Сүхбаатарын талбайд 27 дахь жилдээ зураг дарж байгаа С.Тамара эмээтэй ярилцлаа. Тэрбээр барилгын салбарт 26 жил ажилласан ч компани нь татан буугдаж, хүүгээрээ зураг дарахыг заалгажээ. 42 насандаа сонирхлоороо зураг дарсан С.Тамара гуай ийнхүү 27 дахь жилдээ талбайн зурагчнаар ажиллаж байна.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг С.Тамара гэдэг. Би Сүхбаатарын талбайн дурсамж холбооны гишүүн. Тасралтгүй 27 жил зураг дарсан. Хүмүүс гар утсаараа их зураг дардаг болсон. Эхлээд автомат аппарат бий болсон. Түүнээс хойш гар утас дэлгэрээд улам сайн өндөр фикселтэй гарч байгаа. Гэсэн ч хүмүүс хамт олноороо, олуулаа биднээр зураг даруулах дуртай байдаг.
-Талбай дээр олон жил зураг дарж байхад сонин содон зүйл их болдог уу?
20 гаруй настай 30 хүрсэн залуучууд бүр таниад ирдэг. Тэгээд бүр яг нэг авахуулсан, тэр газраа авахуулна ч гэж ирдэг хүүхдүүд зөндөө байдаг. Одоогоос 15-20-д жилийн өмнө ирж зургаа авахуулж байсан хүүхдүүд одоо дээд сургуульд орчихсон өөрсдийгөө ирээд танилцуулдаг. Та нэлээн олон жил зогсож байна. Тэгвэл танаар дахиад зургаа авахуулъя гэдэг. Нэг хос бүр жил болгон Сүхбаатарын талбайн гинжин дээр суугаад авахуулдаг.
-Та хүүгээрээ зураг дарахыг заалгасан гэсэн. Энэ хугацаанд өөр ажил хийе гэж бодож байсан уу?
Би ер нь өөрөө зураг авах сонирхолтой. Намайг бага байхад манай аав зураг их дардаг хүн байсан. Гэртээ бүр зургийн лабораторитой байсан. Энэ нь зураг дарж сурахад нөлөөлсөн байх. Тиймээс өөр ажил хийхийг хүсдэггүй. Яагаад гэвэл хүн нэг л газраа ажил хийвэл бүтээл нь илүү сайн байдаг шүү дээ.
-Өвөл гадаа нэлээн хүйтэн. Зургаа мэдэрч авахын тулд бээлий төдийлөн өмсдөггүй юм шиг харагдлаа?
Байнга явж байдаг болохоор даарахын зовлон байхгүй. Ажилдаа дуртай бол хүн ер нь даардаггүй. Хамт олноороо ангиараа, ихрүүдийн баяр гээд л дан ихрүүдийн зурагнаас авахуулаад янз бүрээрээ байгаа. Зурагчин байх чинь сайхан шүү дээ. Гадаад, дотоод, хөдөө гадаанаас ирсэн хүмүүс чинь зургаа байнга авахуулдаг. Тийм учраас тэднийхээ зургийг аль болохоор сайхан, сэтгэлд нийцсэн зураг угааж өгөхийг хичээж ажилладаг. Хүмүүс зургаа авч чадахгүй байхад би бүр хүргээд өгөхийг хүсдэг. Бороотой эсвэл цастай ч юм уу анхны цасанд хүмүүс ямар их дуртай байдаг билээ. Тийм өдрүүдэд бас зургаа их даруулдаг.
-Та ямар үед зураг авах дуртай вэ? Одоогоор хичнээн зураг дарсан бэ?
Шөнийн зураг дарах дуртай. Талбай дээр гэрэл гэгээ ч сайтай. Зурагчин ч цөөн. Тийм учраас шөнийн зураг дарах сонирхолтой. Өдөрт 20 зураг дарлаа гэхэд сардаа 600 зураг авчихна гэсэн үг. Бараг хэдэн мянга байгаа байх. Тэр ер нь тоолж баршгүй. Сайхан баяр наадмын зургийг маш гоё аваад өөртөө хадгалъя гэсэн тийм сонирхолтой байдаг. Манай холбооныхон та хөгшин юм гээд хөөгөөд явуулчихгүй. Тэгэхээр чинь би бүр ажлаа хийх сонирхолтой.
-Танд ярилцлагын төгсгөлд хүмүүст хандаж хэлэх үг байна уу?
Залуу хүмүүст ажил хийх маш их боломж байна. Хүссэн ажлаа нэг байр суурин дээрээ хийвэл бүр илүү сайн үр дүнд хүрдэг юм шүү хүүхдүүдээ. Та нарт захихад зураг бол нэг насны дурсамж. Нялхаасаа өтөлтлөө зургаа авахуулна шүү дээ. Тэр зургаа хадгалаад үр хүүхдэдээ өвлүүлж өгвөл бүх хүсэл чинь биелнэ гэж бодож байна.