Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн хууль тогтоомж гаргах цаашлаад ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө уулзалт зохион байгууллаа. Ковидийн үед гэр бүлийн хүчирхийллийн гаралт нэмэгдсэн. Энэ хүрээнд салбарын төлөөлөгчид цаашид энэ асуудалд хэрхэн анхаарах, ямар үйл ажиллагаа хийх талаар зөвлөлдлөө.
Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж "Ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлууд дээрээ голчлон ярилцаж байна. Хүүхэд, гэр бүлийн асуудал гэдэг бол зөвхөн гэр бүлийн байгууллагын асуудал биш. Цагдаа, эрүүл мэндийн байгууллага, шүүх, прокурор гээд олон байгууллага салбарт хамааралтай асуудал учраас салбар дундын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх асуудал их чухал байна. Түр хамгаалах байрны үйлчилгээ, нэг цэгийн үйлчилгээний төв, залуучуудын хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаа, асрамж халамжийн төвүүдийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгцээ, шаардлага бидэнд гарч ирж байгаа. Салбарын ажилтан албан хаагчид мэргэжлийн байх буюу ажлын хариуцлага, ажлын үр дүнг нэмэгдүүлэх улсын төсөвт тусгагдсан татвар төлөгчдийн хөрөнгөөр үзүүлж байгаа үйлчилгээний чанар үр дүн хүртээмжийг нэмэгдүүлэх энэ гурван зорилтын хүрээнд өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна" гэж хэллээ.
"Хөл хорионы хоёр жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн. Энэ талаар зөвлөгөө уулзалтад ирсэн газрын төлөөлөгчид "Коронавирусээс шалтгаалсан хөл хорио, дэглэмийн үед гэр бүл дэх хүүхдийн эсрэг хүчирхийлэл тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Бие махбодын хүчирхийлэл гэхээсээ сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хохирогч нар, ялангуяа хүүхдүүд голчлон байгаа. Насанд хүрэгчид, эцэг, эхчүүд архидан согтуурдаг, хэл амаар доромжилдог, айлган сүрдүүлдэг ийм байдлууд нэлээн зонхилж байна. Ер нь коронавирусийн үед хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багаар дамжсан салбар дундын үйл ажиллагааг нэлээн өргөн хүрээнд авч хэрэгжүүлсний үр дүнд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт массаараа харьцангуй буурсан. Энэ нь сайн тал мэт боловч гэр бүлийн хүчирхийллийн асуудал нуугдмал байгаа хэвээрээ. Тийм учраас ААН байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа эцэг эхийн зөвлөлүүдээр дамжуулж үүнээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслах зогсоох хамтын ажиллагааг өнгөрсөн хугацаанд ажилласан. 2022 ондоо мэргэжлийн сэтгэл зүйчдийн явуулын үйлчилгээг сум бүрт байгуулахаар төлөвлөж байна" гэж Хөвсгөл аймгийн ГБХЗХГ-ийн дарга Ч.Дашбаяр хэллээ.
Харин Дархан аймгийн ГБХЗХГ-ийн дарга А.Амгалан "Ковид цар тахлын үед үйлчилгээний байгууллагууд хаагдсан. Хаагдсантай холбогдуулаад ахуйн хүрээний архидалт ихэссэн байгаа. Энэ хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд санал авах, мөн өмнөх хүүхдийн эрх хамгааллын тухай хуульд дүгнэлт хийсэн байна. Энэ талаар бид ярилцаж үр дүнтэй хурал болох нь байна гэж ойлгож байна. Сэтгэл зүйчдийн баг гаргаад ерөнхий боловсролын сургуулиудаараа бид анги удирдсан багш нар, нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнууд эрсдэлтэй байна гэж үзэж байгаа хүүхдүүдээс эхний ээлжид сэтгэл зүйн буюу нууц тестийг авсан байгаа. Үүн дээрээс үндэслээд дараагийн буюу ямар ажил төлөвлөлт гаргахаа ярилцаж байна. Ирэх оны төлөвлөлтдөө зохицуулалт хийж ажиллах гэж байна" гэв.
Дорнод аймгийн ГБХЗХГ-ийн дарга Э.Жавхлан "Мэдээлэл технологи, нийгмийн сүлжээ хөгжиж байгаа энэ цаг үед гэмт хэргийн зөрчлийн хохирогч болсон, хохирогч болох магадлалтай байгаа хүүхдүүд маань бидэн рүү ялангуяа цахим хаягаар захидал илгээх, нэг үгээр хэлэх юм бол богино хугацаанд сэтгэл зүйн үйлчилгээ чатботоор холбогдох эсвэл 108 утсанд мэдээлэл өгөх, манай шуурхай дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөөд үүний дагуу илрүүлэлтийн асуудал нэмэгдээд явж байгаа" гэж хэлсэн юм.
Аймаг, дүүргийн 191 төлөөлөгч, холбогдох албаны хүмүүс, албан байгууллагууд хамтран оролцлоо.