УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам ипотекийн зээлийн хүүгийн асуудал дээр шүүмжлэлтэй хандан байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
Монголбанк 2020 оны аравдугаар сараас хойш орон сууцны ипотекийн зээлийн хүү 8-6 хувь болгож бууруулсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 9276 өрхөд 679.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Энэ бол түүхэндээ нэг жилд гарч байгаа хамгийн өндөр зээл юм. Гэтэл нөгөө талдаа үлд хөдлөхийн үнийн өсөлт байна. "Тэнхлэг зууч"-ийн гаргаснаар 2021 оны есдүгээр сарын байдлаар метр кв тутамдаа 15.8 хувиар орон сууцны үнэ өссөн байна. Олон улстай үүнийг харьцуулаад харах юм бол NFGH индексээр дэлхийн дундаж өсөлт нь зургаан хувь хүрэхгүй байна. Тэгэхээр бид байрны үнэ 15.8 хувиар өсөөд байхад 8 байсан ипотекийн зээлийн хүүгээ 6 болгоод ямар ч үр дүнгүй байна. Гэтэл та бүхний өгсөн энэ материал дээр хүүгээ 6 болгосноор зээлдэгчийн сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар багасч байна гэж бичсэн байна. Энэ ямар тооцоо судалгаан дээр гарч ирж байгаа юм бэ, ойлгохгүй байна. Үүнд Монголбанкны бодлогын тохируулга ерөөсөө байхгүй байна. Одоо оны төгсгөлөөр ипотекийн зээлээ татна гэж байгаа. Энэ ниргэсэн хойно нь хашхирна гэдэг зүйл болж байгаа. Үүнд ямар бодолтой байна Б.Лхагвасүрэн дарга аа.
Хоёрт, хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн хэмжээ 10.1 хувь гэсэн статистик байна. Ковидийн үед банкуудад үзүүлсэн хөнгөлөлтүүд байхгүй болохоор чанаргүй зээлийн хэмжээ хэдэн хувьд хүрэх вэ. Олон улсын байгууллагад хөндлөнгийн шинжээчид 20 хувьд хүрнэ гэж төсөөлөл гаргаж байна. Тэгэхээр дараа жил банкууд маш их хэмжээний эрсдэлийн сан байгуулах юм байна. Гэтэл зээлийн өсөлттэй 2022 онд 16.1 хувь байна гээд оруулаад иржээ. Дээрээс нь банкууд ирэх жил IPO хийнэ. Банкууд зээлээ гаргаж чадах юм уу. Иргэд гоё баланс хараад хувьцааг нь авчихдаг. Тэгсэн дараа нь банкууд зээл гаргаж чадахгүй олон чанаргүй зээлтэй ийм дүр зураг харагдаад байгаа.