Хөгжлийн бэршээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг, үсчин болохыг хүсэж буй тэргэнцэртэй залуугаар төлөөлүүлэн бүтээсэн “Шат” богино хэмжээний кино Оскарт өрсөлдөх эрхтэй болжээ. Бид “Шат” киноны найруулагч П.Золжаргалтай уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
-“Шат” богино хэмжээний киног хэр хугацаанд бүтсэн бэ?
-Энэхүү киног Монголын урлагийн зөвлөл, Австралийн “Бас Стоп” Филмстэй хамтарч бүтээсэн. Бас Стоп ТББ нь Австралийн кино урлагийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжиж, сүүлийн 10 жил кино хийж байгаа. Австралийн иргэн Рожер Перри,“Бас Стоп” фильмсийг Монголын урлагийн зөвлөлд танилцуулж өгснөөр Монголд “Шат” кино бүтээх боломжийг бий болгосон. Киногоо хийхээр 2017 оноос ярьж эхэлсэн юм. Ингэж явсаар 2019 онд 18 оюуны хөгжлийн ялгаатай залууг сонгож, кино бүтээх бүх үйл явцыг жилийн турш зааж өгсөн. Богино хэмжээний киногоо 2019 оны 10 сард бүтээсэн байгаа.
-Кино зохиолыг хэрхэн бичсэн бэ?
-Монголын урлагийн зөвлөлөөс богино хэмжээний киног хийхийн тулд олон нийтэд нээлттэй уралдаан зарласан. Үүнд н.Эрдэнэхангай гэх залуугийн санаа шалгарч, уран бүтээлчид хамтран зохиол дээр ажилласан юм. Зохиолч Т.Номин-Эрдэнэ болон миний бие, мөн Австрали продюсер Женевив Клэй Сми хамтарч зохиолыг бичсэн гэсэн үг. Кино үсчин болохыг хүсдэг хөгжлийн бэрхшээлтэй залуугийн хүсэл мөрөөдөл, түүнийг дэмжиж байгаа гэр бүлийн халуун дулаан хайрыг харуулсан .
-Кино дүрийн сонголтыг хэрхэн хийв?
-Бид кинондоо мэргэжлийн жүжигчин гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй хүн тоглуулахыг хүссэн. Учир нь илүү бодитой үнэн байлгахбн тулд шүү дээ. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны фэйсбүүк групп дээр дүр шалгаруулах зар тавьж байлаа. Киноны гол дүрийн залуу болох Б.Даваасүрэн бидэнтэй холбогдож уулзсанаар дахин хүн хайх шаардлагагүй болсон. Учир нь тэр, яг л миний хайж байсан хүн. Их дайчин, өөдрөг, идэвхтэй залуу.
Гол дүрийн залуугийн дүүгийн дүрд Б.Эгшиглэнг тоглуулсан. Түүний хувьд драмын дугуйланд явдаг. Нийгэмд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа асуудалд эмзэглэдэг охин байсан. Түүний сэтгэл нь зовниж байгаа нь дүр өгөх том шалтгаан болсон. Бусад хүүхдүүдээ Баянхошууны сургууль дээр очоод кинонд тоглох сонирхолтой охид байна уу гээд хоёр, гурван минутын проб хийгээд л сонгосон. Кинонд маань тоглосон аавын дүрд манай сургалтад хамаарагдсан оюуны хөгжлийн ялгаатай, эцэг эхчүүдийн холбоонд байдаг хүн байгаа. Нэг жүжигчнээс бусад нь ихэвчлэн мэргэжлийн бус кинонд тоглож үзээгүй хүмүүс.
-Гаднын уран бүтээлчидтэй хамтран ажилласан гэсэн шүү дээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Бас Стоп ТББ-аас гурван баг ирсэн. Продюсер, зохиолч Женевив Клэй Сми , ассисент продюсер Сара Жэйн Жонсон , кино зураглаач Лизз Вернон зэрэг Австрали эмэгтэй ирж ажилласан. Киноны маань пост продакшныг 100 хувь Австралид хийсэн байгаа.
-Саяхан Чикагогийн олон улсын кино наадмын тэргүүн байрыг “Шат” кино хүртлээ. Өөр олон улсын фестивалиудад оролцсон уу?
