СУРТАЛЧИЛГАА
Хүчирхэг хүн бүтээхийн төлөө боловсролын салбарт техник, технологи, медиа, хоол хүнс зэрэг салбаруудыг нэгэн цогц байдлаар хамтад нь хөгжүүлж байгаа “ELFverse”-ийн гүйцэтгэх захирал Б.Батжинг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Болдбатын Батжин гэдэг. Би “ELFverse”-ийн гүйцэтгэх захирал. АНУ-ын Вильямсын их сургуулийг олон улсын харилцаа, франц хэл судлалаар төгссөн. Хоёр хүүхдийн аав.
Олон нийтэд сайн танигдсан нь Томүжин академийг үүсгэн байгуулагч, багш, их сургуульд явах гэж байгаа хүүхдүүдэд тусалдаг гэсэн имиджээр их танигдсан болов уу.
АНУ-ын сургуулиудын онцлог нь бакалаврын зэргийг мэргэжил гэж үздэггүй, мэргэжилтэн гэж явдаггүй, Major буюу үндсэн сонирхол гэж явдаг. Мэргэжлийг магистр, Ph зэрэг эсвэл бакалавраа аваад ажил дээрээ хийж байгаа зүйлээрээ сонгодог. Миний мэргэжил бол энтрепренер, багш, боловсрол, технологийн салбарт ажилладаг.
-Elfverse олон охин компанитай. Олон салбар руу зэрэг орж ажиллах болсон шалтгаан нь юу байв?
Манай ELF 12 охин компани төслийн нэгдэл. Түүн дотор жишээлбэл, дөрвөн сургууль, гурван технологийн компани, нэг хоол хүнсний үйлдвэр гээд сонирхолтой төслүүдийн нэгдэл. Тэрийг бүгдийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Надад мэргэжилдээ баригдах хүсэл ерөөсөө байдаггүй. Ийм мэргэжилтэй, ингэдэг, тэгдэг гэхээсээ илүүтэйгээр юунд дуртай юм, тэр дур сонирхлоо ямар ажлаар, сектороор хийх юм гэдэг нь шал өөр. Тэр үүднээсээ 2015 онд Томүжин академийг нээсэн зорилго нь их энгийн байсан. Тэр нь юу вэ гэхээр өөрийнхөө мэддэг чаддагаараа өндөр потенциалтай хүүхдүүдэд тусалъя. Тэднийг дэлхийн топ их сургууль руу очиж, хүссэн амьдрал руу нь чиглүүлье гэж байгаа юм.
-Хэдэн сурагчийн амьдралыг өөрчилж, ямар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бэ?
Бид сүүлийн таван жилд 800-аад хүүхэдтэй ажилласан. Нийтдээ 35 сая ам.долларын тэтгэлэг монгол залуучуудад авахад нь хувь нэмрээ оруулсан. Гэхдээ дийлэнх ажлыг нь манай хүүхдүүд өөрсдөө хийдэг. Хүсэл мөрөөдөлтэй, хөдөлмөрч, зүтгэлтэй залуучууд, хүүхдүүд өөрсдөө зүтгэдэг. Ямар ч хүнийг үсдээд Харвард руу оруулдаггүй. Хүн өөрөө өөрийгөө үсдэж Харвард руу явдаг. Гэхдээ яаж үсдэх үү, хэзээ, хэр хэмжээгээр үсдэх үү гэдэг чиглүүлэг, зөвлөмжийг Томүжин академи хийдэг гэсэн үг.
-Алсын хараагаа хэрхэн тодорхойлж байгаа вэ?
Боловсролын салбарт хүмүүс орохоороо боловсролын тогтолцоог шинэчилье, боловсролыг сайжруулъя ч юм уу, гүүр больё гэдэг. Бид тийм зорилготой биш. Яагаад гэхээр гүүр больё, боловсролын тогтолцоог шинэчилье гэчхээрээ буруу юм дээрээ фокус өгөөд байгаа юм. Энэ салбар руу орж байгаа ганц л зорилго байгаа. Ухсаар байгаад эцсийн дүндээ хамгийн чухал зүйл нь хүн. Хүн нь өөрөө хөгжсөн, хүн нь өөрөө аз жаргалтай, зорилготой, хүчирхэгжсэн байвал тэр санхүүг нь босгоно, улс орныг хөгжүүлнэ, гэр бүлийг инээд хөөрөөр дүүргэнэ. Хүн гэдэг их чухал. Хүчирхэгжүүлэхийн тулд бид технологи заавал хэрэглэх хэрэгтэй. Технологи бол том хөшүүрэг. Тийм ч учраас Томүжин дижитал, Tiny, Elfhearts, TAS гээд маш олон технологийн төслүүдийг сүүлийн хоёр жил бойжуулаад босгоод зарим нь тун удахгүй олон нийтэд хүрнэ.
Боловсрол гэдэг чинь юу юм бэ гэхээр зан авир өөрчилдөг. Суралцана гэдэг чинь сонсоод хангалттай биш. Эрүүл хооллохыг мэддэг мөртлөө эрүүл хооллодоггүй бол тэр чинь суралцаагүй мэддэг л гэсэн үг. Мэдлэг гэдэг зүйл өөрөө чадвар болохгүй бол боловсрол биш байна гэж бид үзэж байгаа.
