УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн болбол шүүхийн туслах, захиргааны ажилтнуудын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах чиглэлээр ямар ажил хийх талаар асуулаа.
Тэрбээр: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг ажлын хэсэг шалгаруулаад, Байнгын хороогоор сонсгол хийгээд одоо УИХ-ын танхимд орж ирж байна. Яг энэ шүүхийн шинэчилсэн хуулийн дагуу мерит зарчмаараа долоон сарын хугацаанд нээлттэй, ил тод шалгаруулаад дандаа эмэгтэйчүүд гарч ирсэнд маш их баяртай байна. Улс төр ороогүй, мерит зарчмаараа шалгаад ирэхээр эмэгтэйчүүд гарч ирж байна. Эмэгтэй УИХ-ын гишүүний хувьд баяртай байгаагаа хэлмээр байна.
2020 оны шүүхийн статистикаас үзэхэд жилдээ 90 орчим мянган хэрэг маргаан шүүхээр орж шийдэгддэг юм байна. Нэг маргааны ард одоо хоёр тал байгаа гэж хамгийн багаар бодоход л 200 мянга гаруй иргэн шүүхээр үйлчлүүлж байна гэсэн үг. Энэ шүүхийн үйлчилгээ чанартай байх нь мэдээж. Эхний ээлжид одоо шүүхийн шударга байдал, шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй, чанартай байдал зэргээс хамаарна. Гэхдээ үүний зэрэгцээ яг ард иргэдтэй нүүр тулж ажиллаж байгаа шүүгчийн туслах, захиргааны ажилтнуудын харилцаа, үйлчилгээнээс шүүхийн үйлчилгээний нэр хүнд, чанар хамаарна гэж бодож байгаа. Тэгэхээр яг энэ туслах, захиргааны ажилтнуудын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрвээ та одоо ШЕЗ-ийн гишүүн болбол ямар ажил хийх вэ. Ямар санаачилгууд гаргах вэ гэдэг асуулт байна аа?
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүний нэгээр шалгарсан хуульч Н.Отгончимэг
Монгол Улсад 520 гаруй шүүгч ажиллаж байгаа. Тэдний ард туслах чиг үүрэгтэй ажлыг шүүгчийн туслах болон нарийн бичгийн дарга нар хийдэг. Ойролцоогоор 1400 орчим ажилтнууд байдаг юм билээ Монгол Улсын хэмжээнд. Энэ хүмүүс үндсэндээ яг шүүхээр үйлчлээд, ирж байгаа хүмүүстэй нүүр тулан өдөр тутам харьцаж ажилладаг. Учир нь шүүгч нар хуулиараа хэргийн оролцогчийн аль нэг талтай бол дангаараа уулзахыг хориглодог. Тэр утгаараа хязгаарлагдмал байгаа. Тэгэхээр одоо шүүхийн нүүр царай үндсэндээ энэ хэдэн одоо ажилтнуудаас хамаарч байгаа юм. Цаашид шүүхийн үйлчилгээний чанарыг бол сайжруулахад энэ хүмүүсийн үйл ажиллагааг чанаржуулаад, магадгүй зарим үйл ажиллагааг нь жишиг байдлаар стандартжуулах. Бид шүүгчийн сургалтад маш их анхаарал хандуулдаг. Яг түүнтэй адилхан захиргааны ажилтнуудын сургалтад мөн анхаарал хандуулах ёстой юм билээ. Практикийн шинжтэй сургалтуудыг тогтмолжуулаад хөтөлбөржүүлээд явах ёстой гэж би үзэж байна.