УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тоон гарын үсгийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Засгийн газраас УИХ-д "Нийтийн мэдээллийн хууль", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай", "Цахим гарын үсгийн тухай", "Кибер аюулгүй байдлын тухай", "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай" хуулийг өргөн мэдүүлсэн. УИХ дээр УИХ-ын даргын захирамжаар тус дөрвөн хуулийн төслийн ажлын хэсэг мөн "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай" хуулийн ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хороон дээр байгуулсан. Эдгээр хуулийн төслийг миний бие ахалж, есөн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталлаа.
"Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бид нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэлд ямар мэдээлэл хамруулахыг тодорхой тусгаж өгсөн. Өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахаар давхар цаас шаарддаг байсан үйл ажиллагаа зогсож байна. Цахим баримт бичгийг цаасан баримт бичигт буюу эрх зүйн баримт бичиг хэмээн энэхүү Нийтийн мэдээллийн хуулиар бүрэн үзэх эрх зүйн орчин бүрдлээ.
Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ард иргэдийн зүгээс нэлээн гомдол санал гаргадаг дуу дүрсний бичлэгийг байршуулах стандартыг тодорхой тусгаж өгсөн. Гол концепц хувь хүний нууцын тухай мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлыг хариуцах зохицуулалтыг тусгаж өгсөн. Хүний эмзэг мэдээллийг нууцад хамааруулсан.
Цахим гарын үсэг батлагдсанаар 16 нас хүрсэн хүн болгон нэг удаа цахим гарын үсэг үүсгэж өгнө. Төрийн байгууллага болгон цахим гарын үсэг нэвтрүүлж эхэлбэл нийслэл хотын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Цахим гарын үсэг бий болсноор гэрээсээ цалингийн зээл, төрийн үйлчилгээ авах боломжтой. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд Кибер аюулгүй байдлын хуулийг баталсан.
"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай" хууль батлагдсан. Энэ хууль виртуал хөрөнгийн зах зээлийн харилцах биш үйлчилгээ үзүүлэгч биржүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхой болгосон. Стандартуудыг нь өндөр түвшинд барьсан, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон хууль. Бид олон улсын ФАТФ-ын зөвлөмжийн дагуу бүртгэх, зөвшөөрөх, хориглох гэсэн сонголт байсан. Монгол Улс бүртгээд хянахыг нь сонгосон. Тэгэхээр Монгол Улс виртуал хөрөнгийг хуулиар зөвшөөрч байгаа. Гэхдээ тавигдах шаардлагуудыг тодорхой болгож, энэ хуульд мэргэжлийн холбоодын дүгнэлтийг гаргах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн" гэдэг тайлбар өглөө.