Орон нутгийн иргэд эмчилгээ хийлгэхээр хотод ирэхэд маш их зардал гардаг. Хүн хамгийн ойр газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг байх нь хүний үндсэн эрх хэмээн боддог гэж хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин хэлсэн. Тэрбээр орон нутагт хавдрын мэс засал эмчилгээг нутагшуулах зорилготой гэр бүлээрээ Хөвсгөл аймгийг зорьсон юм.
Та хавдрын эмчээр хэр удаан ажиллаж байна вэ?
Миний бие мэс заслын нарийн мэргэжил олгох резидентийн сургалтаа ХСҮТ дээр хийж төгссөн бөгөөд 2016 оноос хойш хавдрын мэс заслын эмчээр ажиллаж байна.
Хавдрын эмчээр ажиллаж байх үед таны анзаарсан зүйл юу вэ? Хүмүүс хавдраас сэргийлэх бүрэн боломжтой юу?
Хорт хавдар нь олон хүчин зүйлийн шалтгаант өвчин юм. Үүнд удамшлын, гадаад орчны, халдварын зэрэг олон эрсдэлт хүчин зүйл бий. Энэхүү өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсээс татгалзсанаар хавдар үүсэх эрсдлийг бууруулах боломжтой. Хавдар бүр дээр эдгээр эрсдэлт хүчин зүйлс өөр өөр байдаг. Сүүлийн үед хавдар өвчинг генетикийн өвчин гэж үзэх хандлага өргөн дэлгэр болж байна. Хүн бүрд төрөлхийн өгөгдөл, ямар өвчнөөр өвдөх эрсдэл нь ДНХ-дээ кодлогдоостой байдаг гэсэн үг. Үүнийг удмын бэлэн байдал гэнэ. Иймд хавдраас урьдчилан сэргийлнэ гэдэг нь их өргөн хүрээтэй асуудал юм.
Хүн өөрийн зүгээс тамхины хэрэглээ, илүүдэл жин, буруу хооллолт зэрэг сэргийлж чадах эрсдэлт хүчин зүйлс буруу дадлаасаа татгалзах хэрэгтэй.
Хавдар гэдэг өвчний талаар хүмүүст ойлголт өгөх үүднээс тайлбарлаж хэлбэл?
Хавдар гэдэг нь хүний биеийн өөрийн эсийн замбараагүй хуваагдал өсөлт үржилт юм. Хорт хавдар өвчин эхэлж байхдаа төдийгүй заримдаа хүнд шатанд ортлоо ямар нэг зовуурь өгөхгүй байх нь элбэг. Өвчин эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх магадлал өндөр байна. Иймд хорт хавдрын аюулаас сэргийлэх хамгийн чухал алхам бол жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орж хэвших явдал юм.
“Хавдартай тэмцэх хамгийн чухал алхам бол зорилтот насны хүмүүс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орох”
Манай улсад ямар хавдраар хүмүүс голчлон өвдөж байгаа вэ?
Монгол улсад элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдрын өвчлөл тэргүүлэх байранд ордог.
Хавдар сүүлийн үед залуужиж байна гэж хүмүүс их ярих болсон. Интернет хөгжөөд хүмүүс мэдээлэл авч түлхүү мэдээд байна уу эсвэл үнэхээр залуужаад байна уу?
Ийм мэдээллийг бодитой мэдээ статистикт үндэслэн хэлэх хэрэгтэй. Урьд цагт өвчний ялган оношлогооны чадамж муу, бүртгэл мэдээллийн систем хөгжил сул зэрэг байсныг үгүйсгэх аргагүй. Иймээс яг баттай мэдээлэл хэлэх арга алга байна.
Урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг хамгийн чухал байх хүмүүст энэ тал дээр та зөвлөгөө өгвөл?
Хавдартай тэмцэх хамгийн чухал алхам бол зорилтот насны хүмүүс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орох асуудал юм гэж би дээр дурдсан. Хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлж эмчлэх, хавдрын урьтал эмгэг өөрчлөлтийг илрүүлэн хянах нь маш чухал. Жирийн иргэд хавдар маш их зовууртай, өвдөлттэй өвчин байх л гэж буруу боддог. Маш хожуу шатандаа оношлогдсон хүмүүсээс яагаад эмнэлэгт үзүүлэхгүй ингэж удсаныг нь асуухад өвдөөгүй шүү дээ гэсэн л хариу өгөх нь элбэг байдаг. Арга ч үгүй. Иймээс бидний мэдэх ёстой хамгийн чухал зүйл бол хорт хавдар гэлтгүй дийлэнх архаг өвчнүүд тэр болгон зовуур өгдөггүй, өвдөлтгүй байна гэдэг нь цоо эрүүл байна гэсэн үг биш юм аа гэдгийг ухаан ойлгох явдал юм.
Хөвсгөлд очиж ажиллах шийдвэр гаргахдаа хэрхэн шийдсэн бэ? Дотроо явна даа гэж бодож байгаад явахаар шийдсэн үү? Эсвэл гэнэтийн шийдвэр байсан уу?
