Хан-Уул дүүргийн 21-р хорооны Б.Бадамсансар гүйцэтгэх захиралтай Буянт-Ухаа хоёрдугаар хорооллын 2Б СӨХ хогийг маш олон төрлөөр ялган ангилдаг. Хуучин хувцсаа иргэд хаялгүйгээр шаардлагатай хүмүүст хандивладаг, дахин ашиглагдах боложмтой цахилгаан хэрэгслийг засаж янзлаад ашиглалтад оруулах зэргээр үр дүнтэй ажилладаг аж. Харин дахивар бүтээгдэхүүн буюу цаас, шил зэргийг дахин боловсруулалтад ангилдаг юм байна.
Энэ талаар "Би анх 2020 оны дөрөвдүгээр сарын 26-нд ажлаа авч байсан. Өмнө нь 65 сая төгрөгийн өртэй байсан СӨХ-ийг хүлээж аваад өрийг нь 100 хувь барагдуулаад өнөөдрийн байдлаар 60-70 сая төгрөгийн өртөгтэй нийтийн эзэмшлийн тохижилтын ажлыг хийсэн байна. Үүнд гадна талбайд гурван төрлийн хүүхдийн саадыг шинээр бий болгосон. Хашаа хашиж хүүхдүүдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалж хашаа хашсан. Мөн маш олон төрлийн мод суулгасан.
Хогоо маш олон төрлөөр ангилдаг. Хоолны хог, хуванцар, хайрцаг, хувцас, цахилгаан бараа, ном, гутал гэж ангилдаг. Та бүхэн өмсөж байгаа хувцас, ном, гутлаа битгий хаяарай сайхан угааж цэвэрлээд СӨХ-дөө өгөөрэй. СӨХ-ийн фэйсбүүк группээрээ дамжуулан тухайн хувцас, гуталны зургийг авч тавьдаг. Хэрэгтэй нь аваарай энэ бол хандивынх, энэ бол худалдах бараа гээд эрэгтэй, эмэгтэйгээр нь ангилдаг" гэж Буянт-Ухаа 2Б СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.Бадамсансар хэллээ.
Орцныхоо дээд давхарт А, Б гэсэн хоёр танхимтай. А танхимд хандивын хувцсаа авдаг бол Б танхимд оршин суугчид бие биедээ хичээл зааж өгөх үедээ ашигладаг байна. Энэ танхимыг залуучуудын танхим гэж нэрлэсэн. Ганцаарчилсан хичээлийг хоцрогдолтой хүүхдүүдэд сургалт, англи хэлний янз бүрийн дугуйлан секц, шатар, даам, гитар хүртэл тоглох гээд долоо хоногтоо хувиараа гаргаад суралцах боломжийг нь нээж өгчээ.
Тэрбээр "Танхимаа бид хог хаягдлаар тохижуулсан. Аравхан мянган төгрөгөөр тохижуулсан. Оршин суугчид маань гэртээ байгаа хэрэггүй ширээ сандал зэргээ гаргаад тавьчихдаг. Бид засаж янзлаад, будаж өнгийг нь сэргээгээд тохижуулаад эргээгээдоршин суугчиддаа танхимаа бэлэглэсэн. Дээрээс нь өндөр настай хөгшид, хүүхдүүд маань тоглоход гэрэлтүүлэг болгож хогоо ашиглаж ундааны саваар гэрлэн ийм чимэглэл хийсэн. Орон сууцны хороололд гэрэл маш их хаягддаг. Гэрлийн суурь шатахаар сууриар нь солих шаардлага гардаг. Тиймээс хаягдал гэрлийн суурийг дахин ашиглаж эргүүлээд орцоо гоёнгоо гэрэл болгож ашиглаж байна" гэж хэллээ.
Оршин суугчид илүү гарсан барилгынхаа зүйлсийг СӨХ-дөө хандивладаг. Мөн засаад авчих боломжтой цахилгаан бараагаа хоорондоо солилцдог. Солилцохоороо үйлчилгээнийхээ талбай дээр авчирч өгдөг байна. "СӨХ-ийн ажил гэдэг нь зөвхөн оршин суугчдаас мөнгө нэхээд суугаад байдаг ажил биш. Хүний хийе гэсэн тэмүүлэл, сэтгэл байхад бүх ажлыг хийж болдог юм байна. Миний гол зорилго оршин суугчдаа тав тухтай, цэвэр цэмцгэр, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах гол зорилготой. Мөн байрныхаа хүүхдүүдэд хангалттай тоглоомын талбайтай байлгах зорилготойгоор энэ ажлыг хийж гүйцэтгэж байгаа" гэж Буянт-Ухаа 2Б СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.Бадамсансар хэлэв.
Хувцас, гутал, цахилгаан бараагаа хандивладаг бол цаас, уут, хоолны үлдэгдэл хог, шил, лаазаа хог ялган ангилалтын савандаа хийж ангилдаг байна. Гэхдээ оршин суугчид хогоо ялгаж хийсэн ачилт нь нэг байдаг. Тиймээс ангиллын машин гаргаад өгчихвөл оршин суугчид хогоо ангилахад асуудалгүй гэж бодож байна гэж ярьсан юм.