Манай улсад коронавирусийн улмаас 2000 хүн алтан амиа алдаж, хэдэн мянган гэр бүл хагацан, бяцхан хүүхдүүд өнчирсөн билээ. Бид “Гашуун яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн улаан бүс дэх Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Э.Эрдэнэзултай, эмнэлгийн орчинд болж буй хүндрэлтэй нөхцөл байдал, сэтгэл эмтрэм үйл явдлуудын тухай ярьсан юм.
-Таны хувьд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ажиллаад хэр удаж байна? Эмнэлгийн нөхцөл байдлын тухай ярихгүй юу?
-Би ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт нэг жил ажиллаж байна. Улаан бүс ачаалал ихтэй. Хүндэрч байгаа хүмүүсийн тохиолдол буурахгүй байна. Хоёрдугаар давлагааны үед тархалт ихсэхээр дагаад хүн амын хүндрэл ихэссэн гэж болно. Маш олон хүн хүндэрсэн. Нөхцөл байдал хүнд байгаа.
-Эмч хүний хувьд өвчтөнүүдээ нүдэн дээрээ алдах амаргүй даваа байдаг байх. Мартагддаггүй, хэцүү мэдрэмж төрүүлсэн үйл явдлаасаа ярихгүй юу?
-Мэдээж өвчтөнүүдээ алдах хэцүү. Хэцүү гэдэг үг багадна шүү дээ. Миний санаанаас гардаггүй хэд хэдэн тохиолдол байдаг юм. Энэ нь жирэмсний хугацаанд ковидоор өвдөөд, хагалгаагаар төрсөн эмэгтэй. Төрөөд 7 хоногтой байхдаа ЭХЭМҮТ-ээс ХӨСҮТ-д шилжин ирж байсан юм. Тухайн үед вакциндаа хамрагдаагүй байсан. Түүний хувьд биеийн байдал маш хүнд, амьсгалын дутагдалтай. Манай эмнэлэгт 24 хоног эмчлэгдээд нас барсан. Тэр эх дөрвөн хүүхэдтэй байсан. Нярайгаа нэг сартай байхад нь өөд болсон. Тэр нялх “амьтан” эхийнхээ сүүг ч амалж үзээгүй. Дунд хүүхэд нь хоёр настай. Түүний дээдэх нь зургаан настай. Тэгээд 10 гаруй настай хүүхэдтэй юм билээ. Тэгэхээр энэ хүүхдүүд нялх балчир насан дээрээ ээжийгээ алдаж буй хэрэг. Маш харамсалтай байсан.
-Талийгч болсон хүний гэр бүлийнхний байдал маш хүнд байдаг. Үүнийг хөндлөнгөөс харахад эмч хүний хувьд юу бодогддог вэ?
-Ар гэр нь орж ирээд л… Маш хэцүү шүү дээ. Яг тэр байдлыг харна гэдэг. Үгээр хэлэхийн аргагүй. Сая ярьсан эмэгтэйн хувьд, зохиомол амьсгалын аппаратад орохоосоо өмнө, “би аппаратад үр хүүхдээ орхиод орж болохгүй. Муудчихна шүү дээ. Тэсээд энэ эмчилгээг хийлгэж, заавал эдгээд гарна” гээд л ярьж байсан. Өөрөө маш сэтгэлийн хаттай, тэмцсэн гэсэн үг. Харамсалтай нь нас барчихсан. Миний хувьд эмч, дээрээс нь эх хүн болохоор түүнийг сайжирчхаасай, эдгээд гараасай гэж хүсэж байсан. Ямар ч эмч өвчтөнөө эдгээе гэсэн зорилготой байдаг. Хүн маань улам хүндэрч биеийн байдал нь муудах маш хүнд. Тухайн нөхцөл байдалд, өөрийгөө буруутгах, юу дутуу хийчих вэ, яагаад ийм хүрчих вэ гээд маш их харамссан. Эмч нарт өвчтөнөө алдчихаад уйлах үе ч бий.
-Энэ хэцүү бүхнийг туулаад ирэхээр сонгосон мэргэжилдээ эргэлзэх үе гарч байв уу?
