Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Эрдэнэт үйлдвэр 240 сая төгрөгийн зээл авсан гэх асуудлыг талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “2019 онд Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон энэ цаг хугацаанаас хойш ямар нэгэн олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллагад нэг ч төгрөгийн зээлийн дарамтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь үүссэн байсан өр төлбөрийн асуудлыг 2019 онд бүрэн барагдуулсан. 2019, 2020, 2021 онд нэг ч зээл аваагүй. Зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй. Өөрийнхөө үйл ажиллагааны үр дүнгээр үйлдвэр маань үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явж байгаа. Энэ бол бид ТӨҮГ болохоос өмнө сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд байгаагүй санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг бүрдүүлээд ажиллаж байгаа гэж ойлгож болно. 2021 оны бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2020 оны арванхоёрдугаар сард баталж өгсөн. Энэ батлагдсан төлөвлөгөөний хүрээнд бид 230 сая ам.долларын зээл авч энэ онд хэрэгжүүлэх төсөв хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэхдээ энэ оны хувьд өнөөдрийн байдлаар бид нэг ч төгрөгийн зээл аваагүй явж байна. Дансанд 230 сая ам.доллар орж ирсэн гэдэг бол андуу, ташаа мэдээлэл. Өнөөдөр манай дээр зээлийн эх үүсвэр санхүүжилт нэг доллар, нэг төгрөг ч орж ирээгүй. Зээлтэй холбоотой нэг ч төгрөгийн зардал гаргаагүй. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Харин бид ирэх онд энэ том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд зээлийн эх үүсвэрийг судалж байна. Хөрөнгө оруулагчдыг судалж байна. Хамтран ажиллах гэрээ хэлцлүүдийг судалгааны түвшинд хийгээд явж байгаа.
Эрдэнэт үйлдвэрийг цаашдаа энэ хугацаанд тогтвортой хэрхэн үр ашигтай ажиллуулах вэ гэдэг чухал асуудал. Тиймээс энэ асуудлаа үндсэн чиглэлийнхээ хүрээнд үе шаттай хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын дүнд өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэр өөрийн нөөц боломжоороо санхүүжүүлээд ажиллаад явж байна. Ирэх онуудад хийгдэх хөрөнгө оруулалтыг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхэд бидэнд санхүүжилтийн эх үүсвэр тодорхой хэмжээгээр хэрэгтэй. Энэ бол бизнесийн зарчим. Ямар нэгэн бизнес эрхлэхэд өөрөө өөрийнхөө санхүүжилтээр бүрэн аваад явдаг ийм аж ахуйн нэгж тун ховор. Тодорхой хэмжээгээр үр ашигт зээлийн үр дүнд, үр ашигтай хөрөнгө оруулалтын үр дүнд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж үр ашгаа хүртдэг” гэдэг тайлбарыг өглөө.