Өвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан гэртээ дасгал хийхэд юунд анхаарах талаар зөвлөгөө мэдээ бэлтгэлээ. Дасгалыг тогтмол бус хийх нь эргээд жин нэмэхэд хүргэдэг байна. Иймээс зөв арга техникээр тууштай хийж байж хүссэн үр дүндээ хүрнэ. Мөн хөдөлгөөний дутагдалтай хүмүүст зориулж ямар дасгал хийх талаар "Шагай" фитнессийн багш, дасгалжуулагч Э.Болд-Эрдэнээс тодрууллаа.
"УСЫГ БАГА БАГААР УУСНААР БИЕ АЛДСАН ШИНГЭНЭЭ НӨХДӨГ"
Тэрбээр "Хүн болгон өөр учраас шууд л нэг дасгал санал болгож болохгүй. Тухайн хүнээ харж байгаад булчингийн масс, өөхний хувиас шалтгаалж өөр өөр дасгал зөвлөдөг. Ер нь хооллолт, дасгал хөдөлгөөнөө хослуулж байж үр дүн гардаг. Жишээ нь багшаас биеийн массын аль хэсгээ хасах зэргээ тодорхойлуулж асуугаагүйгээс болж гэртээ дасгал хөдөлгөөн хийгээд байгаа боловч үр дүн гарахгүй. Үр дүн гарах ч удаан гарна. Тийм учраас мэргэжлийн хүнд хандаарай гэж зөвлөе.
Өөрийнхөө дутуу булчин дээр ажиллах хэрэгтэй. Өөхний хувь ихтэй бол эхлээд өөхнийхөө хувийг багасгах хэрэгтэй. Дасгал хийгээд булгарна гэдэг нь булчин амраад бэлэн болж байна гэсэн үг. Хүн булгарсан үедээ түүнээсээ төвөгшөөгөөд хөлний дасгал хийж байснаа гарны дасгал хийх гээд байдаг. Тэгэхгүйгээр зориглоод булгарсан ч булчингаа ачааллуудаад дахиад дасгал хийчихвэл хөндүүр нь арилчихдаг. Одоо 10 хоногийн дотор эрчимтэй турчихъя гээд 10 хоног дэглэм бариад 10 хоног чөлөөтэй байхаар өмнөхөөсөө илүү таргалчихдаг. Булчин, арьс суларна, өөхний хувь нэмэгдэнэ ер нь муу үр дагавартай. Ерөөсөө яг системтэй байх хэрэгтэй. Тав хоног дэглэм бариад хоёр хоногтоо сайхан дуртай юмаа идэх ч юм уу.
Том булчин ажилладаг дасгалаа нэг нэг өдөр хийгээд, жижиг булчингууд ажилладаг дасгалаа нэг нэг өдөр хийх ёстой байдаг. Жишээ нь, цээж хийсэн бол гараа хийдэг. Нуруу хийсэн бол хэвлийгээ хийдэг эсвэл хөлөө дангаар нь хийдэг. Ингэж тус тусад нь хийдэг. Тэгэхгүй өдөр болгон бүх булчингаа ажиллуулаад байвал үр дүн гарахгүй. Усаа тогтмол бага багаар уух ёстой. Тэгж байж бие усаа нөхнө. Буруу техникээр жил хийсэн, мэргэжлийн багштай нэг сар хийсэн ер нь адилхан байдаг" гэж хэллээ.
Гурван толгойт авгай махны дасгалыг хөнгөхөн байрлалаар ор эсвэл сандал дээр нэг гараараа тулж нөгөө гартаа ундааны сав зэргийг бариад тохой хэсгээрээ дээш доош хөдөлгөнө. Энэ нь маш үр дүнтэй. Өөхөө шатаана, гараа нарийсгана.
Хөлний дасгалын хувьд хүмүүс ихэвчлэн буруу хийдэг. Суухдаа өвдөг рүүгээ их ачаалал өгдөг. Үүнээс болоод өгзөг дээр ачаалал ирдэггүй. Зөв суулт нь дээрээс өвдөгөө харахад өлмийнөөс илүү урагшаа гарах ёсгүй. Өгзөг, гуяа нэг төвшинд байрлуулж хагас суугаад буцаж босно.
Эсвэл сууж байгаад гараа дээш өргөж хойшоо сунгах дасгал байж болно. Үүнийг хоёр эсвэл нэг гараараа хийсэн ч болно. Өвдөглөж суугаад нуруугаа суллаж сунгаж өгнө. Энэ гурван дасгал байхад хуян багасна.
Нурууны ард бүсэлхий хавьцаа загасан булчин гээд урт булчин бий. Энэ булчин суларснаас болж нуруунд суулт өгөх, нурууны хазайлт үүсдэг. Ер нь энэ булчингаа чанга байлгах хэрэгтэй. Дээрээс юмнаас зүүгдэх эсвэл гэрийн нөхцөлд орон дээр хөлөө бэхэлж байгаад тонгойж энэ булчингаа доош нь суллаад буцааж дээш хөдлөх маягаар чангалах дасгал хийж байж нурууны хазайлтаас сэргийлэх боломжтой. Нэг удаа хийхдээ 12-15 давтамжтай дөрвөн оролтоор хийхэд болно" хэмээн зөвлөлөө.