нь хоол цай, ундаа уухгүй гарч байна. Хэт их өлсөж байснаа ихээр идэх, дандаа шарсан, хуурсан, хайрсан, түлсэн, амтлагч ихтэй хурц хоолнууд хэрэглэж байна. Хүнсний аюулгүй байдал их алдагдсан, хортой бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ илүү их хэрэглэж байна. Аюулхай орчим өвдөөд, халуу дүүгээд, цээж хорсоод байна гэж хүмүүс ярьдаг. Зөндөө шинж тэмдэг илэрч байхад өөрсдөө дур мэдэн эм хэрэглээд тэсвэрлээд яваад байдаг. Эмчлэгдэх боломж нь багассан үедээ ирж үзүүлээд байдаг. Хорт хавдрын өвчин залуужиж байгаа учраас ер нь хүмүүс жилдээ нэг удаа заавал зовуурь өгсөн ч бай, өгөөгүй ч бай дурангийн шинжилгээнд хамрагдаж байх ёстой. Түргэн хоол гэдэг нь өөрөө эко бүтээгдэхүүн байж чадахгүй хадгалалт удаантай, маш их давслаг хүчиллэг хоолнууд байгаа. Тэгэхээр давс ходоодны салстыг түлдэг. Энэ түргэн хоол их хэрэглэх нь өөрөө ходоодны салстыг цочрооно, түлнэ, шархлуулна. Улмаар ходоодны шарханд зөв эмчилгээ хийхгүй, зөв дэглэм баримтлахгүй бол хорт хавдарт шилжих эрсдэлтэй.
Энэ цэлцэгнүүр, чихэр жоохон хүүхдүүд их идээд байдаг. Янз бүрийн гаазтай ундаа ч гэсэн дандаа үрэвсэл үүсгэдэг. Ходоодны хүчлийг ихэсгэдэг. Гаазтай ундаа маш их сахарын агууламжтай. Сахар гэдэг нь хавдрыг тэжээж байдаг нэг хорт нөхцөл. Тэгэхээр сахар багатай, давс багатай, хурц амтлагч багатай, хадгалалт уртасгадаг химийн найрлагууд орсон бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаарай.
Дэлхийд хорт хавдрын нас баралтаараа тэргүүлж байгаа тоогоо бид бууруулах бүрэн боломжтой гэдгийг онцлон дурдмаар байна. Та оройтсон үедээ очиж эрүүл мэнд, санхүү, сэтгэл санаагаараа хохирохоос илүүтэй эрт илрүүлгийн шинжилгээндээ жилдээ нэг удаа ороход л өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Эрт илрүүлгийн үедээ хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин юм. Мэдээж шинжилгээнээс гадна эрүүл зөв амьдралын хэв маяг хамгийн чухал юм шүү. Хайртай гэр бүлийнхнийгээ болон өөрийгөө хорт хавдар өвчнөөс хамгаалъя.