Дэлхий дээрх нийт хүмүүс нэг жилд 153 миллиард ан амьтныг хоол хүнсэндээ хэрэглэдэг байна. Ингэж ихээр мах хэрэглэх нь ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаа болоод байгаль экологид сөрөг нөлөөтэй. Тэгвэл мах, сүү буюу амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй веган хоол гэж юу вэ? Ямар ач тустай талаарх мэдээллийг веган хоолны тогооч М.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Веган хоол гэдэг бол ерөөсөө мах, өндөг, сүү, загас, тахиа огт ороогүй, бүгд 100 хувь ургамлын гаралтай ургамлаар хийдэг хоол хүнсийг л веган хоол гэж нэрлэдэг байгаа. Веган болсноор хүний биед гарах хамгийн чухал өөрчлөлт бол нэгдүгээрт биед маш хөнгөн мэдрэмж төрнө. Махны төрөл зүйл бол асар хүнд хоол тэжээл. Ногооноос бараг 10 дахин удаан шингэдэг. Сүү цагаан идээнээс гурав дахин удаан шингэдэг учраас тэр их махыг задлахад ходоод асар их хэмжээгээр ажилладаг. Тэгэхээр ядарч сульдах нь нэгдүгээрт их багасна. Хоёрдугаарт сэтгэл санаа өөдрөг хөнгөн болдог.
Тэгэхээр хүний өдрийн хоол хүнснийг тавгаар төсөөлбөл тавгийн 15 орчим хувь уургаас бүрдэж байх ёстой. Махнаас л уураг авдаг гэх өрөөсгөл ойлголт ард хоцорсоон. Таван хошуу малын мах болон гахай тахианы мах 100 грамм мах 16-21 хувийн л уураг агуулдаг. Тэгвэл бид ургамлаас яг тэр махтай адилхан, сүүтэй адилхан төгс уургийг авч болох уу гэвэл болохоор байгаа юм. Тэр ургамалд нь шар буурцаг, хүрэн буурцаг, хар шош, цагаан шош мөн дүпү, сэвэг зарам гэх мэтчилэн олон төрөл бий. Жишээлбэл, шар буурцаг 36-44 хувийн уурагтай бүх төрлийн амин хүчлийг агуулдаг. Дээр нь бүх төрлийн шошнууд 19-24 хувийн уургийг агуулдгаараа бас өндөр хэмжээний уураг агуулдаг. Мөн бидний хоолны 50 орчим хувь жимс болон хүнсний ногооноос бүрдэж байвал маш сайн чанарын антиоксид витамин, сайн чанарын амин дэм эрдсүүдийг хангалттай тунгаар хүн авч чадна гэж үздэг.
Үлдсэн 25 хувийг уураг болон тос эзэлнэ. Үүнийг бид ургамлын гаралтай оливын тос, кокосны тос, буурцагт ургамал зэргээс авч болно. Дараагийн нэг чухал зүйл нь үр тариа буюу бидний хэлдгээр гурил, будаа. Цагаан гурил бүхэл үрийн гурилнаас 10 дахин витамин болон эрдсийн хэмжээ бага байдаг. Тиймээс бор гурил илүү эрдэс, витамин ихтэй" гэв.
Веган хоолны баримтлал нь амьтны гаралтай хүнс олон өвчин үүсгэгч хорт бодисын хуримтлалыг бие махбодод бий болгож, улмаар эд, эсийг хордуулах үйлчилгээтэй, харин ургамлын хүнс нь биеийг цэвэршүүлж, эрүүл, төгс амьдрахад тусална гэх үзэл юм.
Махны хэрэглээтэй холбоотойгоор эрүүл мэндийн өртөг зардал ихээхэн нэмэгдэж байна. Жишээлбэл, АНУ жилд 20-60 тэрбум ам.долларыг махны хэрэглээтэй холбоотой үүссэн өвчний эмчилгээнд, тухайлбал цусны даралт, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, цөс чулуужих, таргалалт, хоолны хордлого зэрэг өвчний эмчилгээнд зарцуулдаг.
Оксфордын их сургуулиас эрхлэн 1980-1984 онд хүнсний ургамлаар дагнан хооллодог 6000 хүн, амьтны гаралтай хүнс хэрэглэгч 5000 хүний дунд явуулсан судалгаагаар цусны холестерин ихсэх, зүрх-судасны өвчин, хорт хавдар болон чихрийн шижингээр өвдөх, таргалах нь ургамлаар хооллогчдын дунд бага байгааг тогтоожээ.
Веган тогооч М.Даваасүрэн "Веган хоол бол хүний эрүүл мэндэд асар ач тустай хоол. Зүрх судасны өвчнийг оромгүй алга болгох, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин, нойр булчирхай, эрт хөгшрөлт, таргалалт зэрэг өвчний эрсдэлийг бууруулах зэрэг хүнийг эрүүл болгох талаас нь шийдэж чадсан байгаад байдаг. Мөн байгаль экологид асар өндөр ач тустай гэж үздэг. Тухайлбал МАА-н үйлвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн зонхилох хэсгийг мал өсгөн үржүүлэхтэй холбоотойгоор үүсэж буй цөлжилт ойгүйжилт, мөн малын өтөг, мөн малын хоол боловсруулах явцаас ялгарч буй хүлэмжийн хий эзэлж байдаг. Веган хоол хүний сүнслэг ухамсрыг асар өндөр хэмжээнд дэвшүүлж өгдөг гэж үздэг байгаа.
Энгийн хоолтон байж байгаад веган хоолтон болоход эхлээд зөв зохистой тавгийн зарчмаар хооллох ёстой. Хоёрдугаарт өөрийнхөө бие махбодын онцлогийг маш сайн таньж авах ёстой байдаг. Тэгээд түүндээ тохирсон өөрийнхөө менюг зохиох хэрэгтэй. Тэгээд бид махнаас татгалзаад веган рүү шилжиж байгаа бол уургаа юунаас авах вэ гэдгээ маш сайн мэдэх хэрэгтэй. Дээр нь энэ эрс тэс уур амьсгалтай нөхцөлд бид яаж хооллох вэ гэдгээ мэдчихсэн үед веган болоход ямар ч асуудалгүй" гэж зөвлөсөн юм.
М.Даваасүрэн тогоочийн хувьд веган хоолтон болоод 13 жил болж байгаа. Нэмж хэлэхэд анх удаа веган хоолны тогооч “Хотын аварга тогооч” шалгаруулах мэргэжлийн тэмцээнд орж тусгай байр эзэлжээ. Одоо шим тэжээл судлаачаар давхар сурч байгаа гэж ярилцлагын үеэр хэлсэн юм.
Тэгэхээр веган хоол бие махбодь, байгаль экологи, эрүүл мэнд, бүр сүнслэг ухамсарт хүртэл нөлөөлдөг байх нь. Та ч бас илүү эрүүл амьдралын хэв маягаар амьдрахыг хүсвэл веган хоолыг дэлгэрүүлж судлан өөрт тохирсон "меню" зохиогоорой.