УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ долоо хоногт УИХ-аар Генетик нөөцийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийхээс гадна Хүнд үйлдвэрийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Тус хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр “Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Гэвч Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй. Цаашлаад хүний нөөцийн чадавх бүрдээгүй зэргээс байгаль дээрээс хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашиглуулдаг, гадагш гаргадаг, үр шим хүртээх талаар гэрээ байгуулж чадахгүй гадаад улс руу алдсаар байна.
Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой юм.
Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэргэжлийн зөвлөл байгуулахаар хуульд тусгасан. Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулах юм. Энэ зөвлөлийг бие даасан хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс зарчмын зөрүүтэй саналуудыг тусгаад байна. Төрийн бус болон шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд холбогдох салбарын эрдэмтэн судлаач нар зөвлөлд ажиллана” гэлээ.
Өнөөдөр болон маргааш дараах сэдвийн хүрээнд хэлэлцэнэ. Үүнд:
-Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /З
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
-Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-“Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Ерөнхий сайдын мэдээлэл: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” хэлэлцэнэ.