Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, сэтгэц, бие мах бодь өөрчлөгдөж, өөрийгөө том хүн мэт бодохын хажуугаар хэт эмзэг болох нь бий. Үүнээс шалтгаалан тэд гэнэтийн шийдвэр гаргаж эхэлдэг. Энэ нь гэмт хэрэгт орооцолдох, амиа хорлох зэргээр илэрдэг байна. Бид энэ насныхны сэтгэл гутралд орох шалтгаан болоод үүнээс сэргийлэхийн тулд томчууд хэрхэн анхаарах талаар мэдээлэл бэлтгэлээ.
Энэ талаар СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор,
“Ихэвчлэн 15-29 насныхан амиа хорлолтод өртдөг. Мөн 34 хүртэлх насныхан буюу ид ажиллаж хөдөлмөрлөдөг залуу үеийнхэн энэ сонголтыг хийгээд байна. Мэдээж хүний амьдралд маш олон асуудлууд тулгардаг. Маш хүчтэй сэтгэл санааг нь хямраасан асуудалд өртөөд ирэхээр тухайн хүн бүх хүчээ дайчилж тэмцэх нь тодорхой. Гэвч энэ нь шавхагдаж хэнээс, ямар тусламж авахаа мэдэхгүй, яаж шийдэхээ мэдэхгүй болох үе гарна. Ингээд аргаа барсны эцэст энэ сонголтыг хийнэ. Ийм зүйл болохоос урьдчилан сэргийлэхийн тулд дэргэдэх хүнээ сайн мэдэрдэг, сонсдог байх шаардлагатай. Тухайн хүний өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах, сэтгэл санааны байдлыг ажиглана гэсэн үг.
Аливаа хүн яагаад амиа хорлох сонголт хийсэн. Үүний шалтгаан юу болохыг мэдэхгүй байж хүмүүс дур мэдэн ярьж байна. Бусдыг шүүх эрх хэнд ч байхгүй. Жишээ нь сошиал хандлага байна шүү дээ. Тэр бүх хар массын пост, коммент нь буцаад энгийн амьдрал руугаа орох гэж буй хүнд маш их саад болдог. Ингээд л амиа хорлох сэдэл нь болж байгаа юм.
Хүн ганцаараа биш. Тусалж дэмжих хэн нэгэн, мэргэжлийн үүрэг хүлээсэн хүмүүс байдаг юм шүү гэдгийг маш сайн ойлгох нь зүй. Эцсийн аргаа барчихсан юм шиг санагдаж байгаа ч энэ нь түр зуурын сөрөг мэдрэмжээс үүссэн сөрөг бодол байдаг. Хэзээ ч арга барагдсан зүйл гэж байхгүй. Тиймээс тусламж авахыг хичээх хэрэгтэй. Магадгүй сэтгэл зүйчид хандаад үр дүн гараагүй бол сэтгэцийн эмчид хандаж эмчилгээ хийлгээд үзэх хэрэгтэй. “Сэтгэцийн эмнэлэгт хэвтчихлээ шүү дээ. Энд үзүүлээд явж байна” гэдэг нийгмийн сөрөг хандлагыг үл тоон өөрийнхөө төлөө сонголт хийгээсэй гэж хүсэж байна” гэлээ.
Харин сэтгэл зүйч Б.Жавзангаас өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн өөрчлөлт, онцлогийн талаар тодрууллаа.
Тэрбээр, “Өсвөр насны хүүхдэд хямрал бий болдог. Тэд өөрсдийгөө хүүхэд биш том хүн гэж бодож эхэлнэ. Бэлгийн бойжилт явагдах нь организмаас эхлээд сэтгэцийн хувьд асар том өөрчлөлтүүд явагдаж байна гэсэн үг. Үеийн хүүхдүүдээс мэдээлэл хүлээж авдаг. Тэднийг сонсдог болно. Насанд хүрэгчдийн үг тийм чухал биш болж эхэлдэг. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ том хүн шиг, найз шиг нь харьцаж байж ойлголцоно.
Тэдэнд ганцхан гэр бүл нөлөөлөхөө болино гэсэн үг шүү дээ. Нийгэм тэр чигээрээ нөлөөлнө. Энгийн дэлгүүрийн худалдагч, гудамжин дахь хүмүүсийн харилцааг хүртэл анзаарч эхэлдэг ийм эмзэг үе. Сэтгэл хөдлөл, оюун ухааны хувьд 100 хувь хөгжөөгүй учраас гэнэтийн огцом шийдвэр гаргах нь бий.
Амиа хорлолтын тухай хүүхдүүд хоорондоо асар их зүйл ярьж байгаа. Нийгэм буруу явсны гайг бид үүрч байна гэж боддог. Нийгэм маань хүн төвтэй, хүнээ анхаардаг байх ёстой байсан. Яг үнэндээ манай нийгэм их бусармаг. Хувиа л боддог болчхоод байна шүү дээ. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйд эдгээр бүх зүйл нөлөөлж байгаа юм.
Нөгөөтэйгүүр манай төр засаг бодлого дээрээ хүртэл алдаад байна. Мэргэжлийн сэтгэл зүйчдийн байр сууринаас хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар дугаар сарын 1-нийг хүртэл амрахыг дэмжихгүй байгаа. Өсвөр насны хүүхдүүдийн уулзахыг хэзээ ч хориглож чадахгүй. Тэднийг завгүй байлгах ёстой. Хичээлийг нь хийлгэдэг. Хөтөлбөрт хамруулдаг. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулдаг байх хэрэгтэй. Завтай хүүхдүүд газ үнэрлэхээс эхлээд алдаж эхэлнэ. Харин ковид гээд хичээл сургуулийг цалгардуулж байгаа нь өсвөр насныханд тун муугаар нөлөөлж байна” гэв.
Уншигч та өсвөр насны хүүхдийнхээ учрыг олохгүй байгаа бол мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, хүүхдэдээ учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.