-Кино маань Монголд, Улаанбаатар олон улсын кино наадмаар нээлтээ хийсэн. Олон нийтэд үзэж болохоор одоохондоо тавигдаагүй. Яагаад гэвэл кино маань олон улсын фестивалиудад оролцож байгаа. Бид сая Чикагогийн олон улсын кино наадмын тэргүүн байрыг авахаасаа өмнө хэд хэдэн кино наадмуудад оролцож шагнал хүртсэн. Жишээ нь Японд болдог Шортшортс & Ази Кино Наадам, Биожэн нэрэмжит шагнал авсан. Энэ шагнал нь боломжгүй зүйлийг боломжтой болгосон кинонд олгодог шагнал юм. Үүнээс өмнө Америкийн Оскарт итгэмжлэгдсэн Синэкүэст кино наадмаас шилдэг гэр бүлийн богино киноны шагналыг авсан.
-Оскарын кино наадмын богино хэмжээний төрөлд өрсөлдөх эрхээ авсан гэсэн. Хэрхэн өрсөлдөх эрхээ авсан бэ?
-Шат киноны үргэлжлэх хугацаа 12 минут. Оскарын шагналд өрсөлдөхийн тулд хэд хэдэн фестивалиудын тэргүүн байрыг авсан байр ёстой. Үүнд 120 гаруй итгэмжлэгдсэн кино наадмууд байдаг. Тэдний нэг болох Чикагогийн хүүхдийн кино наадамд тэргүүн байр эзэлснээр 2022 оны 94 дэх удаагийн Оскарын кино наадамд оролцох эрхтэй боллоо. Тэгэхээр богино хэмжээний кино болгон Оскарт оролцох эрх аваад байдаггүй. Дээр дурдсанчлан итгэмжлэгдсэн олон улсын фестивальд тэргүүн байр эзлэх мөн Америкт кино театрт гарсан байх ёстой зэрэг шаардлага байдаг. Эрхээ авсан ч гэсэн Оскарын наадамд маш олон кино оролцдог учраас тав, зургаан номинате шалгаруулдаг. Үүний тулд академийн гишүүд, кинонд саналаа өгдөг. Үүний дараагаар арав гаруй кино шалгарч академийн гишүүдийн санал хураалтаас шалтгаалан 5-6 кино номинатед шалгарч нэр дэвших эрхтэй болдог. Тиймээс бид номинатид шалгарахын тулд сурталчилгаагаа сайн хийж академийн гишүүдэд таниулах хэрэгтэй. Тэр завгүй хүмүүсийн сонорт хүрч байж саналаа өгөх байх. Үүний тулд манай урлагийн зөвлөл болон Австралийн Бас Стоп филмын хамт олон сурталчилгаа, контентийн үйл ажиллагаагаа дээрээ ажиллаж эхэлж байна.
-Та кино найруулагчаар яагаад суралцахаар болсон бэ?
-Шинэ монгол сургуульд элсэж ороход, драмын дугуйлан гэж байсан. Драмын дугуйланд явахад үнэхээр сайхан санагдсан юм. Тэгээд гадагшаа киноны сургуульд явахыг их хүсдэг байв. Тэгсэн намайг төгсдөг жил Шинэ монгол сургууль Японы обирины их сургуультай хамтарч, жил болгон хоёр хүүхэд 100 хувийн тэтгэлэгтэйгээр сургах хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэр сургууль нь кино урлагийн ангитай. Би кино найруулагч болмоор байсан учир ярилцлага өгөөд хоёр хүүхдийн нэгээр тэтгэлэгт тэнцэж Обериний их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгсөж ирсэн.
-Таныг дараагийн бүтээлээ хийж эхэлж байгаа гэж сонссон. Дараагийн кино нь мөн богино хэмжээний кино юу?
