УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлаар Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-2022 оны төсөв маш их алдагдалтай төсөв батлах гэж байна. Үүнээс гадна эдийн засгаа тэлэх, орлого олох ямар нэг нааштай зүйл байхгүй байна. Музей, урлан барих гэх мэт шаардлагагүй зүйл олон байгаа. Зураг төсөвгүй төсөв төсөл ч бий. Инфляц хоёр оронтой тоонд орсон энэ цаг үед хүнээ бодсон тэтгэвэр, цалин нэмэх юу ч байхгүй төсөв болсон учраас үүнийгээ сайжруулж, татаж ав гэсэн байдлаар бид санал нийлэхгүй завсарлага авахаар болсон.
Оюутолгой дээр нэмэхэд зэсийн үйлдвэр байгуулах, мөн далд уурхай хэзээ орох тухай бүх юм тодорхой биш байгаа юм билээ. Тиймээс хойшлуулсан байдалтай байна. Хамгийн гол нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг Рио Тинто яаж хүлээж авч байгаа, зарим нэгийг нь хүлээн зөвшөөрч буй, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн асуудал байгаа. Юуг зөвшөөрч байгааг хариу хэлэхгүй байгаа юм билээ.
Өнөөдөр Оюу толгойн ТУЗ-д ажиллаж буй Монголын гурван гишүүн жилдээ 100 мянган ам.долларын цалинтай юм билээ. Энэ нь манай мөнгөөр 280 сая төгрөг гэсэн үг. Оюу толгойн гэрээ яригдаж буй энэ үетэй хамааруулаад бид бүхэн Засгийн газраас маш том үр дүн хүлээж байгаа. Энэ хүлээлтийг биелүүлнэ гэсэн итгэл найдвар байгаа.
Мөн Эрээний боомт хэзээ ажиллахыг БНХАУ-ын элчин сайдаас тодруулсан. “Ер нь Монгол Улс хэвийн ажиллаад, хил гаальдаа тодорхой хэмжээнд халдвараа бариад гарч буй лабораторийн шинжилгээ нь манай шинжилгээтэй давхах юм бол бид бүхэн 21 хоногийн дотор хилээ нээнэ. Бусад улс орнуудтай адилхан дүрэм журмыг барьж байгаа. Гэхдээ тусгайлан таатайгаар ажиллахыг хичээж ажиллаж буй” гэж Элчин сайд ярьсан.
-УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Оюу толгойн асуудалд АН гэрээг сайжруулах тал дээр дэмжиж байгаа. Ажлын хэсгийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин нөгөө талаас улс төржөөд хэвлэлээр бүх бурууг АН-ын гишүүд хийсэн юм шиг нялзааж болохгүйг тоо баримттай хэлсэн. Санаж байгаа бол 2015 онд бүх түүхий эдийн үнэ унасан үед далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлье, үл ойлголцсон асуудлыг нэг талд нь гаргая гэсэн улс орноо бодсон зорилгоор гэрээ хийгдэж байсан. Гэрээнд алдаа оноотой зүйл бий. Жишээ нь хөрөнгө орууллатан зардлаас 6 хувь, үйл ажиллагааны зардлаас 3 хувиар тооцож авч байсан нь буруу гэдгийг тухайн үеийн оролцогч нар хэлж 4.5 хувь болгож байсан. Нөгөө талдаа УИХ-аас батлагдсан хоёр тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээд явж байна.
Нэг чухал санал АН-аас гарсан. Юу гэвэл Оюу толгой компанийн дүрмээр ажиллуулахгүй бол улс төрийн байгууллага шиг байж болохгүй гэдгийг хэлсэн. Өнөөдөр Оюутолгойн ТУЗ-д сууж буй гурван хүн, Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Монголд сууж буй хүмүүс тусдаа ажиллаад байгаа.