2016 оноос хойш хийсэн “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”-гаар, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн нэг хувь нь цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Харин гурван эмэгтэй тутмын нэг нь бэлгийн мөлжлөгт өртжээ. Бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас гэр бүлийн хүчирхийллийг бууруулахаар эрх зүйн хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх мэдээллийг авлаа.
Тэрбээр, “Судалгаа явуулахад, монгол эмэгтэйчүүдийн 36 хувь буюу гурван эмэгтэй тутмын нэг нь дотнын хамтрагчийн зүгээс үйлдэгдсэн биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Мөн хохирогч эмэгтэйчүүдийн нэг хүрэхгүй хувь нь цагдаа болоод бусдад мэдэгдсэн байгаа юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэх энэ хэргүүд нь амь нас эрсдсэн хүнд тохиолдлууд. Арай хөнгөн хэлбэрийн хүчирхийллийг эмэгтэйчүүд хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр, хаалттай хаалганы цаана нуудаг гэх судалгааны дүн гарсан. Эмэгтэйчүүдээс асуухад ч мөн 50-60 хувь нь хэн нэгэнд хандаж байгаагүй өөрсдөө дотроо тэвчиж байсан тухайгаа хэлсэн.
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гаргагч буюу хүчирхийлэгч үйлдэгч дээр нэг шатны хуулийн арга хэмжээ авах нь буруу. Энэ нь хүчирхийллийн үндэс, эсвэл илүү хүнд хэлбэр лүүгээ орох гэх мэт үндсэн шалтгаан болж байгаа юм. Өөрөөр хэлбэл агуулгатай нь тэмцэхгүй, хүчирхийллийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Тиймээс тухайн авч байгаа арга хэмжээний хувьд олон шатлал байх ёстой. Сурган хүмүүжүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө, хүний хөгжлийн асуудал дээр анхаарах ёстой юм. Энэ мэтчилэн дүгнэлт гарган ажиллаж байна” гэлээ.
Мөн иргэд эргэн тойрондоо болж, үйлдэгдэж байгаа хүчирхийлэлд ямар хариу арга хэмжээ авдаг, гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцдэг талаар иргэдээс тодрууллаа.
Иргэд:
- Миний эргэн тойронд тийм асуудал тулгарч байгаагүй. Иймэрхүү асуудал гарвал тэр даруй цагдаад хандана.
- Цагдаад л хандаж өгнө. Гэр бүлийн хүчирхийлэл далд байж болохгүй. Нууж хаах зүйл байхгүй шүү дээ.
- Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдвэл, үүнийг нь мэдсэн мөртлөө цагдаад дуудлага өгөөгүй иргэн хариуцлага хүлээх ёстой болчхоод байгаа учраас цагдаад хандана. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гээд байдаг шүү дээ. Үүнийг болиод гэмт хэрэг үйлдэгдэж л байгаа бол түүний эсрэг тэмцдэг байх хэрэгтэй.
- Гэр бүлийн хүчирхийллийг битгий цааш нь туйлшруулаарай. Мэдэж байгаа бол холбогдох байгууллагуудад нь хандаж байгаарай. Нэг эмэгтэйн амьдралд тус болно шүү.
- Мэдээж тулгарч байсан. 22 цагаас хойш айлд төвөг учруулах юм бол цагдаа дуудаад өгчихдөг. Ихэвчлэн цагдаа дууддаг. Ийм зүйлийг тэвчээд өнгөрөөх хэрэггүй. Ил болгосон нь зүйтэй гэж бодож байна.