-Байлгүй яах вэ. Жирэмсэн ирээд хүндрэх тохиолдлуудаас үнэхээр халширдаг болсон.
-Гэр бүлээрээ ковидоор өвчилж эндэх тохиолдлууд бүртгэгдсэн байсан. Таны өвчтөнүүд дунд ийм явдлууд тохиолдож байв уу?
-Манай нэг өвчтөн чихрийн шижинтэй, артерийн даралт нь ихэсдэг, хавсарсан өвчлөлтэй юм. Уушгины архаг бөглөрөлтэй, олон жил тамхи татаж байгаа. Энэ өвчтөнд ханын хүчилтөрөгч тулгаж өгөөд байхад үр дүн өгөхгүй зохиомол амьсгалын аппаратад орох заалт гарсан л даа. Ингээд зохиомол амьсгалын аппараттай 45 хоног эмчлэгдсэн. Тухайн үед өвчтөний маань ар гэрийн хүн бас ковидоор өвдөөд нас барчихсан. Өвчтөн сэрсэн даруйдаа эхнэрээ асууж ярих хүсэлтэй байгаагаа хэлсэн. Эхнэртэйгээ ярьж сайн байгаагаа мэдэгдмээр байна гээд л. Бид энэ харамсалтай мэдээг дуулгаж чадаагүй. Эмнэлгээс гарсны дараа энэ тухай хэлэхэд тухайн хүн бүх бурууг өөр дээрээ тохож, шархалж байсан. Мөн дээрээс нь тухайн залуугийн эхнэр, “вакцин ямар ч хэрэггүй” гээд хийлгээгүй байсан. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр, вакцины үр дүнгийн тухайд сөрөг бодол тээж буй хүмүүс их байна. Үүнийг хийлгэ гэж тулгах эрх надад байхгүй ч энэ хэцүү цагт бидний найдаж болох ганц зүйл вакцин шүү дээ.
-Эмч нарын ажлын нөхцөл их хүнд харагддаг. Энэ талаар яривал?
-Улаан бүсэд байгаа хүнрүүгээ ороод шөнийн 12, 2 цаг хүртэл, заримдаа бүр хонох ч тохиолдол ч байдаг. Маш хүнд хүмүүсийн яг л хажууд нь байдаг. Дотор ороод өвчтөнүүдээ үзээд явж байхад маш их цангана. Шингэн уумаар санагдаад л. Болдог бол өвчтөнийхөө хажууд байгаа шингэнийг аваад л маскаа тайлаад уучихмаар үеүд их. Бүтэн 6-8 цаг, түүнээс их хугацаанд юу ч идэж уухгүй явдаг.
-Битүү хувцас өмсчхөөд яаж бие засдаг юм бэ?
-Бие засахгүй шүү дээ. Гүрийнэ. Хүнд өвчтөнөө хаяад, “би бие засна” гээд гараад гүйж болохгүй. Энэ бол эмч хүний эрх үүрэг. Бид ийм үүрэгтэй болоод л энэ мэргэжлээ сонгосон. Сонгосон мэргэжилдээ үнэнч, хийх ёстой юмаа хийж л байна. Тийм байхад, “би ус уух ёстой” гээд өвчтөнөө хаяад гарвал тэнэг биз дээ.
-Та яагаад эмч болсон юм бэ?
-Би ар гэрийнхээ хүнийг алдаж үзсэн. Эрчимтийн үүд манаад шүү дээ. Тийм учраас эрчимт эмчилгээний эмч болъё гэж бодсон юм. Нэг хүнийг ч гэсэн амьдруулаад сайжруулаад ар гэрт нь элэг бүтэн амьдруулах юм сан гэсэн хүсэлтэй.
-Манай уншигчдад хандаж хэлэх үг байна уу?
-Маш жижиг зүйлээс бидний амь нас хамаарч байгаа. Та ковидоор өвдөж болно. Вакцинтай бол хүнд эрсдэлийг бууруулна. Тэгэхээр та өөрийгөө болон өрөөлийг, ар гэрийнхнээ хайрлаж хамгаалахын тулд хийж чадах хамгийн том зүйл бол вакцин хийлгэх шүү гэж хэлье.