Орон нутагт хавдрын мэс засал эмчилгээг нутагшуулах, үүнийгээ дагаад мэс заслын ерөнхий төвшинг дараагийн төвшинд аваачих юмсан гэсэн бодлыг олон жил тээж ирсэн. Иймээс Хөвсгөл явах нь гэнэтийн шийдвэр байгаагүй гэж хэлж болно. Гэхдээ 2020 онд Японы засгийн газрын тэтгэлэг авч Докторын сургалтад явах болж энэ бодлоо түр хаяхад хүрсэн. Гэтэл энэ зун Хөвсгөл аймгийн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал эмч надтай холбогдож энэ ажлыг зориглон хийх санал тавьсан тул Япон явах ажлаа түр хойшлуулаад Хөвсгөлд ирлээ.
Хүмүүсийн хувьд ялангуяа өвчтэй хүмүүс хотод ирж байхад маш их зардал гардаг. Тэгэхээр таны хувьд тэр хүмүүст ихээхэн тус болох шийдвэрийг гаргасан гэж харж байна?
Яг тийм. Олон зуун км алсаас хотод ирж хэдэн сараар байршиж эмчилгээ оношилгоо хийлгэнэ гэдэг нь орон нутгийн хүмүүст маш их зардал. Иймээс элбэг тохиолддог хавдрын эмчилгээг орон нутагт нь хийдэг бодвол эдийн засгийн маш их үр өгөөж гарна. Монголчууд бид орон нутгаар аялж хүн үзээд өвчин илрүүлээд хотод авч ирж эмчилдэг зөндөө л хөтөлбөр өмнө нь хэрэгжүүлж байсан. Гэтэл энэ бол бодит үр дүн биш, нэг удаагийн л явдал байдаг. Нутагтаа нутагшиж үлдсэн юм юу ч байдаггүй санагддаг. Харин орон нутгийн эмнэлэгт нь энэ үйлчилгээг нутагшуулах ажил нь алсдаа маш их үр өгөөжтэй. Бидний хийж буй ажлын үр дүн алсдаа маш сайн сайхан зүйлсийг авч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Хөвсгөл яваад багагүй хугацаа өнгөрлөө нөхцөл байдлыг дүгнэж хэлбэл?
Хөвсгөл аймгийн хувьд хавдрын өвчлөл ихтэй газар байна. Хамгийн гол нь орон нутагт хорт хавдар гэдэг оношоо сонсчхоод санхүүгийн шалтгаанаас болоод хот явж чадахгүй орон нутагтаа амьдралын эцсийн өдрөө хүлээгээд л байж байдаг маш олон хүн байдаг юм байна. Энэ нь маш хэцүү санагдлаа. Эмчлүүлэгчид хот явахгүйгээр, нэг ч төгрөгийн зардал чирэгдэлгүйгээр хавдрын мэс засал эмчилгээгээ нутагтаа хийлгэж эхэлсэндээ маш их баяртай байна лээ.
Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхгүй бол бас болохгүй нь. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3-р тогтоол гарч эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон нь маш том шийдвэр байсан. Энэ шийдвэр нь 3-р шатлалд хийгддэг нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагт хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.
“Хүн өөрт ойрхон цэгээс, чанартай хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах нь хүний үндсэн эрх гэж би боддог”
Мэс заслын хавдрын эмч очсонд нутгийн иргэд таатай хүлээж авсан байх. Очоод шууд л ажилдаа оров уу?
Тэгэлгүй яахав. Шууд ажилдаа орсон. Ирээд 14 мэс засал хийгээд байна.
Ер нь эмч нарын мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлж сурах бололцоогоор хангаж байх ёстой юм шигээ. Орон нутгийн эмч нарт ийм боломж хэр их олддог бол?
Орон нутгийн эмч нар туйлын завгүй шаргуу ажилладаг хүмүүс байдаг. Боловсон хүчний тоо бага байдаг, ачаалал их гээд тодорхой асуудлууд бий. Иймээс бид хотоос орон нутагт нарийн мэргэжлийн эмч нарыг аваачиж суурьшуулж, ажиллах орчноор хангах, мөн орон нутгийн эмч нарыг гадаад орнуудад мэргэжил дээшлүүлэх боломжоор хангахаар ажиллаж байна. Миний араас цээжний хөндийн мэс засалч Л.Хануй гээд эмч найз маань араас ирсэн. Удахгүй Хөвсгөлд хотоос эмч гэр бүлүүд ирж эхэлнэ.
Таны хувьд цаашид ажил амьдрал дээрээ юу хийхээр зорьж төлөвлөж байна вэ?
Хүн өөрт ойрхон цэгээс, чанартай хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах нь хүний үндсэн эрх гэж би боддог. Иймд ер нь миний, манай хамтран ажиллагч нөхдийн алсын зорилго бол орон нутагт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нутагшуулах, боловсон хүчнээр хангах, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах явдал болно. Мөн мэдээж докторын зэрэг хамгаалахаар Япон явах байх гэж бодож байна даа.