2016 онд “Улаанбаатар пасспорт”-ыг нээсэн шалтгаан их энгийн. Монгол соёлыг гадаад соёлтой нийлүүлэн шинэчилж үлдээе, түгээе. Улаанбаатар хотоор хүмүүсийг аялуулъя. Тэр нь цаашлаад яагаад маркетингийн агентлаг болсон, медиа руу орсон гэхээр энгийн. Хүн өөрөө өөрийнхөө түүхийг илэрхийлэх, хуваалцах ёстой. Монгол хүмүүс ихэнх юмыг хийхээрээ дандаа гадаадыг дуурайгаад оруулаад ирдэг. Эсвэл гадаад руу гарахаараа монголоо устгачихдаг. Гэхдээ монгол хүний онцлог хаана оршиж байна гэхээр монгол суурьтайгаараа гадаад туршлагаа нийлүүлбэл тэр инноваци гарч ирж байна гэж үзэж байгаа.
Дэлхий дээр хүн төрөлхтний зан авирыг өөрчилж байгаа салбарууд юу юм бэ. Медиа, тоглоом, хоол хүнс байна. Үүнийг сургуулийн хөтөлбөр, технологи гэдэг хөрсөн дээр нийлүүлж чадвал манай хосолсон Elfverse гээд ертөнц бүтэж байгаа юм.
-Одоо ажиллаж байгаа төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
Бид Tiny games дээрээ 1-12 дугаар анги хүртэл тоглоом боловсруулж байна. Хүүхэд тоглоом тоглонгоо 100 хүртэл тоолж чаддаг болох уу? Болно. Та нар хараад үзвэл РС тоглоом бузар, муухай гээд байдаг. Гэхдээ тоглоом тоглож байгаа хүмүүсээс тоглоомынх нь талаар асуухаар их мэдлэг, чадвар цуглуулсан байдаг. Зүгээр л энгийн Дота гэдэг тоглоом тоглохын тулд асар их хими, биологи, сансар огторгуй, түүх гээд олон зүйлийг холбосон мэдлэгтэй хүмүүс байдаг. Тэрийг яагаад бид боловсрол гээд байгаа юм.Уламжлалт ухагдахуунд ашиглаж болдоггүй юм бэ гэдэг зүйл. Орчин үед их Metaverse гэж ярьж байна. Фейсбүүк, Meta Verse, дижитал ертөнц. Metaverse руу манай хүүхдүүд хэдийнээ орсон. Дижитал ертөнцөд өөрсдийгөө бүтээгээд тоглоом тоглоод YouTube-д өөрсдийнхөө датаг өгөөд энэ ертөнцөд сэлээд амьдраад эхэлсэн. Ганц харамсалтай юм нь юу вэ гэхээр дандаа дижитал аватараа сайжруулаад байдаг. Фейсбүүк дээр олон найзтай мөртлөө бодит амьдрал дээр олон найзтай болж чадаж байна уу. Тоглоом дээрээ хөгжүүлж байгаа дүр чинь бодит амьдрал дээр үр өгөөж өгч байна уу гэдэг асуулт байгаа. Өгөхгүй байна гэж үзэж байгаа. Бид үүнийг эсрэгээр нь хэрэглье. Эерэгээр өөрчлөх буюу хуучны ойлголтоор боловсрол гээд байгаа зүйлд чинь ашиглаж болохгүй юм уу гэдэгт бид “Болно” гэж хариулж байгаа.
Нөгөө талаас бид Elfhearts, Tiny, Томүжин дижитал гээд технологийн компаниудаараа хүний нөөц, хүн амьдралынхаа бараг 70-80 хувийг ажиллаж өнгөрөөдөг. Ажил дээрээ аз жаргалгүй бол амьдрал өөрөө утгагүй. Ажил дээрээ хүн аз жаргалыг яаж авдаг вэ гэхээр өндөр цалингаар биш. Яг үнэндээ үнэлэмжээр, хамт олонтой байгаагаараа хамт олноороо үнэлүүлж байгаа гэдэг энэ хоёр зүйл хүнийг их тэжээж байдаг.
Боловсролыг хуучинсаг ойлголтоор ойлговол хэрэггүй юм шиг салбарууд. Гэхдээ хүн гэдэг амьтныг аз жаргалтай хүчирхэг амьдруулъя гэвэл зайлшгүй хэрэгтэй салбарууд руу зэрэг ороод сүүлийн зургаан жил хөрсөө тавьсан гэж харж байна.
Elf-ийн зорилго их энгийн. Олон бизнес хийх, их ашиг олохдоо биш. Бид нийгэмд ээлтэй бизнес хийх, бидний зорилго бол хүнийг хүчирхэгжүүлэх юм. Дэлхийн нэг хувь нь авах боломжтой байдаг элит боловсролыг хүн бүрд хүргэж болно. Технологи дээр суурилан боловсролыг тэгш хүртээмжтэй түгээх алсын хараатай ажиллаж байна.