-“Шат” кино бол миний хоёр дахь богино хэмжээний кино. Киногоо хийснээс хойш мөн“Шар автобус” гээд богино хэмжээний кино хийсэн. Харин одоо анхны бүрэн хэмжээний 90 минутын кино төсөл дээрээ ажиллаж байна. Энэ нь хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн. Агаарын бохирдлын асуудлыг хөндсөн уран сайхны кино байгаа. Киноныхоо зураг авалтыг он гараад хоёр сард хийхээр төлөвлөж байна. Киног маань Щвейцарын хөгжлийн агентлаг дэмжиж Лантуун дохио төрийн бус байгууллагатай хамтарч хийж байгаа. Мөн ивээн тэтгэгчээр “Хай пай” Монголын финтек групп ажиллаж байна. Үлдсэн хөрөнгө оруулалтаа хайж байгаа. Удахгүй дүрийн сонгон шалгаруулалтаа зарлана.
-Одоо хийхээр төлөвлөж байгаа бүрэн хэмжээний кино нь ямар утгатай вэ?
-Баавгай болохсон гэдэг нэртэй хүүхдийн эрх, агаарын бохирдлыг асуудлыг хөндсөн уран сайхны кино. Хүйтэн өвлийг баавгай шиг ичээд давчих юм сан гэсэн хүүхдийн хүсэл гэх юм уу. Яагаад энэ нэрийг өгсөн бэ гэхээр агаарын бохирдлын асуудлаар утааг устгая гээд хүмүүс жагсаж байсан. Гэхдээ яг үнэндээ гэр хороололд хүмүүс бусдыг хохироох гэж биш дулаан хонох гэж л нүүрс түлдэг. Тэгээд аюултай нүүр тулахгүйгээр энэ өвлийг баавгай шиг ичээд өнгөрөөчих юмсан гэсэн хүүхдийн хүсэл.
-Та хэзээнээс энэ киноныхоо зохиолыг бичиж эхэлсэн бэ?
-Би 2017 оноос хойш энэ кино төсөл дээр ажиллаж байна. Киноныхоо зохиолын хөгжүүлэлтээ хийж байтал 2020 онд Ковид гарч бүгдээрээ баавгай мэт ичсэн юм шиг санагдсан. Одоо хийх гээд явж байна. Сонсогдох шаардлагатай, дуу хоолой нь хүрэхгүй байгаа тэр хүмүүсийн дуу хоолойг нийгэмд хүргэмээр санагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийх хүсэлтэй, ажил хийж чадна. Гэтэл ийм шат гэдэг нэг ийм жижигхэн асуудал автобусанд, орох гарах бүх газарт нь байдаг. Ийм жижигхэн шалтгаанаас зогсоод байна гэдгийг нийгэмд хэлмээр санагдсан. Манай улсад ядуурлын тойрог бий болчихсон. Энэ ядуурлын тойргоос биднийг сайн боловсрол л гаргана. Гэтэд бид утаатай, хүчирхийлэлтэй тэмцээд байдаг. Миний хувьд эд нар бол өвчний шинж тэмдэг шиг санагддаг. Үндсэн вирус нь ядуурал гэдэг зүйл байгаад байдаг. Гэтэл ядуурлаас гарахын тулд гарах гарц нь юу вэ? гэвэл чанартай боловсрол.
-Тэгэхээр гол санаа нь хүүхдийн эрхийн асуудал юм байна тийм үү?
-Чанартай боловсрол тэгш хүртээмжтэй олдож байгаа юу гэвэл үгүй. Сая хөл хориотой хоёр жилийн хугацаанд чанартай боловсрол олгох боломж хүн бүрт тэгш байсангүй. Боловсролын ялгаа ангалын хэмжээнд хүрчхээд байна. Хотын захад цахимаар хичээл орно гэдэг бол зарим хүүхдэд тэгш боломж өгөхгүй байгаагийн жишээ. Тэр хүүхдүүдийн өмнөөс би орилмоор байна. Хүүхдүүдэд сурах потенциал, мөрөөдөл байна. Тэгэхээр тэдний өмнөөс дуугарах хэн нэгэн хүн хэрэгтэй. Тийм дур булаам сэдэв биш учраас хүн болгон мөнгө өгч очиж үзэх хүсэл төрөхгүй, байсан ч хамаагүй. Энэ дуу хоолойг хүргэх хэрэгтэй. Энэ асуудлыг хөндөх хэрэгтэй. Бүр нүдээ аниад зугтмаар байсан ч, яримаар байгаа учраас энэ сэдвүүдийг сонгож аваад эхэлмээр байгаа юм. Шалтгаан нь ердөө л энэ.