УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсов.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Омикроныг илрүүлэх боломж бүрдсэн үү. Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа ДЭМБ-аас Омикрон хувилбарт зориулсан вакцин гаргах шаардлагатай гэж үзэж байгаа гэлээ. Тэгэхээр бид бүүстэр тун хийлгэсэн ч шинэ вакцин гарч ирвэл дахин хийлгэнэ гэсэн үг үү. Цар тахлын хам шинжтэй бүхэл бүтэн бүлэг хүмүүс бий болж байна. Энэ хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ. Мөн Омикроны нууц хугацаа хэдэн хоног байгаа вэ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой. ДЭМБ-ын тусламжтайгаар вирус илрүүлэх төхөөрөмжийг ХӨСҮТ-д суурилуулаад тест хийгээд эхэлсэн. Ингэснээр хувилбаруудыг тодорхойлох боломжтой болсон.
Зарим улсад дөрөв дэх тунгийн асуудалд яригдаж байгаа. Ялангуяа бүүстэр тунг эрчимжүүлж эхэлсэн. Бүүстэр тун Омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Омикрон хувилбарын онцлогт тохируулсан вакцины судалгаанууд хийгдэж байгаа юм билээ. КОВИД-ийн дараах хам шинжийн зөвлөмжийг иргэдэд хүргэж байгаа.
Омикрон хувилбарын нууц үеийн хугацааг одоогоор 2.5 хоног гэж үзэж байна. Эмнэл зүйн нууц үе нь маш богино, халдварлах чадвар өндөртэй байгаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Омикроны эмнэл зүйн шинж нь ямар байгаа вэ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Омикроны шинж тэмдгийг бүртгэдэг аппликэйшнүүд байдаг. Эдгээрээс хамгийн сайн бүртгэдэг нь Их Британийн zoi гэдэг аппликэйшн байгаа. Үүнд бүртгэгдэж байгаа гол шинж тэмдэг нь илүү томуу төст өвчинтэй төстэй, нус гоожих, ханиалгах, ядрах шинж тэмдгүүд голлож байна гэдэг мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Түргэвчилсэн оношлуураар Омикрон хувилбарыг илрүүлэх боломжтой юу. Манай улсын авсан вакцины хугацаа хэзээ дуусахаар байгаа вэ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Манай улсад Омикроныг илрүүлдэг түргэвчилсэн оношлуур байхгүй. Гэхдээ бүх төрлийн КОВИД-ийг түргэвчилсэн оношлуураар оношлоод, эерэг гарсан хүмүүст дараа нь PCR шинжилгээ хийж баталгаажуулж байгаа. Бидний өдөр тутамд хэрэглэж байгаа PCR шинжилгээнээс сэжигтэй буюу Омикрон хувилбарыг илрүүлэх боломжтой.
Сүүлийн үед томуу болон КОВИД-ийн халдвар, SARS-ыг илрүүлдэг оношлуур зах зээлд нэвтэрч байгаа. Манайд ийм оношлуурыг бүртгүүлье гэдэг хүсэлтийг Эм, эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтыг газарт ирж байгаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Файзер” вакцин үйлдвэрлэгчээсээ зургаан сарын хугацаатай ирдэг. Үйлдвэрлэгдсэнээсээ хойш нэг сар гаруйн дараа манайд ирдэг. Өнгөрсөн аравдугаар сард “Файзер” компаниас энэ оны тавдугаар сараас үйлдвэрлэсэн вакцины хугацаа гурван сараар сунгагдана гэдэг албан бичиг ирсэн. Горимын дагуу -70 градуст хадгалж байгаа вакцины хугацаа гурван сар сунгагдахад технологийн горим зөрчигдөхгүй. Бид арванхоёрдугаар сард вакцин хүлээж авч байгаа. Тэдгээр вакцинууд нь үйлдвэрээсээ есөн сарын хугацаатай гарч байгаа.
Тийм учраас вакцины хугацаанд санаа зовох зүйл байхгүй.